UBLife Logo
Хөгжим
Хамгийн өндөр үнээр бүтсэн реп цомог: Канье Уэст

Хамгийн өндөр үнээр бүтсэн реп цомог: Канье Уэст

Ub.life
Ub.life

2010 онд дэлхийн шилдэг 100 цомгийн нэг болох реппер Канье Уэстийн “My Beautiful Dark Twisted Fantasy” /MBDTF/ цомог гарч байсан нь саяхан мэт. Гарсан даруйдаа хөгжмийн чартуудад толгой цохиж, 2012 оны Греммийн шагнал гардуулах ёслолоос “Шилдэг реп цомог” шагналыг аваад зогсохгүй поп соёлын урсгалд ч томоохон нөлөө үзүүлсэн билээ. Энэхүү цомог бүтсэн түүх, цомгийн талаар баримтуудыг уншигчдадаа хүргэе.

Канье Уэстийн карьерийн оргил үе

‘’MBDTF’’ цомог цацагдсан эхний долоо хоногтоо 496 мянган хувь борлогдож, Billboard 200 чартын нэгдүгээр байранд орсон. Pitchfork, Rolling Stone, Billboard зэрэг алдартай хэвлэлүүд үүнийг 2010-аад оны хамгийн шилдэг хип хоп цомог хэмээн нэрлэж байв.

''Runaway'' хөгжмийн клипийн хэсгээс

Цомогт багтсан дуунуудаас ‘’Runaway’-г онцлохгүй байх аргагүй билээ. Төгөлдөр хуурын цөөн хэдэн эгшиг нотыг нийлүүлсэн ая, өгүүлэмж зэрэг нь өнөө хэр сонсогчдын дунд алдартай хэвээр. Дуунд Канье алдаа дутагдлаа ухамсарлаж, өөрийгөө төгс биш асуудалтай хүн гэдгийг хүлээн зөвшөөрч, алдар нэрд хүрсэн ч дотоод ертөнцдөө өөртэйгөө, ганцаардалтайгаа хэрхэн зөрчилдөж байгаа талаар өгүүлдэг. Энэ дуугаараа нэрлэсэн 35 минутын турш үргэлжилдэг клипийг Канье өөрөө найруулж, гол дүрд нь өөрөө тоглосон бөгөөд цомогт багтсан бүх дууг тус бүрд нь утгачлан дүрсэлсэн байдаг. Клипэнд Канье финикс буюу галт шувуутай хайр сэтгэлийн холбоотой болж буйгаар дүрсэлдэг. Гэвч хүмүүсийн нийгэм галт шувууг хүлээн зөвшөөрөөгүй тул шувуу эцэст нь нисэж оддог. Энэ нь Каньегийн өөртэйгөө зөрчилдөж, аажим аажмаар нийгмээс тусгаарлагдаж буй байдлыг илэрхийлдэг.

Клипэнд гардаг галт шувуу

2009 онд Канье Уэст VMA шагнал гардуулах ёслолын үеэр дуучин Тейлор Свифтийг тайзан дээр үг хэлж байхад нь яриаг нь тасалж, Бейонсег өмөөрснөөрөө олон нийтээс багагүй шүүмжлэл хүртэж байсан. Тэрээр маш их стресс, сэтгэл гутралд орж, хэсэг хугацаанд урлагийн ертөнцөөс бүрмөсөн гарах тухай хүртэл бодож байв. Харин 2010 онд цомгоо гаргаснаар алдар хүндээ эргүүлэн сэргээж, хөгжмийн замналынхаа хамгийн оргил үед ирсэн гэж хэлж болно.

