Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр хүрэлцэн ирлээ. Айлчлалын өмнө Монгол дахь Вьетнам иргэдийн холбооны тэргүүн Нгуен Хуй Туан “Vietnam.vn” агентлагт ярилцлага өгсөн байна.
Нгуен Хуй Туан “Манай хоёр улсыг эртнээс найрамдал, хамтын ажиллагаанаас гадна түүх, соёлын адил төстэй зүйлс холбож байдаг. Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол дахь вьетнамчуудтай уулзах цаг гаргасанд их баяртай байгаа. Эх орноосоо хол байгаа бид нарт засгийн газар, намынхаа хайрыг мэдрэх нь их чухал байдаг. Монгол, Вьетнам хоёр улс эдийн засаг, худалдааны чиглэлд хамтран ажиллах нөөц маш их бий. Монгол улс мал аж ахуй, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт хүчтэй бол Вьетнам нь боловсруулах үйлдвэр, хүнс, гоо сайхн, эм, үйлчилгээний салбарт хүчирхэг. Хамгийн гол асуудал бол тээвэр, дэд бүтэц. Бид Монголд олон жил амьдарч байгаа тул Монголын зах зээл, соёл, ард түмнийг тодорхой хэмжээгээр мэднэ. Тиймээс бид хоёр орны хооронд гүүр болж чадна гэж найдаж байна. Монголд амьдарч байгаа вьетнам хүн болгон ямар ажил хийдгээсээ үл хамааран Вьетнам улсын сайн жишээ болж чадна. Бид бол харилцааны гүүр” гэж ярьжээ.
