UBLife Logo
Нийгэм
Хуурамч мэдээ: Итгэлцлийг хэрхэн гээсэн тухай түүхүүд

Хуурамч мэдээ: Итгэлцлийг хэрхэн гээсэн тухай түүхүүд

Өнөө үед мэдээлэл хурдтай тархаж, бидний амьдралын салшгүй хэсэг болжээ. Гэвч энэхүү мэдээллийн эринд хуурамч мэдээний тархалт сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн нь нийгэмд шинэ сорилт үүсгэж байна. Хуурамч мэдээ нь зөвхөн олон нийтийн ойлголт, итгэл үнэмшлийг өөрчлөх төдийгүй, нийгмийн тогтвортой байдалд ч нөлөөлж болдог. Гэхдээ бид хэрхэн үнэн зөв мэдээллийг ялгаж, хуурамч мэдээний хэт тархалтаас өөрсдийгөө өдөр тутамдаа хамгаалж болох вэ?

Эхлээд бүгдээрээ нэгэн энгийн сонжоо бөглөөд үзье. Та бүхэн хэдэн оноо авснаа хуваалцаарай.

Оноо:

8-10 оноо: Та хуурамч мэдээний талаар маш сайн мэдлэгтэй байна.

5-7 оноо: Та хуурамч мэдээг таних чадамжтай ч нэмж судалгаа хийхэд тохиромжтой.

0-4 оноо: Хуурамч мэдээнээс хамгаалахын тулд мэдээллийн боловсролоо сайжруулах шаардлагатай байна.


Хуурамч мэдээ мэдээлэл бидний амьдралд шинээр гарч ирсэн нэр томьёо огтхон ч биш. Эрт дээр үеэс л хүмүүс өөрийн хүслийг гүйцэлдүүлэхийн төлөө хуурамч мэдээ мэдээллийг түгээн, хүмүүсийн итгэмтгий занг ашиглаж ирсэн байдаг. Эртний жишээнүүдээс харахад худал болон төөрөгдүүлсэн мэдээллийг улс төрийн болон нийгмийн зорилгоор ашиглаж, олон нийтийн санаа бодолд нөлөөлөхийг оролдож байжээ. Хуурамч мэдээний хамгийн эртний жишээнүүдээс та бүхэнд сонирхуулъя.

1. Эртний Ром: Октавиан болон Марк Антони (МЭӨ 31 он)

Хуурамч мэдээний хамгийн эртний жишээ нь Эртний Ромоос эхтэй. Октавиан (дараа нь Августус хэмээх хаан болсон) өөрийн өрсөлдөгч Марк Антонигийн эсрэг хуурамч суртал ухуулга тарааж байв. Октавиан Антониг Клеопатрагийн нөлөөнд автсан, Ромоос урвасан буруутай үйлдлүүд хийсэн гэж буруутгасан цаасан бичиг тарааж, олон нийтийн дэмжлэгийг өөртөө татсан. Үүний үр дүнд Антони Акциумын тулалдаанд ялагдаж, Октавиан ялалт байгуулжээ.

2. Константин хааны бэлэглэлийн бичиг (8-р зуун)

Константин хааны бэлэглэлийн бичиг гэдэг нь Ромын эзэн хаан Константин I католик сүмд асар их эрх мэдэл, газар нутаг олгож буйг баталгаажуулсан гэж мэдэгдсэн хуурамч бичиг байв. Энэ бичгийг 15-р зуунд судлаач Лоренцо Валла хуурамч болохыг тогтоосон. Гэсэн хэдий ч энэ бичиг олон зууны туршид сүмийн нөлөөн дэх улс төрийн хүчийг хууль ёсны мэт харагдуулж байв.

3. Сарны агуу хууралт (1835 он)

1835 оны 8-р сард New York Sun сонин цуврал нийтлэл гаргаж, одон орон судлаачид саран дээр амьдрал, соёл иргэншил буйг олж нээсэн хэмээн мэдэгдсэн байна. Уг нийтлэлд саран дээр сарьсан багваахай шиг амьд биетүүд амьдардаг тухай болон газар нь үржил шимтэй тухай дүрслэлүүд багтсан байв. Энэ нь бүхэлдээ зохиомол мэдээлэл байсан ч олон нийтийн сонирхлыг татаж, сонины борлуулалт эрс өссөн байдаг.

4. Зионы ахмадуудын протокол (1903 он)

Энэ алдартай антисемит текст нь дэлхийг захирах еврейчүүдийн төлөвлөгөөг илчилж буй мэтээр бичигдсэн бөгөөд 20-р зууны эхээр Орост бүтээгдсэн хуурамч бичиг юм. Энэ бичгийг хуурамч болохыг баталсан ч еврейчүүдийн эсрэг үзэн ядалт, ялгаварлан гадуурхалтыг дэвэргэх зорилгоор янз бүрийн цаг үед ашиглаж байжээ.

