Медиа салбарынхан, сэтгүүлчид, контент бүтээгчдийг цуглуулсан “The Media Show” арга хэмжээний үеэр Юнител групп болон “Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн Үүр” төв хамтран хэрэгжүүлж буй “Tech Journo” хөтөлбөрийг танилцууллаа. Хоёр дахь жилдээ өрнөж буй уг хөтөлбөр нь сэтгүүлчдэд технологийн салбарыг илүү ойроос таньж мэдэх, бодит шийдлүүдтэй танилцах, сэдвээ төрөлжүүлэх боломжийг олгодог.
Хөтөлбөрийн талаар “Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн Үүр” төвийн хөтөлбөр хариуцсан захирал Л.Анударь ярихдаа технологийн сэтгүүл зүйг технологийг ажилдаа ашиглахаас гадна технологийн салбарын нийгэм, эдийн засаг, хүний амьдралд үзүүлж буй нөлөөг олон нийтэд хүргэх чиглэл хэмээн тодотгов.
“Технологийн мэдлэг өнөөдөр бичиг үсгийн боловсролтой адил хүн бүрд хэрэгтэй болж байна. Технологийг ойлгож, ашиглаж чаддаг хүн боловсрол, хөдөлмөр эрхлэлт, бизнесийн хувьд илүү олон боломжийг хүртэж байгаа тул технологийн хөгжил, түүний боломж, эрсдэлийн талаар чанартай, үнэн бодит мэдээлэл хүргэх хэрэгцээ улам нэмэгдэж байна.” — Л.Анударь

Дэлхийд ч Rest of World, The Markup зэрэг хэвлэлүүд технологийн дэвшлийн цаадах нийгмийн нөлөө, хэрэглэгчдэд тулгарч буй эрсдэлийг дагнан сурвалжилж, олон нийтэд ойлгомжтой тайлбарладаг жишиг тогтоод байна.
“Tech Journo” хөтөлбөр 2025 онд анхны элсэлтээ авч, 20 сэтгүүлчийг төгсгөснөөр редакцуудын сурвалжлах өнцөг тэлж, сэтгүүлчдэд шинэ чиглэлээр ажиллах боломж нээгджээ. Харин энэ жил хөтөлбөрөө улам өргөжүүлж, сургалтаас гадна гурван хүртэлх оролцогчид технологийн сэдвээр нийтлэл, сурвалжилга бэлтгэхэд нь зориулсан редакцийн тэтгэлэг олгохоор болжээ.
Юнител группийн хувьд харилцаа холбоо, медиа, энтертайнмент, финтек, байгууллагын шийдлүүдийг холбосон дижитал экосистемийг хөгжүүлж байна. Энэ орчны өсөлтөд технологи бүтээгчид, бизнес, боловсрол, хэвлэл мэдээлэл болон олон нийтийн оролцоо чухал тул бодит мэдээлэл, туршлагыг хуваалцаж, олон нийтэд хүргэх боломжийг нэмэгдүүлэхээр “Tech Journo” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж буй аж.