UBLife Logo
Загвар

Victoria’s Secret, blockout  буюу Загварын ертөнцийн 2024 он

Victoria’s Secret, blockout  буюу Загварын ертөнцийн 2024 он

Өнгөрч буй 2024 он загварын төрөл бүрийн урсгалаар хахаж цацсан жил байлаа. Cottagecore, Balletcore, Barbiecore, Tenniscore гээд л бараг сар бүр шинэ тренд гарч, тэр дороо унтран алга болж байв. Дэлхий дахинд дайны гал асахтай зэрэгцэн, шоу ертөнцийг ч хэл ам, шуугиан маргаан  тойрсонгүй. Ингэхэд 2024 оны загварын ертөнцөд юу болж, тохиолдож өнгөрөв?

Америкийн The New York Times (NYT) сонины газраас орос жүжигчин Марк Эйдельштейн, Дэниэл Крейг, олимпын тамирчин Ким Е Жи, дуучин Ариана Гранде, Бейонсе, жүжигчин Деми Мур зэрэг эрхмүүдийг 2024 оны хамгийн стильтэй хувцасласан алдартнаар тодрууллаа. Найруулагч Шон Бейкерийн “Анора” кинонд тоглосон залуу жүжигчин Марк Эйдельштейн тэр дороо “Орос Тимоти Шаламе” нэр зүүсэн.

Олимпын наадмыг ч загварын сэтгүүлүүд зүгээр орхиогүй. АНУ-ын гимнастикчин Симона Байлз Парист 10 мянган Swarovski шигтгээтэй өмсгөлтэй өрсөлдсөнийг тэд онцолсон. АНУ-ын далбааны өнгөөр эрэмблэгдэн “жагссан” тус загварыг дизайнер Жанна Диас эх оронч үзлийн үлгэр жишээ гэж магтсан юм.

Домогт Victoria’s Secret брендийн шоу тайзан дээр дахин гарсан нь өнгөрсөн жилийн гол үйл явдлын нэг байлаа. Хүний эрх, ялгаварлан гадуурхах үзлийн дагуу хэд хэдэн удаа өнгө төрхөө өөрчилсөн Victoria’s Secret энэ удаад унаган төрхөөрөө эргэн ирсэн билээ. Таван жилийн дараа сахиусан тэнгэрүүд ганган жигүүр, дотуур хувцсаа гайхуулан жагссан. Тайра Бэнкс, Кейт Мосс нарын супер моделиуд олон жилийн дараа тайзан дээр гарсан юм.

“Twilight” киноны анхны анги 16 жилийн өмнө гарч байлаа. 2024 онд энэ кино дахин олны анхааралд орсон. Энэ удаад гол дүрүүдийн эгэл жирийн хувцас загвар зохион бүтээгчдийг татсан. Кристен Стюартын бүтээсэн дүр болох Белла Свон жирийн нэгэн цамц, жийнсэн өмд, Converse кед, бүдэг өнгийн гоёл чимэглэлтэй.

Ингээд Twilightcore тренд үүслээ. Urban Outfitters, Bershka, H&M зэрэг нийтэд зориулсан брэндүүд яг энэ өнгө, загварыг нь бүтээгдэхүүндээ оруулж эхэлсэн. Сургуулийн охин Белла Своны гоёл, загварыг хайдаг Bella Swan Outfits хештег бий болж, TikTok-д Bella Swan Outfits хайлт 100 саяд хүрсэн байна. Миллениалуудын өмсдөг байсан зүйлсийг одоо Z үеийнхэн ашигладаг болж эхэлжээ.

Энэ зун “хүрээний” гангачуул гэнэт олон нугалаатай банзал, поло цамц, бугуйвч сонирхож эхэлсэн. Хамгийн үнэтэй спортын нэг болох газрын теннистэй холбоотой загварын tennis core ирсэн нь энэ байлаа. Z үеийнхний шүтээн Зендеягийн тоглосон “Challengers” кино гарсны дараа инфлюэнсер, одод бүгд поло даашинз, кепкен малгай авахаар зүтгэсэн. Lacoste, Sporty & Rich, Dior, Gucci, Louis Vuitton гэсэн алдарт брэндүүд ч tennis core чигтэй болсон.

Люкс брендийн томчууд энэ жил өвөрмөц, этгээд зүйлсээр биднийг гайхуулах гэж оролдсон. Модельер Николя Жескьер Францын Louis Vuitton-ий сонгодог чемоданыг орчин үеийн хэв маягт оруулсан. 160000-220000 еврогийн үнэтэй энэ чемоданыг ор, ширээ болгон ашиглаж болно. Дөрвөн матрас, дэр, модон ширээ нийлээд нэг цогц болж байгаа юм.

Харин Фаррелл Уильямс гэрийн амьтанд зориулсан тансаг хэрэглээний зүйл бүтээсэн.  Louis Vuitton-ий сонгодог чемоданыг тэр нохойн үүр болгожээ. 60 мянган еврогийн үнэтэй нохойны үүр гэж байгаа.

Францын Balenciaga худалдан авагчдад хуучин бугуйвч санал болгосон.

Өвчний улмаас хоёр жил завсарласан  Белла Хадид 2024 онд тайзан дээрээ дахин гарсан. Парисын Загварын 7 хоногийн Saint Laurent брэндийн шоунд тэр оролцсон. Хар костюм, цагаан цамц, зангиа, нүдний шилтэй тун күүл харагдаж байлаа.

Өнгөрсөн зун дэлхий даяараа дэлхийн хамгийн баян хүний хүү Мукеш Амбани, түүний сүйт бүсгүй Радхика Мерчант хоёрын ээлж дараалсан, цуврал хуримын ёслолыг сонирхон ажиж байлаа. “Энэ зууны хурим” гэж цоллогдсон ёслол Европын бүх том амралтын газраар дайраад Энэтхэгийн Мумбаид өндөрлөсөн. Хуримд улстөрч Борис Жонсон, эгч дүү  Кардашьянууд, дуучин Адель, Лана Дель Рей тэргүүтэй олон зуун алдартан оролцож, Газрын Дундад тэнгист болсон аялалдаа мянган хүн урьсан байна. Энэ хурим нийт 600 сая ам.долларын өртөгтэй явагдсан юм.

2024 оны намар загварын ертөнцийг гэнэт cowboy core урсгал эзэллээ. Ингээд л одод савхин хүрэм, өргөн малгай өмсөөд бүгд ковбой болж эхэлсэн билээ. Морин спортын од Адан Бануэлостой үерхэж байгаа супермодель Белла Хадид ч энэ стилийг сурталчлахад ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. Chanel, Alexander McQueen, Rotate, Balmain брендүүд cowboy core урсгалаар ажиллаж эхэлсэн.

Нью-Йорк тавдугаар сард явагдсан хандивын Met Gala хүлээн авалтыг Палестинийг дэмжигчид тасалдуулах гэж оролдсон. Газын зурвасын дайны улмаас иргэд төдийгүй одод хоёр хуваагдан, тэмцэлдсэн.

Met Gala ёслолын дараа иргэд #blockout хештег гаргаж, дайныг дэмжсэн алдартнуудыг дагахаа болихыг уриалсан. Ким Кардашьян, Кайли Женнер, Бейонсе, Селена Гомес, Деми Ловато, Жастин Бибер, Ники Минаж, Зендея нар энэ арга хэмжээний дүнд хохирол амссан. Жишээ нь, Тейлор Свифт ердөө долоо хоногийн дотор  TikTok-д 300 мянга,  Instagram-д 50 мянган дагагчаа алджээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.