Хоёрдугаар сарын 15-ны өдөр Бөхийн өргөөнөө Халх Нөмрөгийн Буриад хошууны 100 жил, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 90 жилийн ойд зориулсан, улсын начин Дондогийн Цогзолдоржийн нэрэмжит улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан болж өндөрлөв.
Энэхүү барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат улсын начин Л.Энхсаруул түрүүллээ.
Тэрбээр улсын заан Д.Хүдэрбулга, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, Г.Бадрах, улсын начин Б.Түвшинтөгс, хурц арслан Н.Амгаланбаатар, арслан У.Батгэрэл, аймгийн заан С.Ган-Эрдэнэ нарын сайчуулыг давж улсын цолтнуудын барилдаанд хоёр дахиа түрүүлсэн нь энэ.
Л.Энхсаруул аймаг цэргийн цолтнуудын заалны барилдаанд мөн хоёр удаа түрүүлсэн амжилттай бөх.
Харин энэ наадамд үзүүрлэсэн улсын начин Б.Түвшинтөгсийн тухайд, улс аймгийн цолтнуудын барилдаанд нэг түрүүлсэн төдийгүй өнөөдөр гурав дахиа үзүүрлэсэн юм.
Их шөвөгт улсын заан Д.Анар, Д.Хүдэрбулга нар шалгарлаа.
Өнөөдөр Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат аймгийн заан Сугирын Доржпалам ассан зоригтой барилдаанаар Бөхийн өргөөг шуугиулсан юм.
Тэрбээр шинэ мянганы манлай бөхчүүд болох улсын заан С.Сүхбат, улсын начин Э.Батмагнай, Г.Дармаажанцан нартай дараалан барилдаад, давлаа. Улмаар дөрвийн даваанд улсын аварга О.Хангайд унасан юм.