Монголын үндэсний бөхийн холбооноос томоохон барилдаануудад чансааны оноо олгохоор болсноо саяхан зарласан билээ.
Тэгвэл бөхчүүдийн анхдугаар чансааг 2024 оны есдүгээр сараас өнөө жилийн эхэн хүртэлх хугацаанд Бөхийн өргөөнөө явагдсан таван барилдааны амжилтаар эрэмблэн танилцууллаа.
Энэхүү чансаанд 390 бөх багтсанаас улсын заан С.Сүхбат тэргүүлэв. Тэрбээр улс тунхагласны ойн барилдаанд түрүүлсэн төдийгүй Монгол бахархлын өдрөөр болсон наадаанд үзүүрлэсэн, Нийслэлийн ойн барилдаанд дөрөв давсан зэрэг амжилтаараа ийнхүү бөхчүүдийн анхдугаар чансааг манлайллаа.
Харин эл чансааны дэд байрт улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, гуравдугаарт улсын аварга О.Хангай, дөрөвдүгээрт улсын арслан Ц.Бямба-Отгон, тавдугаарт улсын начин Д.Амарсайхан нар эрэмблэгдэв.
Аймгийн цолтой бөхчүүдийн чансааг хурц арслан Н.Өсөхбаяр, Д.Алтанцоож нар тэргүүлж, арслан Ц.Төмөрцоож, Ч.Алтангэрэл нарын бөхчүүд удааллаа.
Сумын заануудын чансааг Д.Төгс-Эрдэнэ, Д.Оргилох, Б.Энхбаяр нар хошуучлав.
Сонирхолтой нь, өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмаар түрүү булаалдсан улсын арслан Б.Орхонбаяр 62-р байрт, дархан аварга Н.Батсуурь 383-р байрт эрэмблэгдлээ.