UBLife Logo
Сэтгэл судлал

Ажлаас халшрах хам шинжтэй болсныг тань илтгэх 10 дохио

Б.Энхжин
Б.Энхжин
Ажлаас халшрах хам шинжтэй болсныг тань илтгэх 10 дохио

Өглөө сэрээд л бүх зүйл ямар ч утгагүй мэт санагдаж, ажилдаа явахаас ч дургүй тань хүрч, байнга ядарсан мэдрэмж аваад байна уу?

1. Ядарч, туйлдах

Бие махбодын болон сэтгэл санааны ядаргаа энгийн нэг ядрах мэдрэмжээс давж, туйлдаа хүрч, өдөр тутмын амьдралд тань нөлөөлж эхэлнэ. Та эрч хүчгүй болж, дасгал хөдөлгөөн хийхийг үзэн ядаж, байнга л унтаж, амрах талаар бодогдоно.

2. Нойргүйдэл

Өдөржин ядарсан мэдрэмжтэй явсан хэр нь орондоо ороод унтах гэхээр нэг л болж өгөхгүй, нойр тань хүрэхгүй байна уу? Шөнөжин хөрвөөсний эцэст арай гэж унтаад өглөө дахиад л ядарсан байдалтай сэрэх болно.

3. Бүхнийг даван туулахын тулд буруу зүйлст дурлаж эхэлнэ

Тааламжгүй, муухай мэдрэмжүүдээ даван туулахын тулд тамхи татах, архи уух гэх мэт муу зуршилтай болж эхэлнэ. Мөн хоолны дуршилгүй болох эсвэл бүр хэт их идэх, олон нийтийн харилцаанаас зайлсхийх гэх мэт шинж тэмдгүүд илэрч магадгүй юм.

4. Сэтгэл санааны тогтворгүй өөрчлөлт

Сэтгэл хөдлөлөө хянахад хэцүү болж, жижиг зүйлд ч хүчтэй хариу үйлдэл үзүүлдэг болно. Шаардлагагүй тохиолдолд уурлаж, байнга уйлж эсвэл хамт ажиллагсад, гэр бүл, найз нөхөдтэйгөө байнга маргалдаж эхэлнэ.

5. Сөрөг мэдрэмжүүд давамгайлах

Та аливаад илүү сөрөг хандлагатай болж, өөртөө эргэлзэх, шинэ зүйл эхлүүлэх, оролдохоос зайлсхийх, бусдыг хэт шүүмжлэх зэрэг гутранги хандлагаараа хүмүүсийг өөрөөсөө түлхэж байж болзошгүй.

6. Анхаарал төвлөрөл муудах

Ажлаас халшрах хам шинж нь тархины үйл ажиллагаанд ноцтой нөлөөлдөг. Та ажилдаа анхаарлаа төвлөрүүлж чадахгүй болж, бүх зүйлд төөрөлдөж, эсвэл бүр богино хугацааны ой санамж муудаж байгаагаа анзаарч магадгүй.

7. Амархан өвдөх

Ажлаас халшрах хам шинж нь бие махбодын хувьд ч илэрч болно. Та тодорхойгүй өвдөлтийг мэдэрч, ердийнхөөсөө илүү амархан өвдөж, толгой эргэх, дотор муухайрах зэрэг мэдрэмжүүдийг мэдэрч эхэлнэ.

8. Сэтгэлийн түгшүүр мэдрэх

Стресстэй холбоотой нийтлэг хариу үйлдэл байнгын түгшүүр мэдрэх билээ. Энэ үед таны зүрх хурдан цохилж, амьсгалахад хүндрэлтэй санагдаж, сандрах шинж тэмдэг илэрч болно.

9. Хайхрамжгүй байдал

“Анхедониа” гэж нэрлэдэг хайхрамжгүй байдлын шинж тэмдэг нь амьдрал, аливаа үйл ажиллагаанд сонирхол, таашаал алдагдах явдал юм. Та төрсөн өдөр, ямар нэг баярт ач холбогдол өгөхөө болих эсвэл дуртай хоббигоо ч орхиж магадгүй юм.

10. Ажлын гүйцэтгэл буурах

Дээрх бүх таагүй мэдрэмж, шинж тэмдгүүдийн эцэст та ажлаа хийх дургүй болж, энэ талаар бодох төдийд бухимдаж, ажлын гүйцэтгэл тань муудаж эхэлнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\3.1.217.66
Энэ бүх шинж тэмдэг таарч байгаа ч нэг л шинж тэмдэг зөрөөтэй санагдлаа.Яг ийм байгаа ч ажлын бүтээмжээ бууруулж болохгүй гэж өөрийгөө албадан урьд урьдахаасаа ч илүү хичээнгүй ажиллаж улам илүү ядрах болсон.