Эдгээр эртний жишээнүүд мэдээллийг буруугаар ашиглах нь шинэ зүйл биш гэдгийг харуулж байна. Гэвч орчин үеийн технологи хуурамч мэдээний тархах хурд, цар хүрээг эрс нэмэгдүүлж байгаа нь үүнийг хянан зохицуулахад улам бүр хүндрэлтэй болгосоор байгаа юм. Түүхэн жишээнүүдийг ойлгосноор хуурамч мэдээлэлтэй тэмцэх өнөөгийн үйл ажиллагааны ач холбогдлыг илүү сайн ойлгох боломжтой билээ.

Харин одоо Монголд эрчийг авч, хүн бүрийг хуйлруулж байсан хуурамч мэдээний хэд хэдэн жишээтэй танилцацгаая.

“ДОХ”-той банана

Гадил цусан улаан өнгөтэй болж хувирах үзэгдэл гадил жимсэнд элбэг тохиолддог бөгөөд анх 2015 оны 11 сард АНУ-н Колорадо мужид амьдран суудаг нэгэн эмэгтэй гадилны зураг сошиалд оруулаад, энэ юу вэ гэж асууснаар асуудал эхэлсэн хэмээн үздэг байна. Гэхдээ үүнээс өмнө буюу 2005 оны үед интернэтээр, олон нийтийн сүлжээ, форум, зурвасаар “Жимснүүдэд ДОХ болон бусад төрлийн өвчнийг шахдаг болсон“ гэх мэдээлэл тарж, энэ цаг үеэс эхлэн тус мэдээлэл хүмүүсийн дунд үнэн гэж тооцогдсон хэвээр байж. Энэхүү шуугиан харин Монгол улсыг тойроогүй бөгөөд тухайн үедээ бүх хүн итгэж, гадил жимс идэхээ бүр болих нь холгүй юм болсон байдаг.

Монголчууд АНУ-руу визгүй зорчино

Дэлхийн томоохон агентлагуудын нэгэн адил нэр, зураг бүхий хуурамч мэдээллийн сайтууд мэдээлэл түгээснээр, түүнийг нь нягталж хараагүй хүмүүс итгэж, цааш түгээдэг болохыг харуулсан хамгийн том жишээнүүдийн нэг бол гарцаагүй “АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Монгол улсын иргэдийг 180 хүртэлх хоногийн хугацаатай АНУ-д визгүй зорчуулна“ гэх мэдээлэл байсан юм. Олон нийтийн сүлжээгээр энэ мэдээ үнэн хэмээн хэт хурдтай тархсанаас үүдэн Монгол улс дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас мэдэгдэл хийхэд хүрч байжээ.

Бурхнаар бөөлждөг эмэгтэй

Хөвсгөл аймгийн Галт сумын иргэн 21 настай В.Мөнгөнчимэг гэх эмэгтэй бурхнаар бөөлждөг тухай мэдээ нийтлэл тухайн үед олныг ангайлгаж, бас итгүүлээд авсан. Төд удалгүй энэхүү мэдээлэл худал болохыг батлах хүртэл олон ч хүн итгэж, холбогдож байсан бөгөөд 2013 онд болсон энэхүү үйл явдлын дараахан тэднийг бусдыг залилан мэхэлсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж байсан билээ.

Коронавирустэй холбоотой хуурамч мэдээллүүд

Хуурамч мэдээлэл хамгийн их тархсан, хамгийн их бармт, жишээтэй үеүд гарцаагүй хөл хорионы үеэр болон сонгуулийн үеэр ажиглагддаг. Үүний нэгэн жишээ нь Коронавирустэй, тэр тусмаа вакцинтай холбоотой нийтлэлүүд байсан билээ.

Доор дурдах жишээнүүд бол мэргэжлийн түвшинд баримтыг нягтлан шалгахыг зорьж ажилладаг, хараат бус, бие даасан Factcheck.mn сайтад нийтлэгдсэн баримт шалгалтын бодит кэйсүүд билээ.

Ийм төрлийн худал хуурмаг, ташаа, төөрөгдүүлсэн мэдээллүүдээс бид гол нь хэрхэн өөрсдийгөө хамгаалж чадах вэ?

"Баримт шалгагч оюутан" клубийн гишүүн, СУИС-ийн Сэтгүүл зүйн ангийн оюутан Б.Энхжин:

Баримт шалгагч оюутан клуб нь анх 2024 оны 2 сард нээлтээ хийж байсан. Тэр үеэс л анхны гишүүдийн нэг болон элсэн орсон. Залуу хүн, тэр дундаа сэтгүүлч мэргэжилтэй болохоор хуурамч мэдээллийг бол хувьдаа ялгаад мэдчихдэг. Гэтэл цахим сүлжээнд байгаа маш олон хүн тэр мэдээллүүдэд итгэж, цааш түгээж байгаа харагддаг. Тиймээс эдгээр хуурамч мэдээллүүдийг мэргэжлийн түвшинд шалгаж, тэдэнд анхааруулж чаддаг болохыг хүссэн.

