UBLife Logo
Спорт

Домогт Гарринчагийн "Ботафого" ДАШТ-д оролцох боллоо

Домогт Гарринчагийн "Ботафого" ДАШТ-д оролцох боллоо

Өнгөрсөнсарын 30-нд Аргентиний нийслэл Буэнос Айрес хотын алдарт  "Эстадио монументаль" цэнгэлдэхэд Өмнөд Америкийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Либертадоресийн цомын (Copa Libertadores) шигшээ тоглолт Бразилийн хоёр багийн буюу "Ботафого" болон "Атлетико Минейро" клубын хооронд явагдав.

Тоглолт эхлээд эхний минут ч өнгөрөөгүй байхад "Ботафого"-ийн Грегори тун аюултай тоглолт хийсэн (өрсөлдөгчийнхөө толгой руу жийж орсон) тул "улаан жавтий" хүртэн, тоглолтын 2 дахь минутаас хойш "Ботафого"  хүн дутуу буюу 10-уулаа тоглолоо.

Хэдийгээр Халк ахлагчтай "Атлетико Минейро" хүн илүү тул тоглолтын турш илүүрхэж, довтолж, бөмбөгийг эзэмшиж байсан ч гоол оруулах олон боломжоо алдсан. Ялангуяа Халкын "мангар хүчтэй" хэд хэдэн цохилт тун эвгүй байв. Харин "Ботафого"-гийн өдрийн од шиг сөрөг довтолгоо тун үр дүнтэй, бараг л гурав довтлохдоо гурван гоол оруулсан гэхэд хилсдэхгүй. Бразилийн шигшээд энэ намраас тоглож, хоёр ч гоол оруулаад байгаа "Ботафого"-ийн Луис Энрике 35 дахь минутад солгой хөлийн хүчтэй цохилтоор тоглолтын салхийг хагалсан бол 44 дэх минутад Алекс Теллес ("Манчестер Юнайтед"-д тоглож байсан тэр Теллес мөн мөн) пенальтигаас тоог 2:0 болгон "Ботафого"-ийн "Аравт" хошуучилж эхлэв.

Хоёрдугаар хагас эхэлмэгц Чилийн шигшээ, "АМ"-ийн Варгас тооны зөрүүг багасган 1:2 болгосон ч тоглолтын үндсэн цаг дуустал дахиж гоол аль ч хаалганд орсонгүй. Шүүгчдийн бүрэлдэхүүн нэмэлт 7 минут сунгасан. Нэмэлт цагийн сүүлчийн минутад "Copa Libertadores-2024" тэмцээний мэргэн бууч "Ганц од"-ын ("Ботафого"-гийн нэг хоч нэр) Жуниор Сантос энэ тэмцээний 10 дахь гоолоо оруулж, төгсгөлийн цэгийг тавьснаар Бразилийн Рио де Жанейрогийн "их дөрвөлийн" нэг "Ботафого" 3:1 харьцаагаар хожин, түүхэндээ анх удаагаа "Либертадорес"-ийн цомыг өргөлөө.

Нильтон Сантос, Диди, Загалло, Амарилдо, Жайрзиньо болон "Ард түмний баяр баясгалан" - аугаа Гарринча нарын найман дэлхийн аваргыг төрүүлсэн "Ботафого"  ийнхүү 120 жилийн түүхэндээ хамгийн том амжилтаа гаргалаа.

Гарринча, Диди, Н.Сантос, Загалло нарын хөлбөмбөгийн домгууд нь дээрээс харж, магнай тэнийж буй бизээ.

Fogao (Их гал), Estrela Solitaria (Ганц од) хэмээгддэг "Ботафого" баг мөн ирэх жил АНУ-д болох FIFA Club World Cup 2025 тэмцээнд оролцох хамгийн сүүлчийн буюу 32 дахь багаар тодорлоо.

Бразил мөн FIFA Club World cup 2025 тэмцээнд хамгийн олон буюу дөрвөн багаа ("Фламенго", "Флуминенсе", "Пальмейрас", "Ботафого") оролцуулах орон болов.

Дашрамд өгүүлэхэд хоёр тойргийн дараа өндөрлөх Бразилийн "Сери-А"-д "Их гал"-ынхан мөн өнгөлж яваа. Үлдсэн хоёр тоглолтод дөрвөн оноо авахад аварга болно.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.