UBLife Logo
Нийгэм

УТААНЫ СОНСГОЛ | Өнөөдөр бид сонсгол бус илтгэл тавихыг үзлээ

УТААНЫ СОНСГОЛ | Өнөөдөр бид сонсгол бус илтгэл тавихыг үзлээ

Утааны сонсгол хийх санаачилга өнгөрөгч оны арваннэгдүгээр сард гарч, нийт 71 мянган иргэн гарын үсэг зурсны дагуу 2025 оны нэгдүгээр сараас эхлэн дөрвөн удаагийн дэд хэлэлцүүлэг болж өнгөрсөн. 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн хорооны хуралдаанаар утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлыг хэсгийг 22 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, Ажлын хэсгийн ахлагч, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнг сонгосон юм.

  • Нэгдүгээр сарын 15-нд “Утааны асуудал: Эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байна вэ?” /Амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх/ сэдвээр эхний хэлэлцүүлэг болсон.

  • Нэгдүгээр сарын 22-нд “Утааны асуудал: Стандарт, хяналт” /Зуух, түлшний технологи/ сэдвээр хоёр дахь дэд хэлэлцүүлэг.

  • Нэгдүгээр сарын 29-нд “Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдвээр гурав дахь дэд хэлэлцүүлэг.

  • Нэгдүгээр сарын 31-нд “Утааны асуудал: Зуух түлшний технологийн шийдлүүд” сэдвээр дөрөв дэх удаагийн хэлэлцүүлэг тус тус болж өнгөрсөн.

Өнөөдөр болон маргааш буюу 2025 оны хоёрдугаар сарын 3-4-нд "Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл" сэдэвт Ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд болж байна.

Энэ хүрээнд өнөөдрийн хөтөлбөр ёсоор нийт дөрвөн илтгэл тавьж, өнгөрсөн удаад хэлэлцсэн асуудлаа сөхөн ярихаас хэтэрсэнгүй гэж оролцогчид хэлж байна. Илтгэгч тус бүрд 10 минутын хугацаа өгсөн бол, иргэдийн зүгээс санал мэдээллээ танилцуулахад нэг хүнд гурван минутын хугацаа оноож байгаа юм.

Өнөөдрийн сонсгол ерөнхий утгаараа иргэдийн бодол санааг сонсож, үүнд ямар шийдэл гарц байгаа тухай ярилцаж, өмнөх алдаагаа эргэн нэг харж, хүлээн зөвшөөрч, цаашдын шийдлээ олох ёстой чухал үйл явдал боловч шийдвэр гаргагчид үүнийг төдийлэн чухалчлахгүй байгаа нь танхимын уур амьсгалаас илэрхий мэдрэгдэж байлаа.

Утаанаас болж хохирч, өдөр бүр эрүүл аюулгүй амьдрах эрхээ хөндүүлж, хор уршгийг нь амьсгалаараа мэдэрч буй иргэд энэхүү сонсголд ихээхэн найдлага тавьж байсан ч илтгэл, танилцуулга, хуурай тоо, өөрсдийгөө өмөөрсөн тайлбар л өдрийн турш ханатлаа сонсов. Бид сонсголын хоёр дахь өдрөөс юу хүлээж болох вэ?

Б.Мөнгөнхишиг: Утааны сонсгол гэж дүр эсгэсэн, хуурай илтгэлээр дүүрсэн үйл ажиллагаа болоод өнгөрөх нь. Гэвч 71 мянган иргэн энэ сонсголыг хий гэж гарын үсэг зурахдаа юу гэж найдаж, юунд итгэж зурсан бэ гэдгийг бодох хэрэгтэй. Өнгөрсөнд гаргасан алдаануудаа бүгдээрээ хүлээн зөвшөөрье. Өнгөрсөн хэлэлцүүлгүүд, өнөөдрийн та бүхний тавьж байгаа илтгэлүүд ч тэр, та бүхэн үнэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Бид цаашдаа үйл ажиллагаагаа сайжруулъя, агаарын бохирдлыг бууруулъя, дараа өвөл арай цэвэрхэн агаараар амьсгалъя гэвэл өмнө нь гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч, нөхцөл байдлаа үнэн бодитоор үнэлэх хэрэгтэй байна. Эрчим хүч, байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол гээд бүх салбарын уялдааг холбоог хангадаг Засгийн Газрын тэргүүний түвшинд үүнийг хүлээн зөвшөөрч байж бид асуудлыг шийдэж чадна.

Урьд өмнө нь дандаа сайхан байсан, болоод байсан юм шиг мэдээллүүд өгч байна. Ингэж хуурвал бухимдлыг л бий болгоно. Буцаад үл итгэсэн байдал руу биднийг хөтөлнө. Тиймээс үнэн, шударга мэдээллүүд авмаар байна.

