UBLife Logo
Спорт

Пеп Гуардиола: Багт маань бэртэлгүй 13 тоглогч байна. Ингээд бидний систем эвдэрчихлээ

Пеп Гуардиола: Багт маань бэртэлгүй 13 тоглогч байна. Ингээд бидний систем эвдэрчихлээ

“Манчестер Сити” клуб лхагва гарагт “Тоттенхэм” клубт 2:1-ээр хожигдож, Английн лигийн цомын төлөөх тэмцээнээс мултарлаа. Ингэснээр тэд энэ улирлыг төгсгөлд трибл дабл толилуулах боломжоо алдсан юм.

Хэдийгээр “Сити” энэ тоглолтод үндсэн багаасаа зургаахан тоглогчийг гарааны бүрэлдэхүүнд нэрлэсэн ч, бие халаалтын үеэр хамгаалагч Мануэль Аканжи бэртэв.

Бэртэлд алдсан тоглогч нь үүгээр дууссангүй, тоглолтын 63 дахь минутад жигүүрийн тоглогч Савиньо шагайгаа гэмтээж, дамнуургын тусламжтайгаар талбайд чөлөөлсөн.

Пеп Гуардиола тоглолтын дараах ярилцлагадаа хамгаалагч Рубен Диасийг ч мөн бага зэргийн бэртэлтэй байгаа гэж мэдэгдсэн юм.

Тэрбээр "Багт маань бэртэлгүй 13 тоглогч л байна. Тэгэхээр ихэнх залуус маань бэртэл гэмтлийн асуудалтай нүүр тулсан гэсэн үг. Миний хийж чадах зүйл бол яаж эдгэхийг нь л харах үлдлээ. Есөн жилийн хугацаанд бид ийм олон бэртэл гэмтэлтэй улирлыг туулж байсангүй. Ингээд бидний систем эвдэрчихлээ. Үнэхээр шүү, бид асуудалд орсон. Бод л доо, маргаашийн бэлтгэлд Эрлинг Хааланд болон хоёр хаалгач маань л оролцох боломжтой. Бидэнд ямар ч асуудалгүй гэхээр тэднээс тоглогч үлдсэнгүй” гэв.

Тэгвэл “Манчестер Сити”-гийн бэртэлтэй тоглогчдод хэр удаан хугацааны эмчилгээ шаардагдах вэ?

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Родри есдүгээр сард шөрмөсөө бэртээсэн тул энэ улирлыг бүхэлд нь өнжинө.

Довтолгооны хагас хамгаалагч Оскар Боб наймдугаар сард хөлөө бэртээсэн учир удаан хугацааны туршид эмчилгээ хийлгэх шаардлагатай. Тухайн үед Гуардиола “3-4 сар баттай талбайд гарахгүй” гэж мэдэгдээд байв.

Өнгөрсөн улиралд хагалгаанд орж, таван сар тоглоогүй Кевин де Брейне гуяны бэртэлтэй байгаа. Түүнийг эхэндээ цөөн тоглолт алгасна гэж байсан ч, өдгөө бол баримжаа хэлэх аргагүй болжээ.

Хамгаалагч Кайл Уолкер, жигүүрийн тоглогч Жереми Доку, Жек Грийлиш нар мөн л сүүлийн тоглолтуудыг өнжсөн.

Гуардиола өнгөрсөн долоо хоногт “Саутхэмптон” болон “Спарта Пра”-гийн эсрэг тоглолтод ердөө долоон тоглогчийг сэлгээний бүрэлдэхүүндээ нэрлэсэн. Тэдний хоёр нь хаалгач байв.

“Манчестер Сити” клубийн бүрэлдэхүүнд үнэхээр 13 тоглогч л үлдсэн гэж үү?

“Манчестер Сити”-гийн албан ёсны вэб сайтад байршсан тоглогчдын жагсаалтаас харахад Гуардиолагийн хэлсэн үнэн бололтой.

Мэдээж тэрээр залуучуудын багаас тоглогч нэмж дуудах боломжтой хэдий ч тэд бол үндсэн багт шинээр нэгдэх тоглогчид юм. Өдгөө тэдний бүрэлдэхүүнд ямар тоглогчид үлдэв?

Хамгаалагчаар:

Натан Аке, Рубен Диас, Жоско Гвардиол, Рико Льюис, Жон Стоунз, Жош Вилсон-Эсбранд

Хагас хамгаалагчаар:

Фил Фоден, Илкай Гундоган, Матео Ковачич, Жеймс МакАти, Матей Нунес, Бернардо Силва

Довтлогчоор:

Эрлинг Хааланд

Хэдийгээр дээрх нэрсэд 13 тоглогч дурдагдсан боловч Жош Вилсон-Эсбрандын хувьд үндсэн багийн эгнээнд дөнгөж л нэгдсэн залуу хүүхэд.

“Манчестер Сити” одоогоор Премьер лигийг тэргүүлж байгаа. Түүнчлэн Аваргуудын лигийг хожигдолгүй үргэлжлүүлж байгаа бол Лигийн цомын тэмцээнийг шигшээ 16-гийн шатнаас өндөрлүүллээ.

Гуардиола саяхны ярилцлагадаа “Хэрэв бэртэлтэй тоглогчид маань хурдан хугацаанд эдгэхгүй бол бид олон тэмцээнд хүчтэй өрсөлдөнө гэдэг бэрх санагдаж байна. Ердөө 14 эсвэл 15 тоглогчтойгоор улирлын турш тогтвортой ажиллах ямар ч боломжгүй” гэсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.