UBLife Logo
Спорт

Хоошёорюү: Аса ахаасаа их айдаг байлаа

Хоошёорюү: Аса ахаасаа их айдаг байлаа

Шинэ оны анхны башёд мэргэжлийн сүмо бөхийн хоёр озэки ёкозүна цолны төлөө өрсөлдөнө. Тэдний нэг нь Тацүнами дэвжээний Хоошёорюү. Японы хошин шогийн жүжигчин Ханава Тацүнами дэвжээнд очиж, түүнтэй уулзжээ.

Chunichi sports шимбүн

-Өнгөрсөн тэмцээнд ижил даваатай озэки Котозакүратай түрүүлэхийн төлөөх барилдаанд таараад харамсалтай нь ялагдсан. Гэхдээ ирэх Нэгдүгээр сарын тэмцээнд ёкозүна цол хүртэх боломж танд байгаа.

-Тиймээ, ялагдаад их харамссан. Ялсан нь илүү хүчтэй байна гэсэн үг.

-Ёкозүна цолны төлөө барилдана гэхээр...

-Түрүүлбэл ёкозүна болно гэх зэрэг зүйл бодохгүй байгаа. Жирийн бусад башё шиг л бодож барилдах зорилготой байна.

-Асашёорюү ах шигээ цол хүртэхийн төлөө барилдах нь. Асашёорюү таныг бага байх үеэс л Монголын баатар хүн байсан биз дээ.

-Үнэхээр баатар байсан.

-Шүтэж биширдэг байв уу?

-Мэдээж... Гэхдээ шүтэх гэхээсээ илүү айдаг байсан.

-Аргагүй л аймаар хүн шүү.

-Одоо бол зүгээр. Байнга үглэж, загнадаг байснаа больсон.

-Яагаад?

-Одоо ойлгож байгаа байх.

-Озэки болчихсон болохоор уу?

-Хуучин шигээ аймар байхаа больсон. Ха ха ха.

-Ах чинь таныг сайн барилдаж байгааг хараад баярлаж байгаа нь ойлгомжтой. Танд таагүй байж болох ч үнэхээр адилхан шүү та хоёр. Адилхан гэж хүн хэлхээр танд сайхан биш байдаг уу?

-Мэдээж тусдаа хүн болохоор таагүй байдаг. Ха ха ха.

-Озэки болсноос чинь хойш хүмүүс “Асашёорюү аварга Хоошёорюүтэй адилхан байж” гэж ярьдаг болоод байх шиг санагдах юм.

-Харин л дээ. Ингэж хэлбэл ахад загнуулна.

-Багадаа ямар спортоор хичээллэдэг байв?

-Таван настайгаасаа жүдо барилдаж, 11 настайдаа чөлөөт бөхөд шилжсэн.

-Шидээд, янз бүрийн мэх хийгээд байдаг нь жүдогоор хичээллэж байсных байх нь.

-Харин л дээ.

-Бие хаа том хүүхэд байв уу?

- Үгүй, жижигхэн байсан.

-Анх сүмод орохдоо нээрээ л их туранхай залуу байсан.

-Шинэ бөхийн шалгалтад орохдоо 100 кг жинтэй байлаа. Японд анх ирэхдээ бүр 66 кг байсан юм.

-Японы ахлах сургуульд чөлөөт бөхийн ангид ороод тэндээсээ сүмод шилжээд. Тэгээд мэргэжлийн сүмогийн озэки болно гэдэг бахархалтай хэрэг. Таны хобби?

-Кино үзэх дуртай. Бүтэн өдөр амралттай таарвал гэрээсээ гарахгүй, өрөөгөө кино театр шиг харанхуй болгоод, попкорн худалдаж авчираад кино үзээд л хэвтчихнэ. Нойр хүрвэл унтаад сэрэхээрээ кино үзээд л.

-Ямар төрлийн кинонд дуртай вэ?

-Тулаантай кинонд дуртай.

-Дуртай жүжигчин, кино?

-Японоос “Доктор Х”  кинонд дуртай. Гол баатар нь гоё шүү.

-Рёоко Ёнэкүра.

-“Би алдаа гаргадаггүй” гээд хэлж байгаа нь саак. Дууриаж хэлмээр санагддаг юм. “Би ялагддаггүй” гээд л.

-Ингэж хэлэх юм бол ирэх тэмцээнд түрүүлэхээс өөр арга байхгүй.

-Өнгөрсөн тэмцээнд бараг л түрүүлсэн гэж бодож байгаа. Гэхдээ ялагдал бол ялагдал, хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.

-Мэдээж ёкозүна болох зорилготой. Өөр зорилго гэвэл?

-Би зорилгоо хүнд хэлэх дургүй.

-Авга ах Асашёорюүгээ давж гарахыг тань хармаар байна.

-Тэгэхээр 25 түрүүлэх болно шүү дээ. Ха ха ха.

-Юуны өмнө ирэх тэмцээнд түрүүлэх. Заавал түрүүлнэ дээ гээд бодохоор сандарч, бие барих үе байдаг уу?

-Өөртөө тэгж ачаалал, дарамт өгч байсан удаагүй.

-Өдөр бүрийн барилдаандаа анхаарна гэсэн үг үү?

-Тиймээ.

-Өрсөлдөгч гэвэл хэнийг нэрлэх вэ?

-Өрсөлдөгч гэж оноосон бөх байхгүй. Тэр өдөр учраа таарсан бөхийг өрсөлдөгчөө гэж хардаг.

-Баярлалаа, амжилт хүсье.

Ханава “Асашёорюү ахтайгаа адилхан гэж хэлэхэд инээж байсан ч үнэхээр адилхан шүү. Ярьж байгаа нь ч үнэхээр төстэй. Бага зэрэг хуучинсаг ч ярихад үнэхээр сонирхолтой байлаа. Сүүлийн үед Аса ах юм бичиж, ярихаа больсон гэдэг нь Асашёорюү ч түүнийг озэки, том бөх болсныг хүлээн зөвшөөрсний тэмдэг байх. Асашёорюүгийн дүү гэгдэж байсан бол өөрийн хүч чадлаар мэргэжлийн озэки болж чадсан. Цаашдаа Аса аваргыг мэддэггүй, таньдаггүй үе ирж байгаа тул магадгүй Асашёорюүг Хоошёорюүгийн ах гэж хэлдэг үе ирэх биз ээ”

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
16
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.