Миний анзаарснаар хуурамч, төөрөгдүүлсэн мэдээлэл цааш түгэх хурд, хүч нь үнэн мэдээллээс илүү байдаг юм шиг санагдсан. Илүү олон хүн түгээж, хуваалцах тусам энэ мэдээллүүд улам л үнэн юм шиг итгэл төрүүлэхээр харагдаж эхэлдэг. Эцэст нь нийгмийн амьдралын хэв маяг, үзэл бодол цаашлаад бүр ч том асуудлыг дагуулах уршигтай гэж боддог.

Баримт шалгагч клубын оюутнууд цахим сүлжээнд тархсан аль болох өндөр хандалттай, хуурамч байх магадлалтай мэдээллийг олж "Монголын баримт шалгалтын төв"-рүү явуулж хянуулдаг. Төвөөс баримт шалгалт хийх шаардлагатай мэдээлэл эсэхийг шийдсний дараа оюутнууд баримт шалгах хэрэглүүрүүд ашиглан баримтаа шалгадаг.

Сүүлийн үед хиймэл оюун ухаан ашиглан хийсэн хуурамч бичлэг, аудио цахим сүлжээнд ихээр гарах болсон. Хэдий залуус хуурамч мэдээлэлд харьцангуй дархлаатай байдаг ч хиймэл оюун ухаан гэдэг бидний хувьд ч шинэ зүйл байсаар байна.


“Media Show“ арга хэмжээг санаачлагч Ж.Хулан:

-Хуурамч мэдээллийг орчин үед таних, ялгах ямар аргууд хамгийн үр дүнтэй байх боломжтой вэ?

-Хувь хүний өөрийн мэдээллийн боловсрол хамгийн чухал гэж бодож байна. Орчин үед мэдээлэл зөвхөн мэдээллийн хэрэгсэл төдийгүй олон нийтийн сүлжээ, кино, дуу уран бүтээл гэхчлэн медиагийн бүхий л хэлбэрээр дамжих болсон. Энэ үед мэдээллийн хэрэгслүүд ямар ялгаатай байдаг, аль нь ямар үзэл баримтлалтай байдаг зэргийг ялган таних чадвартай, тэр дундаас өөрийн итгэж, дагах мэдээллийн хэрэгслээ зөв олж нэгэнт чадвал цаашид ч алзахгүй. Тиймээс ямар нэг хэрэгсэл, бусдын хэлснийг даган дууриах бус өөрийн итгэн үнэмших хэрэгсэл, сувгаа олж чадах нь чухал гэж бодож байна.

-Хуурамч мэдээллээс үүдэн ямар хор уршиг, сөрөг нөлөө хувь хүн болон олон нийтэд мэдрэгдэж, нөлөөлж болох вэ? Та жишээ хавсаргах боломжтой юу?

-Бидний амьдрал бүх төрлийн нөөц дээр тогтдог. Цаг хугацаа, хүч энерги, мөнгө санхүү, сэтгэл санаа гэхчлэн. Хувь хүний түвшинд хуурамч мэдээллийн уршигаар та сэтгэл санаагаар хохирох, дэмий зүйлд зовниж, эсвэл баярлана гэдгээ хүч энергиэ үрэх, цаг хугацаа алдах, цаашлаад бусдад залилуулах гэхчлэн хөрөнгө санхүүгээрээ хохирох эрсдэлтэй. Өргөн хүрээндээ нийгэмд тархсан ташаа, хуурамч мэдээллийн уршигаар нийгмийн амьдрал, үйл явц бүхэлдээ доголдох, олон нийтээрээ төөрөгдөх, түүнийг залруулахын тулд мөн л хэвлэл мэдээлэл, хариуцсан байгууллага, албан тушаалтнууд хайран бүтээмжит цагаа үрэх болдог.

-Залуусын дунд хуурамч мэдээлэлтэй хэрэв тааралдвал яах ёстой вэ? Цаашид энэ төрлийн мэдээ мэдээлэл багасахад бид юу хийж, нөлөөлж болох вэ?

