UBLife Logo
Спорт

“Манчестер Сити” клуб 23 настай Нико Гонзалесийг 50 сая паундаар эгнээндээ нэгтгэлээ

“Манчестер Сити” клуб 23 настай Нико Гонзалесийг 50 сая паундаар эгнээндээ нэгтгэлээ

Энэ улирлыг тааруу формтой эхлүүлсэн “Манчестер Сити” клуб нэгдүгээр сарын солилцоо наймааны цонхоор шинэ тоглогч худалдан авахад 180 сая паундыг зарцуулав.

Transfermarkt сайтын мэдээлснээр энэ нь 2023 оны өвөл “Челси”-гийн зарцуулсан 274 сая фунтийн дараагаар эрэмблэгдэх нэгдүгээр сард хийгдсэн солилцоо наймааны хоёр дахь өндөр зарлага юм.

Гонзалесийн тухайд, энэ өвөл “Сити”-гийн эгнээнд нэгдэж буй тав дахь тоглогч боллоо. Тэрбээр Английн аваргуудтай дөрвөн жил хагасын гэрээг үзэглэв.

Испани хагас хамгаалагч тэрбээр Ла Масиад хөлбөмбөгийн боловсрол эзэмшсэн бөгөөд 2019 онд “Барселона” клубээс мэргэжлийн замналаа эхлүүлж, 2023 оны долдугаар сард “Порто” руу 7 сая фунтийн төлбөрөөр буурь сэлгэсэн юм.

Улмаар “Порто”-гийн төлөө 68 тоглолтод оролцохдоо есөн гоол оруулж, есөн гоолын дамжуулалт бүртгүүлжээ.

"Би одоо 23 настай. Иймээс өөрийгөө Английн хөлбөмбөгт сорихыг хүсэж байна. Тэр тусмаа “Манчестер Сити” клубт. Тэдний бүрэлдэхүүнийг хар даа. Гайхашрахгүй байхын аргагүй, дэлхийн шилдгүүд энд чуулсан байна. Ийм бүрэлдэхүүний нэг хэсэг болохоос татгалзах хөлбөмбөгчин гэж байхгүй л болов уу. Түүнчлэн Пепийн алдар гавьяаг биширдэг. Түүнтэй хамтарч ажиллахыг тэсэн ядан хүлээж байна. Үнэн хэрэгтээ түүний багт дуудагдана гэдэг нэр төрийн хэрэг юм” гэж тэрбээр хэлэв.

“Манчестер Сити”-гээс тодорсон БаллонДор шагналын эзэн Родри есдүгээр сард бэртсэн тул тэд өдийг хүртэлх хугацаанд төвийн хагас хамгаалагчийн асуудалтай байсан. Энэхүү хоосон орон зайг нөхөхөөр Гонзалесийг авчирсан юм.

Премьер лигийн үнэмлэхүй аваргууд энэ өвлийн солилцоо наймааны цонхоор Гонзалесаас гадна Египет довтлогч Омар Мармуш, Бразил хамгаалагч Витор Рейс, Узбекистан хамгаалагч Абдукодир Хусанов, Сьерра-Леон хамгаалагч Жума Бах нарыг эгнээндээ нэгтгээд байна.

Сонирхуулахад, “Манчестер Сити” клуб 2017 оны зун Кайл Уолкер, Бенжамин Менди, Бернардо Силва, Эдерсон, Данило, Дуглас Луиз нарыг багтаа авчрахын тулд 225 сая фунт стерлингийн зардал гаргасан нь тус клубийн түүхэн дэх хамгийн өндөр зарлагатай солилцооны цонх болж бүртгэгдсэн байдаг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.