Казахстаны жүдочин Абиба Абужакынова Казахстаны телевизийн “Әйел әлемі” (Эмэгтэйчүүдийн ертөнц) нэвтрүүлэгт оролцохдоо хувийн болон мэргэжлийн зорилго, төлөвлөгөөгөө илэн далангүй ярилаа. Парисын олимпод ялагдсан шок нь одоо ч арилаагүй байгаа гэдгээ тэр хүлээн зөвшөөрсөн. Парист Абиба эмэгтэй 48 кг-д барилдсан. Хэсгийн аваргын төлөө Испанийн Лаура Мартинест ялагдаад дагах барилдаанд Шведийн Тара Бабулфатад мөн хожигдсон.
Энэ жил 27 настай Абиба Абужакынова “Дөч, тавин нас хүрсэн хойноо ч би Парисын олимпын харамслаа мартахгүй. Би тамирчин болохын төлөө багаасаа маш их золиос гаргасан. Гэр бүлийн бүх баяр баясгалан, сайхан үйл явдлууд миний дэргэдүүр өнгөрсөн. Тиймээс миний ойрын зорилго дараагийн олимпод бэлтгэх явдал” гэж хэллээ.
Мэдээж эмэгтэйчүүдийн нэвтрүүлэг тул хөтлөгч хэзээ гэрлэх бодолтой байгааг нь асуусан. Хариулт нь “Би дэлхий, Ази, Азийн наадам гээд бүх тэмцээний медальтай. Ганц олимпын медаль л дутуу. Эмэгтэй хүний аз жаргал гэр бүлд байдаг гэж мэднэ. Гэхдээ би эхлээд спортын мөрөөдлөө биелүүлэх ёстой. Олимпын медальгүйгээр би хүнтэй гэрлэхгүй” байлаа.