2009 оны VMA шагнал гардуулах ёслолын үеэр

Хамгийн шилдэг реп цомгуудын нэг бүтсэн түүх

2009 онд VMA шагнал гардуулах ёслолын үеэр гаргасан асуудлынхаа дараа Канье шинэ цомгоо бүтээхээр Хонолулу дахь Avex дуу бичлэгийн студид хэдэн сарын турш олны нүднээс бүгсэн гэдэг. Өдөрт дор хаяж 12 цагийг студи дээрээ өнгөрүүлж, Рианна, Ники Минаж, Жей Зи нараас эхлээд алдартай уран бүтээлчид, продюссеруудтай хамтран ажилласан юм. Цомгийг бүтээхэд нийт 3 сая ам.доллар зарцуулсан бөгөөд MBDTF нь реп жанрын цомгуудаас хамгийн өндөр өртгөөр бүтсэн цомог юм. Цомогт багтсан дуунууд бүгд симфони, рок, хип-хоп, электроник хөгжмийн хэмнэл зохицлыг гайхалтайгаар хоршуулсан гэдгээрээ онцлог. 

Канье энэхүү бүтээлээрээ өөрийн алдаа дутагдал, алдар нэрийн сүүдэрт талыг харуулахыг зорьсон. Алдар нэртэй байх нь түүнд маш их зүйлийг өгсөн ч үүнтэй зэрэгцэн олон нийтээс ирэх дарамт, шүүмжлэл дагуулж байгааг онцолдог. Үүгээр зогсохгүй Gorgeous дуунд гардаг “Face it, Jerome get more time than Brandon” гэх мөрөөр Америкийн нийгэм дэх арьс өнгөний асуудал, цагаан арьстай хүмүүсийн давамгайлал, хөгжмийн салбарт өнгөт арьстнуудыг дутуу үнэлдэг талаар шүүмжилсэн. Харин Runaway, Blame Game, Devil in a New Dress зэрэг дуу нь түүний хувийн амьдрал, хайр дурлалын харилцаандаа гаргасан алдаа дутагдлуудын талаар өгүүлдэг.  

Цомгийн ковер зураг юуг илэрхийлэв?

Цомгийн ковер зургийг уран бүтээлч Жорж Кондо бүтээсэн бөгөөд анх таван өөр хувилбар зурж, тэр дундаас сонгосон байдаг. Ковер зургийн дүрслэлийн хэв маягийн хувьд сюрреализм буюу жинхэнэ болон хийсвэр байдлын ялгааг дүрсэлсэн нь хүний дотоод зөрчлийг илтгэх бөгөөд хурц тод өнгийн нүд булаам хэр нь, хачирхалтай, эвгүйцэм харагдах дүрсүүд нь алдар нэртэй байхын давуу ба сул тал, ганцаардлыг илэрхийлдэг. Цомгийн нэр “My Beautiful Dark Twisted Fantasy” нь өөрөө гоо сайхан ба харанхуй гэсэн эсрэгцсэн утгатай тул ковер зургаараа цомгийн дуунуудын утга санааг харуулахыг зорьсон. Сонгогдсон зураг нь хэтэрхий илэн далангүй дүрслэлтэй байсан тул бүдгэрүүлж /cencored/ өөрчилсөн. 

Нийт 68 минут үргэлжлэх 13 дуунаас бүрдсэн энэхүү цомог тухайн цаг үед хэвшиж тогтсон хип-хоп урсгалын дуунуудад шинэ босго тавьж, 15 жилийн дараа ч шилдэг реп цомог гэсэн байр сууриа хадгалж, сонсогчдын хайр хүндлэлийг хүлээсэн бүтээл хэвээр байна. 

Цомгийг сонсохыг хүсвэл:

Apple music: https://music.apple.com/us/album/my-beautiful-dark-twisted-fantasy/1440742903

Spotify: https://open.spotify.com/album/20r762YmB5HeofjMCiPMLv

Бэлтгэсэн: Б.Цагаандалай

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.212.115.76
Donda 12 сая зарцуулсан гэж санагдаж байна. Гоё болжээ амжилт
ЗОЧИН\13.215.175.104
Wooow ymar goy boloo vee