UBLife Logo
Нийгэм

М.Тусгаартогтнол: Эх орныхоо төлөө зүтгэхэд сэтгэл бэлэн 

М.Тусгаартогтнол: Эх орныхоо төлөө зүтгэхэд сэтгэл бэлэн 

Өнөөдрийн байдлаар Монгол улсад Тусгаартогтнол гэсэн нэртэй ганцхан хүн бий. Бид Монгол улс тусгаар тогтнолоо тунхагласан түүхэн өдөр төрсөн Мөнхцэнгэлийн Тусгаартогтнолтой ярилцлаа. Өдгөө Хөвсгөл аймгийн “Авьяас” цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч тэрээр цэрэг-спортын аймгийн аварга шалгаруулах “Дөл” тэмцээнд гурван удаа оролцохдоо хоёрт нь түрүүлж, өнгөрсөн жил дэд байрт шалгарсан амжилттай. Түүнчлэн энэ намар “Ирээдүйн генералууд” тэмцээний шилдэг аравт шалгарч, дотоодын цэргийн сургуульд элсэн суралцах эрхээр шагнуулаад байгаа юм. М.Тусгаартогтнол энэхүү тэмцээний дайчин сурагч хэмээх алдрын эзэн төдийгүй Хөвсгөл аймгийн 2023 оны онцлох хүүхдээр, Монголын сурагчдын холбооны 2022 оны спортлог сурагчаар тодорч байсан.


-Тусгаар тогтнолын өдрөөр төрсөн төдийгүй Тусгаартогтнол гэсэн нэртэй байгаа тань сонирхол татаж байна. Арваннэгдүгээр сарын 26-ны өдөр төрсөн болохоор танд энэ нэрийг өгсөн үү?

-Би 2007 оны 11-р сарын 26-ны өдөр Мөрөнгийн төрөх эмнэлэгт төрсөн. Гэр бүлийнхэн маань дотроо ярилцаад Тусгаартогтнол гэдэг нэр хайрлахаар шийдсэн юм билээ. Харин улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд төрөх эмнэлгээс тодорхойлолт авах болж л дээ. Эмээ эмнэлэг явах замдаа нэрийг маань мартаад эргэж санахгүй, эмч яаруулаад байхаар нь “Хүүгийнхээ нэрийг мартчихлаа. Нэргүй гээд л биччих” гээд харин эмнэлгээс улсын бүртгэл рүү явах замдаа Тусгаартогтнол гэж санаад амандаа үглэсээр яваад өнөөх газраа хүрч “Эгч нь зээгийнхээ нэрийг солиулъя. Тусгаартогтнол” гээд энэ нэрийг албан ёсоор бүртгүүлж байсан гэдэг.

-Цэргийн мэргэжлийг сонирхох болсон тань юунаас үүдэлтэй вэ?

-Би багаасаа л цэрэг, цагдаагийн мэргэжлийг идэвхтэй сонирхдог байсан. Ингээд наймдугаар ангиасаа энэ чиглэлийн мэргэжилтэй болохоор эгнэгт шийдсэн юм. Хүсэл тэмүүлэл, сонирхол маань цэргийн мэргэжилд илүү ойр санагдсан.

-Эх орныхоо төлөө зүтгэх сэтгэл бэлэн үү?

-Бэлээн.

-Ирээдүйн ажил, мэргэжлээ хэрхэн төсөөлж байна?

-Сонгосон мэргэжилдээ үнэнч, өөрийнхөө ажил үүргийг сайн биелүүлээд явж байхад болно байлгүй дээ л гэж бодож байгаа.

-Цэргийн ямар чиглэлээр дагнан ажиллахаа сонгож амжсан уу?

-Хилийн цэрэгт ажиллах төлөвлөгөөтэй.

-Цэрэг-спортын “Дөл” тэмцээнд оролцохын тулд хэрхэн бэлддэг байв?

-Ихэвчлэн сургууль дээр бэлтгэл сургуулилалтаа базаана. Үүний зэрэгцээ долоо хоногтоо 2-3 удаа цэргийн ангид очиж бэлддэг байлаа. Голчлон гүйлт, гранат шидэлт, буу задаргаа, угсаргаа, магазин цэнэглэлт, опо цув өмсөх гэсэн дасгалуудыг хийдэг. Биднийг дасгал сургуулилалт хийхэд маань Зэвсэгт хүчний 321-р ангийн ахлагч Гантөмөр, дэд ахлагч Ганбаасан нар тусалж байсан.

-Хүүхдүүдийн хувьд “Дөл” тэмцээнд оролцох нь ямар ач холбогдолтой байдаг вэ?

-Тэсвэр хатуужилтай болох, сэтгэл зүйгээ тогтвортой байлгах, эх орноо гэсэн сэтгэлийг төлөвшүүлэхэд тустай гэж харсан.

-Та “Дөл” тэмцээнд оролцохоосоо өмнө бие бялдрын хувьд төдийгүй цэргийн хэрэгсэлтэй ажиллахдаа хэр эвсэлтэй байв?

-Наад захын жижиг сажиг зүйлсийг нь бол гадарладаг л байсан. “Дөл” тэмцээнд оролцсоноороо мэдлэгээ улам лавшруулан суралцсан.

