Башё болгоны дараа хуралддаг Ёкозүнагийн зөвлөл өнөөдөр хуралдаж, тун сонирхолтой шийдвэр гаргалаа. Кюүшюү башё сүүлийн өдөр хоёр озэки даваа тэнцүү түрүүлэхийн төлөө халз барилдсан нь 21 жилийн дараа тохиосон үйл явдал болжээ. Бөх сонирхогчдыг баярлуулсан энэ явдал Зөвлөлийн гишүүдэд ч нөлөөлжээ.
Ёкозүнагийн зөвлөлийн тэргүүн Ямаүчи юуны өмнө түрүү бөх Котозакүраг “Ёкозүна болоход тохирох зан төлөв, тайван амгалан, маш сайн бөх болжээ” гэж магтлаа.
Холбооны дүрэмд “Озэки цолтойгоор 2 башё дараалан түрүүлэх, эсвэл үзүүрлэхэд ёкозүна цол олгоно” гэж заасан байдаг. Шүүгчдийн зөвлөлийн дарга Такадагава ояката тэмцээний дараа “14 давж түрүүлсэн озэки Котозакүрад мэдээж, 13 даваатай үзүүрлэсэн Хоошёорюүд ч мөн ирэх башёд ёкозүна болны болзол сонсгох боломжтой” гэж байсан билээ.
Өнөөдрийн хуралдааны дараа Ямаүчи тэргүүн “Хоошёорюү ч дараагийн ёкозүна гэсэн бодолтойгоор Котозакүратай өрсөлдөж барилдах хэрэгтэй. Ирэх башёд шинэ аваргатай болохыг бид маш их хүсэж байна. Чадвал хоёр ёкозүнатай болох нь миний мөрөөдөл. Зөвлөл хүсэж байна уу гэвэл тиймээ гэж би хариулна” гэж ярилаа.
Хэрэв хоёр ёкозүна зэрэг төрвөл Шёова 45 буюу 1970 онд Китанофүжи, Таманоүми хоёр хамт ёкозүна болсноос хойш тохиох үйл явдал болох юм.
Мөн Ямаүчи хоёр башёд барилдаагүй ёкозүна Тэрүнофүжид ямар нэг сануулга өгөх үү нэсэн сэтгүүлчийн асуултад “Тийм юм байхгүй. Аварга гэмтлээ эмчлүүлж байгаа. Сануулга өгөх талаар яриа ч гараагүй” гэж хариуллаа.