Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос иргэншлээ солих чөлөөт бөхийн легионер нарт хатуу болзол тавьдаг болсон. ОХУ-ын Спорт бөхийн холбооноос гаргасан хүсэлтийн дагуу гэж шинжээчид бичиж байна. Удахгүй жүдо бөхөд ч легионер нарын тоог цөөрүүлэх сураг гараад байгаа юм.
Тиймээс АНЭУ хориг гарахаас өмнө гадаад бөхчүүдээ нэмсээр байна. Энэ удаад тэд ОХУ-ын авьяаслаг залууг эгнээндээ нэгтгэлээ.
Казбек Нагучев – 18 хүртэлх насны дэлхийн аварга. 18, 21 насны Европын аварга. 2023 оны ОХУ-ын аварга. 2022 оны УАШТ-ий мөнгөн медальт.
Казбек 66 кг жинд барилдах гэнэ. Энэ жинд манай Б.Нармандах АНЭУ-ыг төлөөлөн амжилттай барилдаж байгаа. Мөн Гүржийн Гурам Завашвили бий. Ингээд энэ жин Монгол, ОХУ, Гүржийн гурван легионертой, дотоодын өрсөлдөөн ихтэй жин болжээ.
АНЭУ тамирчин аваад зогссонгүй, ОХУ-ын мэргэжилтэн Камил Магомедовыг шигшээ багтаа дасгалжуулагчаар авсан байна. Камил ОХУ-ын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч байлаа.
Тун сонирхолтой нэгэн мэдээлэл гарсан нь ирэх сард Японд болох Их Дуулга тэмцээнд Камбожийн шигшээ баг Япон, Украины легионертой оролцох болжээ. Японы Шинтаро Уно 73 кг-д, Украины Владимир Гучков 60 кг-д барилдана.