Сибирийн баатар Иван Ярыгин дэвжээн дээрх ялалтаасаа гадна жинхэнэ орос эр хүний зан чанар, ёс суртахуунаараа алдаршсан эрхэм. Орост бөх бол жирийн нэг спортын төрөл биш, бөхөөс төрсөн домогт тамирчдыг нь нэрлээд дуусашгүй. Гэхдээ энэ дотор ч онцгой гялалзсан нэг бөх бий. Энэ бол Иван Ярыгин. Эх орноо сурталчилсан кино, ном зохиолын жинхэнэ баатар нь болох ёстой хүн. Сибирь нутаг шигээ өргөн уужим сэтгэлтэй, жинхэнэ эр хүн. Түүний тухай ярихдаа хүмүүс бөх гэдэг бол мэргэжил биш, амьдралын хэв маяг, энэрэнгүй сэтгэл юм гэж хэлдэг байлаа. 1997 оны энэ өдөр буюу 11 дүгээр сарын 11-нд Иван Ярыгин 48 настайдаа ослоор өөд болсон юм.
“Тэнцлээ, гэхдээ бөх мэдэхгүй юм”
Алдарт Иван Поддубныйн нэгэн адил Иван багадаа бөх барилдах талаар бодож ч байсангүй. Гэхдээ 15 настайдаа мод бэлтгэлд ажилладаг том эрчүүдтэй барилдахдаа өргөөд шидчихдэг байсан гэдэг. Гэрийнхээ долоо дахь хүүхэд нь болох Иван багаасаа л аав, ах нартаа туслан, мод бэлтгэдэг байлаа.

“Өндөр, урт гартай Ярыгин хөлбөмбөгийн маш сайн хаалгач болж чадах байлаа. Гэвч Красноярскийн дасгалжуулагч Владимир Чарков бөхийн авьяасыг нь харж таниад хувь заяаг нь өөрчилсөн юм”
Төрөлх Сизая тосгондоо Ярыгин байнга хөлбөмбөг тоглоно, өндөр тул ихэнхдээ хаалганд зогсоно. Абаканд жолооны сургуульд очсон хойноо ч тэр хөлбөмбөг тоглосоор байв. Нутгийн мах комбинатын багт байхад нь бөхийн дасгалжуулагч Чарков түүнийг олж харжээ.
Ярыгин бөх болохыг хүссэнгүй, дасгалжуулагчийн ятгалтыг эсэргүүцсээр байсан ч эцэст нь туршаад үзэхээр шийджээ. Дараалан ялагдсаар, сүүлийн байрт орох нь тэр. Ярыгиний бууж өгөх дургүй зан, бусдад өөрийгөө сул амьтан биш гэдгээ батлан харуулах хүсэл нь бөхийн спортоор хичээллэх хөшүүрэг нь болж өгчээ. Ингээд барилдаж эхэллээ. Удалгүй цэрэгт татагдав. Армид алдарт дасгалжуулагч Дмитрий Миндиашвилигийн анхаарлыг татаж, хараанд нь өртлөө. Миндиашвили “Тэнцэх юм байна, гэхдээ бөх огт мэдэхгүй юм” гээд тэр дор нь Спортын салаанд хуваарилжээ.

