UBLife Logo
Ерөнхийлөгч

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

Мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, монгол түмний өнө мөнхийн бахархал Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” өнөөдөр тохиож байна.

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Судар бичгийн хүрээлэнгээс эхтэй Шинжлэх ухааны академид хүртээв.

Монголчуудын эрдэм ухааныг эрхэмлэн дээдэлж, эрдэмтэн мэргэдээ хүндэтгэн ирсэн түүхэн уламжлалыг орчин цагийн шинжлэх ухааны тогтолцоотой холбон хөгжүүлж, үндэсний эрдэм судлалын чадавхыг төлөвшүүлэн, эх хэл, түүх, соёлын өвийг судлан шинжилж, олон улсад сурталчлан таниулж, эх орныхоо хөгжил дэвшилд оруулсан үнэтэй хувь нэмэр, түүхэн гавьяаг Монголын төр ийнхүү үнэллээ. Өнгөрсөн 100 гаруй жилийн хугацаанд үндэсний эрдэм судлалын залгамж чанарыг хадгалж, орчин цагийн олон салбар бүхий шинжлэх ухааны тогтолцоог бүрдүүлэхэд ШУА голлох үүрэг гүйцэтгэж ирснийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлон тэмдэглэв.

Мөн Их эзэн Чингис хаанаараа овоглох эрхэм дээд алдар хүртсэн академийн хамт олон, үе үеийн академич, эрдэмтэн судлаач нарт төр, ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэж, эрдэм бүтээлийн амжилт хүсэн ерөөлөө.

Түүнчлэн хаадын хаан Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойн мэндийг ард иргэдэд өргөн дэвшүүлэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар, улсын төсвийн 154 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд 74 мянган кв.м талбайд барьж буй Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор удахгүй нээлтээ хийх гэж байна. Одоогоор хими, физик, ботаникийн лаборатори, тусгай зориулалтын агуулах, оффис гэсэн 5 барилга ашиглалтад орсон. Цогцолборт салбар дундын нэгдсэн, төрөлжсөн лабораториуд, жишиг үйлдвэрлэлийн цех, оффис, номын сан, хурлын танхим, спорт заал, олдвор, дээж хадгалах агуулах, палеонтологи, археологи, одон орон судлалын музей байрлана.

Шинжлэх ухаан, технологи, инновац, танин мэдэхүйн төв болох энэ цогцолборт ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд болон бусад их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын 3,300 орчим эрдэмтэн судлаач, ажилтан ажиллах юм.

Энэ бүтээн байгуулалт шинжлэх ухааны салбар улам хөгжих, эрдэм шинжилгээний байгууллагуудын чадавх бэхжих, эрдэмтэн судлаачдын ажиллах орчин нөхцөл сайжрах зэрэгт томоохон түлхэц болно гэж салбарынхан үзэж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...