-Өмнө нь байлдах ч юм уу, эсвэл стратеги боловсруулдаг тоглоом тоглодог байсан уу?

-Тоглолгүй яах вэ. Биеэрээ үйлдэх, дэлгэцийн цаанаас хараад зөвхөн хоёр гараараа тоглох хоёр эсрэг тэсрэг юм билээ.

-Өдгөө хичээлийнхээ хажуугаар цэргийн бэлтгэл, сургуулилалт хэр их хийж байна?

-Биеийн ур чадварын бэлтгэл хийхгүй байгаа. Гайгүй болов уу л гэж боддог.

-Спортоор хичээллэдэг үү?

-Долоодугаар ангиасаа эхлэн өдгөө ч сагсан бөмбөг тоглож байна.

-Сагсан бөмбөгөөр ямар амжилтуудад хүрч байв?

-Би аймгийн хэмжээний тэмцээнүүдэд оролцдоггүй юм аа. Сургуулийнхаа дотоодын тэмцээнд л тоглодог.

-Дэмждэг баг болон урам зориг, чиг баримжаа авдаг тамирчин бий юу?

-“Golden State Warriors” төдийгүй тус багийн гол тоглогч Stephen Curry-г дэмждэг. Curry-гийн шидэлт, багийн тоглолтыг эрхэмлэдэг, талбайгаа хүндэтгэж тоглодог байдал нь таалагддаг.

-Таны тоглолтын арга барилтай ойр тамирчин гэвэл хэнийг нэрлэх вэ?

-М.Өлзий-Орших болов уу. NBA-гийн тоглогчдыг өөртэйгөө зүйрлэхэд арай л хэтийднэ байх. Тэд бүгдээрээ мэргэжлийн тамирчин шүү дээ.   

-Ямар хичээлдээ түлхүү дуртай вэ?

-Бараг хүн болгон л ингэж хариулах байлгүй. Мэдээж биеийн тамир шүү дээ /инээв/.

-“Авьяас” сургууль урлагийн төрөлжсөн сургалттай бил үү, та урлагийн ямар төрлөөр хичээллэдэг вэ?

-Манай сургуулийн нэрийг харахад л урлагийнх гэдэг нь тодорхой. Миний хувьд бүжиглэдэг.

-Үеийнхэндээ хандаж зөвлөх зүйл бий юу?

-Цэргийн мэргэжлийг сонгоод тууштай зүтгэе гэж бодож байгаа бол өөртөө итгэлтэй, зорьсондоо үнэнч байгаарай гэж хэлье. Ер нь үеийнхэндээ хандаж зөвлөхөд зорьсондоо үнэнч, тууштай хандаарай гэж захья даа.

-Цэрэг армийн бэлтгэл сургуулилалтад хамрагдах болон энэ төрлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоноор сэтгэл зүйн хувьд хатуужилтай болж төлөвшиж буй байдал нийтлэг ажиглагддаг. Танд иймэрхүү бодитой өөрчлөлт гарсан уу?

-Би хүнээс үг даах чадамж тааруу байлаа. Цэрэг-спортоор хичээллэх болсноор хүнээс үг сонсож сурсан. Жагсаалын үзүүлэх тоглолтод бэлдэхдээ салхитай, нартай ч байсан үл ажирдаг болохоор их тэвчээр суусан байх аа гэж боддог.

-Таны хэтийн мөрөөдөл юу вэ?

-Эх орноо гэсэн сэтгэлтэй мундаг л хүн болно доо.

-Эх орноо хайрлах нь яагаад чухал юм бол?

-Би эх оронч үзэл гэдгийг монгол орон, өв соёлоо гэсэн чин сэтгэл гэж боддог. Тусгаар тогтносон Монгол улс гэж байгаагүй бол бидний оршино байх эсэх ч эргэлзээтэй. Тиймээс бид эх орноо чин сэтгэлээр хайрлах учиртай юм.

-Ярилцлагын маань төгсгөлд гэр бүлийнхэндээ хэлж чадаагүй сэтгэлийн үгээ хуваалцаач?

-Намайг өдий зэрэгтээ өсгөж хүмүүжүүлсэн эмээдээ маш их хайртай шүү. Ангийн багш Батзаяа багшдаа баярлалаа. Үргэлж дэмждэг найзууддаа, гэр бүлийнхэндээ баярлалаа, хайртай шүү.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
5
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\47.129.122.116
Найздаа амжилт хүсье
ЗОЧИН\13.214.202.154
Найздаа амжилт хүсье
ЗОЧИН\47.129.89.73
Дүүдээ улам их амжилт хүсье. Илүү их хичээгээрэй.🥰
ЗОЧИН\52.221.215.111
Дүүдээ улам их амжилт хүсье. Илүү их хичээгээрэй.🥰
ЗОЧИН\54.254.143.231
Амжилт хүсье. Чи чадна гэдэгт итгэж байна.
ЗОЧИН\54.179.141.102
Зорьсон зорилго оо биелүүлээрэй. Ухаалаг яриатай, мундаг хүү шүү. Амжилт