Та "25 нас хүрэхдээ сургуулиа төгсчихсөн, дуртай ажлаа хийгээд, хайртай хүнтэйгээ аз жаргалтай амьдарч байна даа" гэж бодож байсан үе бий юу? Бас нэг л өглөө босоод хартал 25 настай мөртлөө сургуулиа төгссөнөөс өөрөөр зорилгынхоо алинд нь ч хүрээгүй байгаагаа мэдэж, сэтгэлээр унаж байв уу? Тийм бол, энэ нь таныг 25 насны хямралыг туулж байгааг илтгэх нэг шинж тэмдэг бөгөөд та ганцаараа ийм зүйлийг мэдрээгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

1100 орчим миллениал үеийн залуучуудын дунд хийсэн судалгаагаар 86 хувь нь энэ хямралд өртөж байсан гэж хариулжээ. Судлаачдын тайлбарлаж буйгаар, зарим тохиолдолд 25 насны хямрал 18 наснаас эхэлж 30 нас гартал үргэлжилдэг гэжээ.

Тэгвэл 25 насны хямралыг туулж буй залуус юу мэдэрдэг вэ?
Би ер нь юу л хийгээд байна даа??

25 насны хямралын үед "ямар нэгэн зүйлээс хоцорсон мэт эсвэл, айсан, ганцаардсан, эргэлзсэн" мэдрэмжүүд төрдөг. Судалгаанаас үзэхэд, ажилгүйдэл, карьераа сонгохтой холбоотой асуудлууд стресс, түгшүүр үүсгэж улмаар хямралд орох гол шалтгаан болдог байна. Ялангуяа, амжилттай яваа үеийнхэнтэйгээ өөрийгөө харьцуулж харах нь тэднийг улам бүр хямрааж "надаас бусад нь карьеараа ахиулж, хайртайгаа учирч, гэр бүл зохиож, сайхан амьдарч байна" гэсэн мэдрэмжийг төрүүлдэг гэжээ.
30 хүрэхээс өмнө...

Хориод насны тухай төсөөлөхөд адал явдал, дүүрэн боломж, зугаа цэнгэл төсөөлөгддөг. Гэвч бодит байдал дээр энэ үеийн залууст "30 нас хүрэхээс өмнө гэр бүл, санхүү, карьерын хувьд амжилтад хүрэх ёстой" гэх тогтсон хандлага ихээхэн дарамт болдог. Судалгаагаар залуучуудын 40 хувь мөнгө санхүү, хуримтлалдаа санаа зовдог, 32 хувь нь 30 нас хүрэхээс өмнө хүнтэй гэрлэж, хүүхэдтэй болох ёстой гэсэн дарамтад ордог, 21 хувь нь одоогийнхоо карьерыг бүрмөсөн өөрчлөхийг хүсэж байна гэж хариулсан байна.
Хүүхэдтэй болох хүртэл нь "хүүхэд" гэж хардаг

Хориод настнууд оюутны ширээнээс холдон, анхны ажилдаа орсон цагаас эхлээд нас биед хүрсэн хүний хувиар нийгмийн статусаа бүрдүүлэхийг зорьдог. Гэвч эргэн тойрны хүмүүсийнх нь гаргадаг хандлага, нийгэмд тогтсон соёлоос эхлээд олон зүйл тэднийг эргэлзээнд оруулдаг. Жишээ нь, тухайн хүний эзэмшсэн мэргэжил, гаргасан амжилтаас үл шалтгаалан хүмүүс "жаахан охин", "бацаан" гэдэг нүдээр хандаж, хүнтэй гэрлэж хүүхэдтэй болох хүртэл нь "залуу хүүхэд" гэдэг өнцгөөс харсаар байдаг.
"Хориод нас бол алдаа гаргаж, туршлага хуримтлуулах үе" гэж сургамжилдаг атлаа "Бушуухан хүнтэй суу, хүүхэд чинь оройтлоо" гэж шамдуулна. Энэ мэтчилэн нийгэм, ойр дотны хүмүүсийн зүгээс тавьж буй эсрэг тэсрэг гэмээр "шаардлагууд" тэдэнд дарамт учруулдаг.
Санхүүгийн хувьд эцэг, эхээсээ хараат байдал

Санхүүгийн хувьд тогтворгүй, хараат байдал нь хориод насныхныг итгэлгүй, түгшүүртэй болгодог бас нэг хүчин зүйл юм. Тэдний олонх нь байрны түрээс төлөх боломжгүйн улмаас эцэг эхтэйгээ хамт амьдарч, тусдаа байдаг байлаа ч заримдаа эцэг эхээсээ санхүүгийн дэмжлэг авах нь олонтаа.
Гэтэл энэ үеийн залууст харьцуулах зүйл мундахгүй. "Би чиний насан дээр..." гэж эхэлдэг яриаг мэднэ биз дээ? Ээж чинь чиний насан дээр чамайг төрүүлж, аав чинь чиний насан дээр өрх гэрийн тэргүүн болсон байж мэднэ. Бас чи өөрөөсөө хэдэн насаар дүү залуустай өөрийгөө харьцуулж "Би тэдний насан дээр би зорилготой, ийм төлөвлөгөөтэй байгаагүй шүү дээ" гэж бодоход хүрч мэднэ.
Тэгвэл 25 насны хямрал хэзээ дуусдаг вэ?

Хямралыг үүсгэж буй шалтгаанаас үл хамааран 25 насны хямрал дөрвөн үе шаттай явагддаг гэж судлаачид үзжээ.

1-р үе: Ажил, харилцаа, эсвэл хоёуланд нь "түгжигдсэн" мэт мэдрэмж төрнө. Чи хаяад явж болно, гэхдээ бодит байдал дээр чадахгүй.2-р үе: "Үүнийг өөрчлөх боломжтой" гэсэн мэдрэмж аажим аажмаар нэмэгдэнэ. Өмнөх үүрэг хариуцлагаасаа сэтгэлзүйн болон бие махбодийн хувьд өөрийгөө чөлөөлөх нь өөрчлөлтийн эхлэл болсон олон төрлийн сэтгэл хөдлөлийг бий болгодог. Мөн өөрийн сонирхол, давуу талдаа нийцэх шинэ боломжуудыг нээх нөхцөл бүрдэнэ. Гэхдээ энд хүртлээ ихэнх хориод настнууд олон саад бэрхшээл, бүтэлгүйтлийг туулна.3-р үе: Шинэ амьдралыг дахин цогцлоох үе.4-р үе: Шинэ сонирхол, хүсэл эрмэлзэл, үнэт зүйлийг тусгасан амлалт өөртөө өгөх үе.
Эдгээр үе шат хэдэн жилээр ч үргэлжилж эсвэл, давтагдаж болно. 25 насны хямралтай нүүр тулах нь хэцүү ч эцэстээ танд илүү утга учиртай, аз жаргалтай амьдралыг цогцлоож, өсөж хөгжих боломж олгодог амьдралын нэгэн мөчлөг гэдгийг ойлгох нь чухал юм.