Мөнхийн дурсамжид үлдэх 2024 оныг ардаа бүрэн орхихын өмнө нэг удаа эргэн харвал ямар вэ?
“Өнгөрсөн замаа эргэн харж, хаана байснаа, тухайн үед юу мэдэрч байснаа бодоход, бид ирээдүй рүү яаж урагшлахыг хүсэж буйгаа ойлгох боломжтой болдог” гэж виртуал сэтгэцийн эрүүл мэндийн платформ болох Charlie Health-ийн ахлах эмч Каролайн Фенкел хэлжээ. Өөртөө гүнзгий асуултууд тавьснаар та өөрийгөө илүү сайн ойлгож, ирэх жил аз жаргал, сайн сайхан байдлаа нэмэгдүүлэх өөрчлөлтүүдийг хэрхэн хийхээ тодорхойлох боломжтой болно. Гэхдээ хүнд дарамттайгаар өөрийгөө дүгнэх бус илүү өөрийгөө ойлгохыг хичээж, зөөлнөөр оролдоод үзээрэй.
“TIME“ сэтгүүлээс мэргэжилтнүүдтэй хамтран гаргасан 10 асуултыг та бүхэнд сонирхуулж байна.
1. Өнгөрсөн жил надад жинхэнэ баяр баясал авчирсан зүйл юу байсан бэ? Эсрэгээрээ юу намайг доош нь татав?
Өнгөрсөн жил таныг хамгийн их аз жаргалтай болгосон мөчүүдээ эргэн санаарай. Гэхдээ хэтэрхий удаан бүү бод. Энэ мөчид хамгийн түрүүнд орж ирсэн бодол чинь юу байсныг хуваалцаарай. Хамгийн жаргалтай мөчүүдээ бодож олсны дараа, 2025 онд тэр туршлагыг өдөр тутмын амьдралдаа хэрхэн илүү ихээр тусгах талаар бодож үзээрэй.
Харин эсрэгээрээ, таны энергийг юу хамгийн ихээр сорсон эсвэл таны сэтгэл санааг юу унтраасан талаар мөн эргэцүүлээрэй.
2. Ямар харилцаа намайг тэтгэж, аль нь намайг ядраасан бэ?
Хүмүүстэй харилцах харилцаа нь таны аз жаргалын гол цөм байдаг гэж Фенкел онцолжээ. Зарим нь таныг дэмжиж, эрч хүч, урам зоригоор тэтгэдэг бол зарим нь таны энергийг сорон, тухайн үедээ сайхан байсан ч дараа нь таныг үл тоож, өмнөхөөс хэцүү байдалд унагаадаг. Ямар хүн аль хэсэгт нь багтаж байгааг тодорхойлохын тулд цаг гаргаарай. Дараа нь таныг дэмждэг харилцаагаа илүү их ач холбогдолтой болгож, харин сөрөг харилцаанаас бага зэрэг холдож сураарай. Энэ нь заавал энергийг тань сордог хүнтэй харилцаагаа таслах хэрэгтэй гэсэн үг биш. Харин хамт өнгөрөөх цагаа хязгаарлах эсвэл харилцаанд юу хүлээж байгаагаа илүү тодорхой илэрхийлэх боломжтой.
3. Миний цагийн хуваарь ажил, гэр бүл, нийгмийн үүрэг, амралт хооронд хэр тэнцвэртэй байсан бэ?
Та аль нэгэнд хэтэрхий их анхаарч, нөгөөдөхийг нь орхигдуулсан байж болох юм. Хэрэв таны ажил хэт давамгайлсан бол хувийн цагаа хэрхэн илүү гаргах талаар бодоорой. Эсвэл та мэргэжлийн түвшинд хүссэнээрээ амжилт гаргаж чадаагүй бол шинэ хэмнэлд орохыг зорьж болно.
4. Би юунд "үгүй" гэж хэлэх хэрэгтэй вэ? Харин юунд "тийм" гэж хэлмээр байна вэ?
Хэрэв та 2025 онд "үгүй" гэдэг үгийг үнэхээр хэлж сурахыг хүсэж байгаа бол эхлээд "үгүй" гэж хэлэхэд саад болж буй шалтгаануудаа судлаарай. Та магадгүй бусдыг гонсойлгох, хайрлагдахаа болих эсвэл найзууд чинь танд уурлах вий гэж санаа зовдог байж болох юм гэж Нью-Йорк хотын сэтгэлзүйн зөвлөх Габриэль Морс хэлжээ. “Бусдын хэрэгцээг өөрийнхөөсөө дээгүүр тавьснаас үүдэн бие махбодийн тавгүй байдал эсвэл уур бухимдал гэх мэт олон сөрөг сэтгэл хөдлөл гарч ирдэг” гэж тэр хэлсэн байна. Эцэст нь, бусдын өмнө өөрийгөө хэт их золиослож байгаагаас болж таны харилцаа болон аз жаргалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй.
Харин эсрэгээрээ, магадгүй та илүү их "тийм" гэж хэлэх хэрэгтэй байж мэдэх юм.
