UBLife Logo
Нийгэм

ФОТО СУРВАЛЖИЛГА | Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн хэлэлцүүлгийн ЭРГЭН ТОЙРОНД

ФОТО СУРВАЛЖИЛГА | Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн хэлэлцүүлгийн ЭРГЭН ТОЙРОНД

Өнөөдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 27-нд Төрийн ордны Их Эзэн Чингис Хаан танхимд тамхин бүтээгдэхүүний хэрэглээний эрүүл мэндэд үзүүлж буй хор нөлөөг бууруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий “ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэг, зөвлөгөөн боллоо.

2024 оны байдлаар Монгол Улс дахь тамхины хэрэглээ 28.4 хувьд хүрсэн нь ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлттэй орны тоонд багтаж байна. Тодруулбал, Монгол Улсад жил бүр тамхитай холбоотой 4,300 орчим нас баралт бүртгэгдэж байна. Мөн өсвөр насныхны дунд электрон тамхины хэрэглээ уламжлалт тамхины хэрэглээнээс давж гарсан буюу 13-17 насны дөрвөн сурагч тутмын нэг нь электрон тамхи татаж байна.

Энэхүү хэлэлцүүлэг, зөвлөгөөнд Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд, Ажлын хэсэгт ажиллаж буй Улсын Их Хурлын гишүүд, салбарын сайд нар, холбогдох төрийн байгууллагын төлөөлөл, үндэсний болон олон улсын эрүүл мэндийн мэргэжилтэн, эрдэмтэн, судлаач зэрэг 100 гаруй төлөөлөл оролцож Монгол Улсад тамхины хяналтыг бэхжүүлэхээр зөвлөлдөж байна.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт зарим талаар хангалтгүй байгаа. Мөн шинэ тутам үүссэн никотинтой тамхин бүтээгдэхүүн гарч эхэлсэн нь ямар нэг хуулийн зохицуулалтгүй, тусгай зөвшөөрөл, татварын зохицуулалтгүй байгаа тул энэ чиглэлд арга хэмжээ авах шаардлагатай” гэж байлаа.

Тус арга хэмжээний эхний өдөр бодлогын томоохон өөрчлөлт хийж, тамхины хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх, мөн олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдсэн бол хоёр дахь өдөр тамхины хяналтын үр дүнтэй бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай стратегийг хэрэгжүүлэх техникийн зөвлөгөөнөөр үргэлжлэх юм.

Мөн тус арга хэмжээний үед ДЭМБ-ын Тамхины Хяналтын Суурь Конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын дарга доктор Адриана Бланко Маркизо хэлсэн үгэндээ “Монгол Улс нь ДЭМБ-ын Тамхины Хяналтын Суурь Конвенцын (WHO FCTC) гишүүн орны хувьд олон улсын шилдэг туршлагатай нийцсэн, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах хүчтэй арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх үүрэг, боломжийг хослуулан ажиллах шаардлагатай байна” гэж онцоллоо.

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг нар энэхүү арга хэмжээг удирдан чиглүүлж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Тамхины хяналт эрүүл мэндийн талаас олон нийтэд яагаад чухал болох тухай илтгэлийг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр танилцууллаа.

Хүүхэд залуус болоод ирээдүйн хойч үеийнхээ төлөө тамхигүй орчныг бүрдүүлэх тухайд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн Халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлтийн хэлтсийн зохицуулагч Ши Ийн илтгэл тавив.

“Дэлхийн улс орнуудын тамхины татварыг нэмэгдүүлэх, үнийн бодлогын эрүүл мэнд, эдийн засагт үзүүлэх ашиг тус” сэдвийн хүрээнд ДЭМБ"-ын Эрүүл мэндийг дэмжих газрын Эрүүл мэндийн татварын хэлтсийн дарга Пол Жеремиас илтгэлээ тавьж, сонирхуулав.

Мөн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын тамхины хэрэглээ, хяналтын талаар Нийслэлийн Ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Г.Ууганцэцэг болон НЭМУ-ын доктор Т.Ариунтуяа нар үг хэлж, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг тус хэлэлцүүлгийг хааж үг хэлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.