UBLife Logo
Дэлхий

Тэд бидний тухай: ОХУ Монголд ЦЦС барих гэрээг 2025 онд байгуулж болно

Тэд бидний тухай: ОХУ Монголд ЦЦС барих гэрээг 2025 онд байгуулж болно

ОХУ-ын Известия сонинд гарсан нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Москва, Улаанбаатар эрчим хүчний салбарт өөр ямар төсөл хэрэгжүүлэхээр хэлэлцэж байна вэ?

ИЗВЕСТИЯ, Елизавета Борисенко

Шинэ Хар Хорумын дэргэд бага оврын цөмийн цахилгаан станц барих гэрээг 2025 оны эхээр баталж болно гэж ОХУ-аас Монголд суугаа Элчин сайд Алексей Евсиков “Известия”-д мэдээллээ. Талууд мөн атомын эрчим хүчийг анагаах ухаан, хөдөө аж ахуйн салбарт ашиглах төслүүдийг хэлэлцэж байна гэж ЭСЯ-наас нэмж мэдээлсэн юм. Москва, Улаанбаатар өөр ямар салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх сонирхолтой байгааг Известия сонин нийтэллээ.

Эрчим хүчний салбар

Өнгөрсөн есдүгээр сард Ерөнхийлөгч В.Путин Монголд айлчлах үеэр бага оврын цөмийн цахилгаан станцыг Монголд барих талаар харилцан ойлголцолд хүрсэн. Энэ станцыг Улаанбаатараас баруун урагш 400 км зайд барихаар төлөвлөж байгаа шинэ нийслэл Хар Хорумын ойролцоо барихаар төлөвлөж байгаа юм. Хүчин чадал нь 330 МВт гэж Элчин сайд Алексей Евсиков хэллээ.

“Талууд Засгийн газар хоорондын гэрээ байгуулах төсөл боловсруулахаар тохиролцсон. Ирэх оны эхний хагаст гарын үсэг зурна гэж тооцоолж байгаа” Алексей Евсиков

“Росатом” корпорациас энэ цөмийн цахилгаан станцын төслийн техникийн зураг төсөл бараг батлагдсан гэж есдүгээр сард мэдээлж байсан. Бүрэн дуусгахын тулд байршлын үнэлгээг хийж, санхүүжилтийн эх үүсвэрээ олж, хэд хэдэн техникийн нөхцөл байдал дээр зөвшөөрөлцөж, орон нутгийн мэргэжилтнүүдийг сургах асуудал үлдсэн гэнэ.

“Энэ төсөл ОХУ, Монголын цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах хамтын ажиллагааны эхлэл болж, Монголд эдийн засгийн орчин үеийн технологийн салбарын суурийг тавина гэж итгэж байна” Алексей Евсиков

Талууд цөмийн хүчийг энх тайвны салбарт ашиглах талаар идэвхтэй хамтран ажилаж байна. Жишээ нь, 2024 оны зургаадугаар сард Улаанбаатарт “Росатом”-ын төлөөлөгчийн газар ажиллаж эхэлсэн. Тус корпорац өөрийн монгол түнш Mon-Atom-тай атомын эрчим хүчийг анагаах ухаан, хөдөө аж ахуйн салбарт ашиглах төслүүдийг хэлэлцэж байна гэж ЭСЯ мэдэгдсэн.

Үүнээс гадна Монголын байгалийн баялаг, олборлолт ихтэй өмнөд хэсэгт шинэ объект барих ажмлд ОХУ-ыг оролцуулах боломжийн талаар ярилцаж байна. Юуны өмнө нийт 1 ГВт хүчин чадалтай Таван-Толгой, Цагаан-Толгой гэсэн хоёр дулааны цахилгаан станцын төсөл байна. Мөн нийслэл Улаанбаатарт гуравдугаар ДЦС-ыг орос шинэ технологиор шинэчлэх төсөл дээр ч ажиллаж байна.

“Агаарын бохирдолгүй аж үйлдвэрлэл эрхлэхийн тулд Улаанбаатар нүүрсний цахилгаан станцуудаа шинэчлэхээс гадна “цэвэр” эрчим хүч ашиглахад их анхаарал хандуулж байна” Алексей Евсиков

Цөмийн цахилгаан станц бол Хамтын нөхөрлөлийн орнуудын ОХУ-тай харилцах гол салбар болоод байгаа. ОХУ удахгүй Киргиз, Узбекистанд бага оврын ЦЦС барих болсон. Мөн Египет, Энэтхэг, Иран, Хятад зэрэг оронд барих төсөл яригдаж байгаа.

