UBLife Logo
Спорт

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн баян тамирчин хэн байв?

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн баян тамирчин хэн байв?

Америкийн “Форбс” сэтгүүлийн газраас хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн баян тамирчныг шалгаруулжээ. Хэн болсон гэж бодож байна? Алдарт Леброн биш, Роналду ч биш, Месси бүр биш.

Энэ бол Эртний Ромын морин тэрэгний уралдааны тамирчин Гай Аппулей Диокл. “Циркус Максимус”-т тэр 24 жил уралдахдаа 35 сая 863120 сестерцийн шагнал хүртсэн байдаг. Энэ нь 2600 кг алттай тэнцэх бөгөөд одоогийн 29 тэрбум ам.доллартой тэнцэнэ гэсэн үг юм.  Түүхчдийн судалгаагаар Диокл Ромын хамгийн баян амбан захирагчаас тав дахин илүү баян байжээ. Түүний хөрөнгө Ром хотыг бүтэн жил талхаар хангах, эсвэл том армийг хоёр сар тэжээхэд хүрэлцэх хэмжээний их байв.

Гай Аппулей санхүүгийн залилан, үл хөдлөх хөрөнгийн наймаа хийгээгүй. Бүх хөрөнгөө морин тэрэгний уралдаанаар олсон. Хэрэв тэр үед одоогийнх шиг зар сурталчилгаа байсан бол тэр нэмж хэдийг олох байсныг хэн ч таашгүй. Гэхдээ зар сурталчилгааны ямар ч гэрээгүйгээр Диокл “Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн баян тамирчин” болсон. Майкл Жордан, Тайгер Вудс, Флойд Мейведер, Криштиану Роналду, Льюис Хэмилтон нарын хэн нь ч түүнийг гүйцэж чадахгүй, хэвээр байгаа юм.

Гай Аппулей Эртний Ромын шилдэг тамирчин байлаа. Замналдаа тэр 4257 уралдаанд орж, 1462-т нь түрүүлсэн. Үүнээс гадна 861 удаа хоёрдугаар байр, 576 удаа гуравдугаар байрт шалгарч байжээ. 1357 удаа л тэр эхний гурван байрт орж чадаагүй. Тэр үед түрүүлсэн тамирчин 20-60 мянган сестерций авдаг байв. Хөдөө орон нутагт шагнал арай бага ч жирийн иргэдийн сарын орлогоос хамаагүй илүү. Жишээ нь, гадаадаас урьж авчирсан легионер цэрэг сард 80 сестерций л авдаг байв. Уралдааны тамирчид үхэх, гэмтэх магадлал маш өндөр байсан тул тэдний шагнал өндөр байдаг байв. Бараг уралдаан болгонд хэн нэг нь амиа алддаг байлаа.

Харин Гай Аппулей ур чадвар маш өндөр байсан тул 24 жил ямар нэг осолгүй уралдаж чадсан юм. 18 настайдаа анх тэмцээнд оролцож, 42 нас хүртлээ уралдсаар байлаа. Харьцуулж хэлэхэд тэр үед уралдааны алдарт тамирчид ихэнх нь 30 наснаасаа өмнө нас бардаг байв. (2000 уралдаанд түрүүлсэн Скорпус гэхэд  27 настайдаа моринд гишгүүлж үхсэн). Диоклын орлогод цэнгэлдэх хүрээлэн ч нөлөөлсөн юм. “Циркус Максимус”-ын талбай 6321 метр урт, 118 метр өргөн бөгөөд 250 мянган хүн багтдаг байлаа. Диоклын уралдаан болгон битүү дүүрсэн цэнгэлдэхэд болдог байжээ.

Гай Аппулей МТӨ 104 онд Ламекум хотод төрсөн. Эцэг эх нь баян байсан тул хүү багаасаа хоббиндоо бүх цагаа зориулж чадсан. Нутагтаа бүх уралдаанд түрүүлж байсан ч хүчтэй газар хүч сорихоор Ромыг зорьжээ.

Эхлээд тэр боол, ядуучуудаас бүрдсэн “Цагаан баг”-т орлоо. Энэ баг морь, тоног төхөөрөмж муутай байв. Энд таван жил уралдаад Диокл “Ногоон баг”-т дэвшлээ. Ногоон баг бол шилдэг тамирчидтай, ард түмний хамгийн хайртай лиг байв. Энд гурван жил тэмцэлдсэний эцэст “Улаан баг”-т орох цаг нь иржээ. Тэр үед “Улаан баг”-т шилдэг тамирчин нэг ч үлдээгүй байв. Гай Аппулей ирснээр “Улаан баг” сэргэн мандсан юм.

Зодог тайлаад Диокл Ромын ойролцоо том суурин худалдан авч, тэндээ амар амгалан амьдралаа өнгөрөөсөн. Диокл хэдэн зуун мянган үзэгчийг дан ганц ялалтаараа авчирч байгаагүй. Түүний ихэнх уралдаан шоу болон хувирч байв. Амархан түрүүлж болох ч Диокл сүүлийн тойрогт нэхэн гүйцэж барианд орохыг хүсдэг байлаа. Тийм болохоор түүний ялалт, шагнал болгоныг түүхчид дэлгэрэнгүй бичин үлдээсэн байдаг.

Түүнийг хэн ч, хэзээ ч гүйцэхгүй биз ээ.

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн баян тамирчид

1, Гай Аппулей Диокл – морин уралдаан, замналынхаа турш 29 тэрбум ам.долларын шагнал хүртсэн.

2, Майкл Жордан - сагсан бөмбөг, 3.75 тэрбум ам.доллар

3, Тайгер Вудс – гольф, 2.66 тэрбум

4, Криштиану  Роналду – хөлбөмбөг, 1.92 тэрбум

5, Арнольд Палмер – гольф, 1.76 тэрбум

6, Леброн Жеймс – сагсан бөмбөг, 1.7 тэрбум

7,  Жек Никлаус – гольф, 1.67 тэрбум

8, Лионель Месси – хөлбөмбөг, 1.67 тэрбум

9, Дэвид Бэкхем – хөлбөмбөг, 1.5 тэрбум

10, Рожер Федерер – теннис, 1.49 тэрбум

11, Флойд Мейведер – бокс, 1.48 тэрбум

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
12
0
1
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.