Өчигдөр Токио хотод мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё өндөрлөж, озэки Хоошёорюү түрүүллээ. Тэмцээний өмнө Сүмо бөхийн холбооноос озэки Котозакүра, Хоошёорюү нарт ёкозүна цолны болзол сонсгосон. Кюүшюү башёд түрүүлсэн Котозакүрад үзүүрлэхэд, үзүүрлэсэн озэки Хоошёорюүд түрүүлбэл гэсэн боломж олгосон юм. Тэмцээн эхлээд удаагүй байхад ёкозүна Тэрүнофүжи зодог тайлж, холбоонд төдийгүй сүмо ертөнцөд шинэ аварга маш шаардлагатай болоод байлаа. Ингээд бүх шид нь бүрдсэн башё өндөрлөхөд озэки Котозакүра ёкозүна болох нь битгий хэл 10 унаж, кадобан. Ирэх тэмцээнд 8 давахгүй бол озэки цолоо ч алдана.

Харин манай озэки Хоошёорюү тэмцээний дундаар хоёр дараалан унасан ч тун нягт барилдсаар ёкозүна болох анхны боломжоо 100 хувь ашиглаж чадлаа. 1993 оноос хойш сүмо бөх ёкозүнагүй болох аюулыг, ялангуяа монгол аваргуудын замнал тасрах аюулыг тэр зогсоож чадлаа.

Мэргэжлийн сүмо бөхийн 74 дэх ёкозүна Хоошёорюү энэ сарын 29-нд болох Сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар албан ёсоор төрөн гарна. 68 дахь ёкозүна Асашёорюүгийн ач дүү. Нэгэн гэр бүл буюу ойрын хамаатнаас хоёр ёкозүна төрж байгаа нь сүмогийн түүхэнд хоёр дахь тохиолдол. “Дохёны чөтгөр” гэгдэж байсан анхны Ваканохана болон түүний ач дүү болох Ваканохана, Таканохана нарын гэр бүл 3 ёкозүнатай байсан билээ.

Өнөөдөр өглөө дэвжээн дээрээ хэвлэлийн бага хурал хийлгэсэн Хоошёорюү хоцорч ирээд “Уучлаарай, унтчихаж. Хамаг бие өвдөөд үнэхээр ядарчээ. Одоо ч гэсэн түрүүлсэндээ итгэхгүй, зүүдлээд байгаа мэт санагдаж байна. Аса ахаас утас, мессэж ирээгүй л байна. Албан ёсоор зарлаагүй байгаа болохоор цол хүлээн авахад хэлэх үгээ бэлтгэж амжаагүй байна. Улам хүчтэй болмоор байна” гэж сэтгүүлчдэд ярилаа.