Түүнчлэн гаргаж байгаа хөтөлбөрүүдээ гадаад, дотоодын мэргэжилтнүүд дунд хэлэлцүүлдэг байх нь чухал. Бид сайжруулсан зуух, сайжруулсан түлш, одоо хий ашиглах гэж байна. Гэтэл нөгөө талд үүнийг судалсан мэргэжилтнүүд дулаалгын асуудал чухал гэдгийг ярьж байна. Бидний өнөөдрийн төлөвлөгөө ердөө хэрэглээний тухайд л байна.

“Breathe Mongolia“ ТББ-ын үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Энхүүн:

Өнөөдөр энэ танхимд хүмүүс яг л хоёр хуваагдчихсан юм шиг мэдрэмж төрж байлаа. Оролцогч иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын талд сууж байгаа хүмүүс нэг юм ярьж, шийдвэр гаргагчдын талд сууж байгаа хүмүүс бас нэг өөр юм ярьж байна. Утаан дунд багтарч ядаж байгаа хүмүүс уур бухимдлаа илэрхийлэх нь аргагүй шүү дээ. Харин үүнийг хүндэтгэлтэйгээр хүлээн авах нь шийдвэр гаргагчдын хариуцлагын асуудал боловч, тэдгээрийг үл анхаарсан, доошоо хараад суучихсан, уурлах янзтай байгаа нь өөрөө асуудал болоод байна.

Сонсгол гэж өнөө, маргаашдаа энэ янзаар дүн шинжилгээ, дүгнэлт бүхий илтгэл тавиад өнгөрөх байх. Гэхдээ энэ бүхний эцэст ямар үр дүн, шийдэл гарах вэ гэдэг л сонин байна. 71 мянган хүн гарын үсгээ зурж, сонсгол хийх болсон шалтгаан бол зүгээр нэг тоо, баримт шинжлээд өнгөрөх биш юм.

Бид энэ сонсголын дүнд агаарын бохирдлыг бууруулах тогтвортой бодлого, шийдэл гараасай гэж хүлээж байна. Энэ ажил төрийн уялдаа холбоогүй байдлаас шалтгаалж, үр дүнгүй явсаар байна. Төрийн байгууллагууд иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын саналыг сонсож, бодитой, үр нөлөөтэй шийдвэр гаргах нь чухал. Энэ бол аль нэг байгууллагын биш, Засгийн Газар, яамд, төрийн бүх байгууллагын хамтын хариуцлагын асуудал.

Түүнчлэн хяналт, шинжилгээний тогтолцоог сайжруулах шаардлагатай. Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан жил бүр гарах ёстой ч одоогоор нэг ч удаа нийтлэгдээгүй. Сүүлд 2021 онд хэрэгжилт нь 32 хувьтай байсан бол өнөөдрийн байдлаар ямар түвшинд байгааг тодорхой тайлагнах шаардлагатай.



“Breathe Mongolia“ ТББ-ын Уур амьсгал ба цэвэр агаархариуцсан ажилтан Д.Наранцэцэг:

Сонсголд оролцож байгаа төрийн албан хаагчдын хандлага иргэдийн бухимдлыг улам дэвэргэж байх шиг. Тэдний үл тоомсорлосон, “ингэж л байдаг” гэх хандлага нь бухимдал төрүүлж, итгэл алдрахад нөлөөлж байна. Хэлэлцүүлэгт ирсэн иргэдийн төлөөлөл хамгийн гол нь “Одоо яах гэж байна вэ” гэсэн асуултад хариулт авахыг хүсэж байгаа. Гэтэл бодитой хариулт өгөхөөс зайлсхийж, ерөнхий, тодорхойгүй үгээр аргалах хандлага давамгайлж байна. Ар гэрийн хоёр хүнээ угаарын хийн хордлогын улмаас алдсан иргэн “Хэдэн хүний амь эрсэдсэн тохиолдолд бодлого, шийдвэрээ өөрчлөх вэ” гэсэн асуултад “Гүн эмгэнэл илэрхийлье” гэхээс өөр хариулт, байр суурьгүй сууж байна шүү дээ. Энэ үнэхээр харамсалтай. Төрийн байгууллагууд ядаж хариуцлага тооцох, шаардлага хүргүүлэх тухай ч хөндөхгүй байна.

Уг нь энэ сонсгол зүгээр нэг хэлэлцүүлэг болоод өнгөрөх биш, бодит үр дүнд хүрэх ёстой. Бид өнгөрснөө эргэн харж, алдаа, оноогоо хүлээн зөвшөөрч, цаашдын богино, дунд, урт хугацааны, тогтвортой, уялдаа холбоотой бодлого, шийдэл хүсэж байна. Энэ асуудалд аргацаах байдлаар хандаад байж болохгүй.


Ерөнхий хяналтын сонсгол маргааш буюу хоёрдугаар сарын 4-ний мягмар гарагт үргэлжилж дуусах болно. Бид дахин нэг өдрийн зөвхөн илтгэл сонсож өнгөрөөх гэж үү?

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.