НИТХ-ын ээлжит бус III хуралдаан өнөөдөр болж, нийслэлийн 2025 оны төсвийн төслийг баталлаа. Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталсан бөгөөд үүнээс 85.9 хувь буюу 3,314.4 тэрбум төгрөгийг татварын орлогоор, 14.1 хувь буюу 541.9 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр байна.
Түүнчлэн нийслэлийн 2025 оны төсвийн нийт зарлагын 38.1 буюу 1,329.3 тэрбум төгрөгийг урсгал зардалд, 50.4 хувь буюу 1,720.2 тэрбум төгрөгийн хөрөнгийн зардалд, 2.2 хувь буюу 78.3 тэрбум төгрөгийг дамжуулан зээлийн эргэн төлөлтөд, 8.9 хувь буюу 327.2 тэрбум төгрөгийг үнэт цаасны эргэн төлөлтөд, 0.4 хувь буюу 14.1 тэрбум төгрөгийг алслагдсан 3 дүүргийн санхүүгийн дэмжлэгт олгохоор төлөвлөсөн юм.
Нийслэлийн 2025 оны төсвийг төрөөс хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг татварын бодлоготой уялдуулах, бизнес эрхлэгчдийн татварын орчныг хялбаршуулах, татварт хамрагдалтыг нэмэгдүүлэх, бүртгэл хяналтыг сайжруулснаар далд эдийн засгийг бууруулж, татварын суурийг өргөжүүлэх ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, төсвийн орлогын боломжит эх үүсвэр бүрийг тооцож, Төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу үр ашигтай, ил тод, хэмнэлттэй байх, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлийг баримтлан дараах үндсэн бодлогын хүрээнд боловсруулсан.
Үүнд:
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлнэ.
Гэр хорооллыг орон сууцжуулж, агаар орчны бохирдлыг бууруулна.
Улаанбаатар хотын холбоос замуудыг нэмэгдүүлэн, нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийх замаар авто замын түгжрэлийг бууруулна.
Өнгөрсөн он жилүүдэд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг бүрэн дуусгаж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр тусгасан юм.