-Худал мэдээлэл харвал энэ худал гэдгийг ядаж сэтгэгдэл бичиж үлдээж байгаасай гэж боддог. Мөн шейр хийж түгээх нь тухайн мэдээлэл улам их хандалт авах алгоритмийн хэлхээст ордог тул шейр хийлгүй, тийм хуурамч, худал мэдээлэл явж байсан, энэ нь ийм гэж бусдад сэрэмжлүүлж байгаасай. Мөн хормын төдийд сэтгэл хөдлөм сайхан, муухай байх хэрээр хуурамч мэдээлэл байх магадлалтай байдаг тул хэт сэтгэл хөдлөлд автуулсан мэдээлэл харсан бол заавал зогсож, эргэлзэж байгаарай.

-Цаашлаад хувь хүмүүсээс гадна ямар арга хэмжээг олон нийтийн хүрээнд авснаар хуурамч мэдээллээс бид сэргийлэх, түгээлтийг багасгах боломжтой болох вэ?

-Мэдээллийн боловсрол чухал бөгөөд үүнийг хэн нэг хүн, байгууллага ганцаар хийнэ гэж үгүй. Нийтээрээ мэдээллийн боловсролоо дээшлүүлэхэд нийгмийн бүх л талын оролцоо чухал гэж судлаачид хэлдэг. Тиймээс хүн бүр энэ асуудлыг анхаарч бие биедээ сэрэмжлүүлж, хэлж, зөвлөж байх хэрэгтэй.


Хуурамч мэдээллээс болж хохирсон иргэн:

Би уг нь өөрийгөө хуурамч мэдээлэлд тэр болгон автаад байх нэгэн биш, мэдээллийн хувьд шүүлтүүртэй ханддаг гэж бодож байсан ч Ковид 19 тархалтын үеэр гарч байсан маш олон мэдээлэл дунд төөрчихсөн гэж хэлж болно. Аль нь үнэн, аль нь худал болохыг ч ялгах аргагүй болж, сүүлдээ бүхий л мэдээллийг сөргөөр харах болсон л доо. Тухайн үед вакцинтай холбоотой мэдээлэл эд эрчийг авсан байсан. Би уг нь ганц ч удаа халдвар аваагүй, бас манай гэр бүлийнхэн дунд халдвар авсан хүн байхгүй байсан юм. Вакцины мэдээлэл гарч эхлэх үеэр би гэнэт л уншиж байсан мэдээллүүдээсээ үүдээд ч юм уу хэнийг нь ч битгий вакцин хийлгэ гэж хэлсэн. Биднийг хамгаалж чадна гэдэгт нь итгээгүй байсан хэрэг л дээ. Гэхдээ хөл хорио суларч гайгүй болохтой зэрэгцэн вакцин хийлгээгүй байсан ч гэсэн хуурамчаар фотошоп дээр хийлгэсэн бичигтэйгээ цуг хаа сайгүй орж, гарч явсан. Удалгүй манайхан өвдөж, бүгдээрээ ковидын халдвар авсан л даа. Тухайн үед их харамсаж байсан ч яг үнэн хэрэгтээ ямар аюултай зүйл байсныг нь сүүлд л ойлгосон. Америкийн “Trust me“ гээд 2020 оны баримтат кинон дээр хэтэрхий олон мэдээлэл уншиж, худал мэдээнд итгэснээсээ болоод хүүхдэдээ вакцин хийлгээгүй эцэг эхийн тухай гардаг хэсэг байдаг. Хүүхэд нь хэрэв вакцин хийлгэсэн байсан бол зүв зүгээр эрүүл саруул байх боломжтой байсан ч харамсалтай нь хүүхэд нь маш хүндээр өвдөж, бие даан амьдрах чадваргүй болсон. Тэрийг үзээд дараа нь зүрх чичрэх шиг л болсон. Энэ баримтат кино ч мөн хуурамч мэдээлэл, олон нийтийн сүлжээний тухай үнэн дүр төрхийг харуулдаг бүтээл болохоор хүн бүрийг үзээсэй гэж санал болгож байна.

Бид хэрэв хуурамч мэдээллээс үүдэн хохирсон тохиолдлуудыг тоолох аваас энэ нь асар их болж мэднэ. Бидний тэр болгон тоохгүй, дараа нь тоглоом шоглоом болгоод өнгөрөөдөг “Сайн уу гэж бичээд зээл аваарай“ гэх сэтгэгдлүүдэд хүртэл итгэж мөнгөө алдаж, хохирч буй хүмүүс хүртэл байгаа гэдгийг ойлгодоггүй. Тиймээс бид мэдээллийг хүлээн авахдаа аль болох нухацтай хандаж, олон эх сурвалжаар баталгаажуулж, итгэж болох хэвлэл мэдээллийн хэрэгслийг сонгож байх нь чухал юм. Энэхүү нийтлэлийн төгсгөлд та бүхэндээ зориулан энэхүү бичлэгийг хүргэж байна. Та ч бас бусдад түгээж хуурамч мэдээллээс өөрсдийгөө хамгаалахад нэгдээрэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.