Арваннэгдүгээр сард Үндэстнүүдийн лигийн тэмцээнд Босни, Унгарын багуудтай тоглох Германы шигшээ бүрэлдэхүүнээ зарлалаа.
Тэдний бүрэлдэхүүнд Премьер лигийн үнэмлэхүй аварга “Манчестер Сити” клубийн хоёрдугаар хаалгач Стефан Ортега дуудагджээ.
Түүний хувьд 32 насандаа Германы шигшээ багт анх удаагаа дуудагдсан нь энэ.
2022 онд “Сити”-гийн бүрэлдэхүүнд нэгдсэн тэрбээр Премьер лигээс илүүтэй Аваргуудын лиг болон дотоодын цомын тэмцээнүүдэд клубийнхээ гараанд тоглодог.
Мэдээж Эдерсоныг эзгүйд сайн орлодог нь түүнийг “Сити” нөөц хаалгачаараа сонгосон үндсэн шалтгаан юм. Тэр тусмаа өнгөрсөн улирлын сүүлчээр “Сити”-гийн хаалгыг сайтар манасан нь Гуардиолагаас магтаал сонсоход хүргэсэн билээ.
Хэдийгээр Ортега “Сити”-д удаан хугацааг өнгөрүүлсэн боловч энэ зуурт ердөө 38 тоглолтод оролцож, 19-д нь хаалгаа хуурай манажээ.
Мануэль Нойер зодог тайлж, Марк-Андре тер Штеген бэртсэн тул Ортегад хожуу ч гэсэн өдгөө шигшээ багтаа гялалзах боломж олдож буй нь энэ.
Ортегагаас гадна Александр Нюбель, Оливер Бауманн гэсэн хаалгачийг Германы шигшээ баг бүрэлдэхүүндээ дууджээ.