Мэргэжлийн сүмогийн их аваргуудын нэг Асашёорюүгийн үеэл дүү мэргэжлийн сүмод орох болжээ. Үеэл дүү нь Д.Дагвадоржийн төрсөн ах, Улсын начин Д.Сэржбүдээгийн хүү С.Лувсангомбо юм. Одоо 18 настай тэрээр маргааш шинэ бөхийн шалгалтад орох бөгөөд Шикорояма дэвжээг сонгожээ.
С.Лувсангомбо нь Мэйтокү сургуульд байхдаа Бүх Японы аварга шалгаруулах ахлах ангийнхны тэмцээний шилдэг 16-д багтаж байсан. Гэвч сургуулиа орхиод мэргэжлийн сүмоч болохоор шийдсэн байна. Нэг жилийн дадлагын хугацаандаа санданмэ зиндийных бөхчүүдтэй ана мана өрсөлддөг болсон гэж ояката нь ярьж байна.
Мөн маргааш ёкозүна Мүсашимарүгийн үеэл дүү Даниел Мүсашигава дэвжээнд орохоор шинэ бөхийн шалгалтад орно.
Алдарт хоёр аваргын дүү нар зэрэг сүмод орж байгаа нь шинжээчдийн анхаарлыг ихэд татаж байна.