Мандан бадралт, уналт
Шинэ багштайгаа ажилласаар анхны амжилт удалгүй ирлээ. Ригад болсон залуучуудын улсын аваргын тэмцээнд торох зүйлгүй түрүүлж, удалгүй насанд хүрэгчдийн ЗХУ-ын аварга боллоо. Тэр үед ЗХУ-ын аварга болно гэдэг олимпын наадамд түрүүлэхээс хэцүү байв. Анхныхаа Европын АШТ-д Ярыгин өөртөө итгэлтэй, бараг ногт ганзгалаад очсон юм. Гэвч финалд Туркийн Ахмет Айикт тактикаар ялагдсан нь түүнд насан туршийнх нь сургамж болсон байна.
Мюнхен олимпын наадамд түүний хийсэн барилдаануудыг чөлөөт бөхийн түүхэн дэх шилдэг барилдаан гэж үздэг. 100 кг-ын тамирчинд баймааргүй хурдтай барилдаж, олимпын алтан медаль хүртэл бүх барилдаанд цэвэр ялахдаа ердөө 7 минут 20 секунд зарцуулсан байв. Энэ рекордыг хэн ч давтаж чадаагүй хэвээр. 1973 онд ДАШТ-д түрүүлснийхээ дараа тэр гурван том тэмцээн (Европын АШТ-1972, олимп-1972, ДАШТ-1973) дараалан бүх өрсөлдөгчөө цэвэр дарсан дэлхийд ганц бөх болоод байв. Гэнэт дэлхийн хэмжээний од болсон хүн алдар нэрээ авч явахад хэцүү байдаг. Иван бэлтгэлээ багасгаж, анхаарлаа сулруулсан бол өрсөлдөгчид нь түүнийг нэвт шувт судалж байлаа. Тэмцээнд бараг түрүүлээгүй 1974 оныг тэр замналынхаа хамгийн хар жил гэж нэрлэсэн байдаг.
“Иван ялагдал болгондоо сэтгэлээр их унадаг байсан. Хэн нэгнийг буруутгадаггүй ч гурав дахь олимпдоо явж чадаагүйдээ удаан харамссан” Наталья Ярыгина
Гэнэт Иван зодог тайллаа гэж зарлалаа. Хүмүүс уналтад орсон болохоор тэр гэж тайлбарлаж байв. Нутагтаа очоод мод бэлтгэлийн ажлаа хийж эхэллээ. Хажуугаар нь хүнд хэцүү бэлтгэл хийнэ. Красноярск хотоос Слизнёво тосгон хүртэл өдөр болгон 50 км гүйнэ. 120 удаа гар дээр суниаж, өдөр болгон олсоор авирах дасгалыг 15 дараалан хийж байв. Хурд, тэсрэлтээ сайжруулахын тулд богино зайд гүйж, 100 метрт 11 секунд гүйдэг болсон байв.
“Тосгондоо тариачин маягийн бэлтгэл хийсэн. Бараг гурван өвөл хүрэлцэх хэмжээний мод бэлтгэчихсэн байлаа” Иван Ярыгин
1974 онд Иван дахин барилдаж эхлэв. ЗХУын аварга болж, олимпын эрхээ авлаа. Монреаль олимпод тэр дахин түрүүлсэн ч 4 жилийн өмнөх шиг илт давуу байсангүй. Яагаад гэвэл хоёр хавирга нь хугарсан байлаа. 1976 оны олимпын ялалт нь түүнд нэг ч торгуульгүй, бүх барилдаандаа ялсан цорын ганц бөх гэсэн бас нэгэн түүхэн амжилт авчрав.
Ярыгин 1980 оны олимпод оролцохоор бэлтгэж байв. Гэхдээ өөрийн байраа залуу бөх Илье Матед өгсөн юм.
“Надаас өмнө нь айдаг байсан бол би одоо Матетай барилдахаас эмээдэг болжээ. Харахад булчин шөрөмс болоогүй, жирийн залуу ч дэвжээнд гарахаараа пүрш л гэсэн үг. Ган төмөр пүрш. Техник сайтай” гэж Матег магтаж байв.
Залуу бөхөд итгэл хүлээлгэсэн нь талаар өнгөрсөнгүй. Мате Москвад алтан медаль авсан. Шинэ үе төрж, улсын аваргаар ялагдсан нь Иваныг зодог тайлж, дасгалжуулагч болох шийдвэр гаргахад хүргэсэн юм.
“Барилдаж байхдаа би халзан толгой минь хүмүүст харагдаж байгаа болов уу гэж боддог болсон” гэж 32 настай Ярыгин хошигнож байлаа.