5. 2024 онд би өөрийнхөө ямар эерэг чанаруудыг анзаарсан бэ?
Хүмүүс жилээ дүгнэхдээ ихэвчлэн ажлын амжилт, дэвшилт зэрэгтээ хэтэрхий төвлөрдөг. Тиймээс та 2024 онд хэрхэн өсөж хөгжин, ямар их хүч чадал эсвэл тэсвэр хатуужил харуулснаа эргэцүүлээрэй. Магадгүй та хуучин хэв маягаа эвдэж, бусдад хэт таалагдах гэж хичээх зуршлаа орхиж чадсан байж мэдэх юм. Эсвэл гэр бүлийнхэнтэйгээ хил хязгаараа шинээр тогтоосон байж болох юм. Мөн хэцүү эрүүл мэндийн онош эсвэл бусад хүндрэлийг даван туулж, итгэлтэй байж чадсан уу? Тэр бүх амжилтаа тэмдэглээрэй—энэ нь ирэх жилийг тань илүү гайхалтай болгоход тусална.
6. Өнгөрсөн жил би юугаараа хамгийн их бахархаж, юунд хамгийн их талархаж байна вэ?
Ихэнх хүмүүсийн хувьд юу буруугаар эргэснийг хэт анхаарах хандлага байдаг. Өөртөө зав гаргаж, эерэг зүйлсийн талаар эргэцүүлээрэй. Танд бахархал эсвэл талархал төрүүлсэн зүйл юу вэ?
7. Өнгөрсөн жилийн асуудлуудтайгаа хэрхэн эвлэрч болох вэ?
Асуудал, эсвэл хямрал бол бидний хөгжих боломж юм. Магадгүй 2024 онд таны амьдралд томоохон өөрчлөлт гарсан байх. Үүнтэй эвлэрэхийн тулд та шинэ сэтгэлгээ эсвэл харилцааны стратеги боловсруулж ашиглах хэрэгтэй байж мэднэ.
8. Миний зорилтууд тодорхой, биелэхүйц байсан уу?
Тодорхой зорилго нь таныг зөв замд чиглүүлдэг бол тодорхой бус зорилго нь замаас тань гаргаж магадгүй. Хэрэв та эрүүлжихийг хүсэж байгаа бол, өдөр бүр өглөө 30 минут дасгал хийх зорилт тавих нь “илүү дасгал хийх” гэсэн ерөнхий зорилгоос илүү үр дүнтэй.
“Зорилго тань тодорхой, биелэхүйц байх ёстой” гэж Кайзер Перманенте Өмнөд Калифорнийн сэтгэл судлаач доктор Эшли Зукер хэлсэн байна. “Энэ нь тийм ч том амжилт шиг санагдахгүй байж магадгүй ч эхлэх гайхалтай цэг болно. Үүнийгээ дараа нь улам нэмэгдүүлж болно.”
Мөн нэгэн зэрэг хэт олон зорилготой байхгүй байхыг хичээгээрэй. Нэг эсвэл хоёр нь хамгийн тохиромжтой гэж Зукер зөвлөжээ. Хэт олон зорилго тавьснаар та ачаалалд орж, стрессдэх магадлалтай.
9. Би өөртөө хэр найрсаг хандсан бэ?
Ямар ч жил өнгөрсөн, танд муу өдөр заавал тохиолдоно. Тийм үед өөртөө хэр их уучлал, өршөөл үзүүлдэг байсан бэ гэдгээ дүгнэж үзээрэй. Зукерийн дуртай нэг асуулт бол: “Хэрэв миний охин энэ байдалд орсон бол би түүнд юу гэж хэлэх байсан бол?” гэсэн асуулт аж.
“Үүнийг толгой дотроо төсөөлөн бодоод, өөртэйгөө яг л хайртай хүнтэйгээ харилцдаг шигээ ярилцаарай” гэж тэр хэлжээ. Маргааш үргэлж бий, өнөөдөр орой ч бас боломж бий. Өөртөө хоёр, гурав, дөрөв, бүр тав дахь боломжийг үргэлж өгч байгаарай.
10. Айдасгүй байсан бол 2025 онд юу хийх байсан бэ?
Айдас, түгшүүрийн талаар эргэцүүлэх нь таны өдөр тутмын амьдралд тэрхүү айдас хэрхэн нөлөөлдөг болохыг ил болгоход тусалдаг. Айхгүй байна гэдэг боломжгүй ч, хэрхэн түүнийгээ ойлгож, анхааралтай чухал шийдвэр гаргах нь гол юм. Айдсаа даван туулж, 2025 онд өөртөө итгэх итгэлээр дүүрэн алхам хийх нь таны амьдралд гайхалтай өөрчлөлт авчрах боломжтой.
Эдгээр асуултыг өөрөөсөө асууж, бодитой бөгөөд гүн гүнзгий хариултуудыг олж авах нь 2025 оныг илүү аз жаргалтай, утга учиртай жил болгоход туслах болно.
Эх сурвалж: Time.com