Японы сүмо бөхийн холбооноос 71 дэх ёкозүна Тэрүнофүжи зодог тайллаа гэж мэдээллээ. Манай аварга цаашдаа Тэрүнофүжи нэрээрээ туслах ояката болно.
Энэ жилийн анхны тэмцээн Хацү башёд Тэрүнофүжи үнэхээр үхэх сэхэхээ үзэхээр ирсэн нь эхний өдрөөс харагдсан. Ер нь мэдрэгдээд байлаа гэхэд болно. Тэмцээний хоёр дахь өдөр анхныхаа давааг аваад тэрээр “Хацү башёд чадах юмаа бүгдийг нь гаргаж, чадахгүй бол чадахгүй юм байна гэдгээ шийдэх зорилготой байгаа” гэж хэлж байлаа. Мөн Монголоос гэрийнхнээ урьж авчирсан байсан нь ч нэгийг хэлээд байв.
Нэгдүгээр сарын тэмцээнд 2 давж, 2 унасан. Найм давахын төлөө үргэлжлүүлэн барилдаад байж болох ч өөрийгөө ч, гэр бүлээ, үзэгчдийг ч “Аварга өнөөдөр яах бол” гэж зовоогоод байхыг хүссэнгүй. Угаасаа хийдгээ хийж, сүмогийн түүхэнд нэрээ мөнхөлсөн ёкозүна. Энэ их гэмтэл бэртэл, өвчин дунд арав түрүүлсэн гэхээр эрүүл саруул барилдсан бол хэд түрүүлэх байсныг хэн ч таашгүй.
Түүний туулсан амьдрал, замналыг үзсэн сүмоч байхгүй, цаашдаа ч гарахгүй. 2018 онд хүнд гэмтэл, өвчнөөр жонидан зиндаанд унасан ч шантраагүй, хэзээ нэгэн цагт мөрөөдөл болсон ёкозүна цолоо авна гэж итгэсээр байсан. Дахиад бүхнийг доороос нь эхлэхээс өөр аргагүй болсон ч Тэрүнофүжи өөртөө итгэлтэй байлаа. Озэки байхад нь дэргэд нь бужигнаж байсан улсууд нүүр буруулж, итгэлтэй хэд нь л үлджээ. Харин түүний дотор “Намайг ганцхан хүн дэмжиж байсан ч тэр хүний төлөө би барилдах ёстой” гээд л зүтгэсэн. Хоёр өвдөгний архаг гэмтэл нь хэзээ ч бүрэн эдгэрэхгүй, дээр нь чихрийн шижин өвчин. Гэвч үзэлцсээр л. Энэ сэтгэл зүй бол үнэхээр гайхалтай. Ингээд 2021 онд монгол эр хүний цог авхааг гайхуулсаар мэргэжлийн сүмо бөхийн оргил болсон ёкозүна цол хүртлээ. Энэ бол гайхамшиг байлаа.
Ямар ч гэсэн Эзэн хааны цомын тоогоо хоёр оронтой тоонд хүргэнэ гэж зорьсон, арав түрүүлсэн. Шинэ залуучууд гарч ирэн, өрсөлдөөн чангарлаа. Хацү башёд хоёр арслан озэки цолны төлөө барилдаж байна. Нэг нь монгол. Дараагийн ёкозүна энэ жилдээ төрөх нь гарцаагүй. Зодог тайлах цаг иржээ.
Түүхийг бүтээсэн Тэрүнофүжи аваргадаа цаашдын ажилд нь амжилт хүсэж, олон сайн шавь төрүүлэхийг хүсэн ерөөе.