Москвагийн их сургуулийн Ази, Африкийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Дарья Сапрынская “Цөмийн эрчим хүч бол эрчим хүчний аюулгүй байдалд чухал үүрэгтэй. Төв Азийн орнууд ч үүнийг сонирхож байна. Жишээ нь, Казахстан улс энэ талаар ард түмний санал асуулга зохион байгууллаа. Монгол улс уран зэрэг байгалийн баялагтай ч ашиглах объект өөрт нь байхгүй” гэж хэллээ.

Харин ОХУ энэ тал дээр маш их туршлагатай тул энэ салбарт хамтын ажиллагаа хөгжих болно.

Орос, Монголын эдийн засгийн харилцаа

Хоёр Ерөнхийлөгчийн есдүгээр сарын уулзалт дээр Москвагийн Ази дахь гадаад бодлогын чухал чиглэлийн нэг нь Монгол гэж В.Путин мэдэгдсэн. Энэ айлчлалын нэгэн гол үр дүн бол Бүрэн хэмжээний стратегийн түншлэлийн гэрээгээ шинэчлэн баталсан.

Владимир Путин “Монголтой хийх худалдаа эрс нэмэгдсэн. Худалдаанд евро, ам.доллар бараг ашиглахгүй байгаа. ОХУ бол Монголын гадаад эдийн засгийн гол түншүүдийн нэг. Энэ оны эхний 7 сард худалдааны хэмжээ 21 хувь нэмэгдсэн” гэж тэр үед хэлж байлаа.

Одоогийн байдлаар ОХУ Монголын гадаад худалдааны хувьд Хятадын дараа хоёрт орох түнш. Гэхдээ тэнцвэргүй зүйл байгаа нь Монгол улс манайхтай хийх худалдааны 95 хувь экспорт, 5 хувь нь импорт байгаа юм.

ОХУ Монголд ашигт малтмал, газрын тос, боловсруулсан нефтийн бүтээгдэхүүн, химийн бүтээгдэхүүн, хар төмөрлөг ба металлургийн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн, модон материал нийлүүлдэг. Манай улс Монголоос арьс шир, ноолууран бүтээгдэхүүн, хивс, түүнчлэн мах, махан бүтээгдэхүүн, малын бүтээгдэхүүн авдаг. Орос, Монголын харилцааны ирээдүйтэй салбарын нэг нь ХАА.

“Москва, Улаанбаатар хоёр эдийн засгийн үр ашигтай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хамтын ажиллагаа гэсэн маш сонирхолтой харилцаатай хэвээр байна. Монгол улс эко бүтээгдэхүүн, тухайлбал мах санал болгож байна” Дарья Сапрынская

Аялал жуулчлал, эко аялал жуулчлал, соёлын солилцоо гэсэн үйлчилгээний салбар нь Оросын зах зээлд сонирхолтой байж болох юм. Тиймээс өнөөгийн нөхцөлд хамтын ажиллагаа улам л нэмэгдэх болно.

Монголчууд Оростой харилцаагаа бэхжүүлэхээс гадна Евразийн эдийн засгийн холбооны орнуудтай хамтран ажиллах сонирхолтой. 2015 онд ЕЭЗХ-той меморандум байгуулсан анхны орон нь Монгол болсон. Одоогийн байдлаар Монгол улс ажиглагч орнуудын нэг. Гэсэн ч ОХУ-ын ОХУ-ын Байгалийн нөөцийн яамны тэргүүн, Засгийн газар хоорондын комиссын дэд дарга Александр Козлов Монголтой чөлөөт худалдааны гэрээг ирэх 12 дугаар сард байгуулна гэж мэдээлсэн.

Улаанбаатарын хувьд Евразийн эдийн засгийн холбоотой хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь түншлэлийн сүлжээг өргөжүүлэх, ОХУ-тай хийх худалдааны эргэлтийг бэхжүүлэхэд түлхэц болно. Хэрэв татвар, тарифын хязгаарлалтыг цуцалбал Монгол Улс ЕЭЗХ-ны орнуудын зах зээлд нийлүүлэх барааны хэмжээг хоёр жилийн дотор нийтдээ 200-300 сая долларт хүргэхээр тооцооллож байна гэж Монгол дахь ОХУ-ын худалдааны төлөөлөгч Максим Васильев өмнө нь “Известия” сонинд ярьж байсан.

Гадаад харилцааны сайд асан Лувсангийн Эрдэнэчулуун мөн “Известия” сонинд “Худалдааны хамтын ажиллагааг бэхжүүлэх үйл явц нь гаалийн өндөр татвараас шалтгаалж төвөгтэй байдаг. ЕЭЗХ гаалийн татварыг тэглэх нь энэ асуудлыг шийдвэрлэхэд тусална” гэж хэлж байлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.