Зан чанар
Ярыгин залуу тамирчдад юм заахаас татгалзаж байсангүй, дархан мэхээ ч үзүүлж, заадаг байв. Энэ нь дасгалжуулагч нарт таалагдахгүй. Тэд “Александр Медведь залуучуудаас зайгаа барьж харьцдаг. Айлгаж, сүрдүүлэх боломжоо алддаггүй” гэж ухуулна. Харин Ярыгин тэгж чадахгүй “Яах юм бэ? Залуус юм сураг л дээ” гэж үнэн сэтгэлээсээ гайхдаг байв.
Туршлага, ур чадвараас гадна мөнгөө ч тэр хүнээс харамлаж байсангүй. 1990-өөд онд казиногоос 160 мянган ам.доллар хожоод бүгдийг нь хөршүүддээ тараагаад өгчихжээ. “Ингэж орж ирсэн мөнгө аз жаргал авчрахгүй. Хүмүүст бэлэглэх хэрэгтэй” гэж тэр хэлж байлаа.
Дасгалжуулагчийн хувьд ч Иван дэлхийн хэмжээний амжилт гаргасан. Түүхэнд хамгийн хүчирхэгт тооцогддог 1980-аад оны ЗХУ-ын шигшээг тэр бэлтгэсэн. Олимпын хошой аварга Арсен Фадзаев Сөүлийн олимпод очоод жиндээ орж чадсангүй. Ярыгин хаалга нээж болохгүй гэж сануулаад, тамирчнаа дагуулан саунад орж, хагас цагийн дараа Арсен илүү нэг ч граммгүй гарч ирж байсан гэдэг.
Ярыгинаас шавь нар нь айдаг, хүндэлдэг. Хөдөлгөөнөөр нь юу хэлэх гэж байгааг нь ойлгодог байв. Эрчүүд цуглараад сууж байхад Иван Сергеевич цээжин дээрээ гараа тавьбал тэнд байгаа хэн нэгэн буруу зүйл хийгээд байна гэсэн үг. Үүнийг ойлгосон хүн тэр дороо эрүүлждэг тул Ярыгин бяраа гаргах хэрэгцээ байсангүй. Троллейбус дотор нэгэн залууг зодож байсан хоёр аварга биетэй танхай этгээдийг Ярыгин ганц хоёр цохиод л хашрааж байлаа.

Хар зөгнөл
ЗХУ задарсны дараа Ярыгин Оросын бөхийн холбоог тэргүүллээ. Хайртай дуртай чөлөөт бөхөө хадгалан үлдэхийн тулд Ярыгин маш их хичээсэн. 1990-өөд оны тэр шилжилтийн үед бөхийн спорт дүрэмгүй зодоон шиг болоод байв. Иван байнга худал хуурмаг, урван тэрслэлттэй тулгарч, үнэнч шударга түүний хувьд анд найзуудын мэхлэлт болгон хүнд цохилт болон тусч байлаа. Гэвч Иван тэмцсээр салан тусгаарласан холбоодыг нэгтгэж чадсан юм. FILA-гийн тэргүүн Милан Эрцеган Ярыгинийг Олон улсын бөхийн холбооныхоо дараагийн ерөнхийлөгчөөр томилохоор бэлтгэж байлаа. Харамсалтай нь бүтсэнгүй.

1997 оны аравдугаар сарын 11-ний тэр нэгэн хар шөнө Ярыгин Дагестанд болсон тэмцээнээс харьж явлаа. Нефтекумскийн ойролцоо Иваны найзуудын хамт сууж явсан BMW машин 140 км/цаг хурдтайгаар нисэн, сөрөг урсгалд орж, замын хажууд зогсож байсан ачааны тэргийг мөргөжээ. Ийм эмгэнэлт явдал тохиолдоно гэдгийг нэгэн мэргэч хэлж байсан гэдэг. Үүнээс хэдэн жилийн өмнө аав, гурван ах нь мөн ослоор амиа алдаж, Иваны ослоос хоёр сарын өмнө хүү Сергей нь бас машины осолд ороод азаар амьд үлдсэн байв. Иваныг эмнэлэгт хүргэсэн ч хагас цагийн дараа амьсгал хураажээ. 48 настай байлаа.
Агуу бөх, багш Иван Ярыгин анд нөхөд, шавь, өрсөлдөгч нарынхаа сэтгэл зүрхэнд амьд хэвээр байгаа. Яагаад гэвэл тэр жинхэнэ эр хүн байлаа.
