UBLife Logo
#WomenWhoDare
#WomenWhoDare | Марэйкэ Гунше: Гэрэл зураг бол үнэний хэрэгсэл 

#WomenWhoDare | Марэйкэ Гунше: Гэрэл зураг бол үнэний хэрэгсэл 

Ж.Хулан
Ж.Хулан

2010 оны үед болов уу, Монголд Германы нэгэн гэрэл зурагчин үзэсгэлэнгээ дэлгэснийг сурвалжлан очсоноор Г.Марэйкэтэй анх танилцаж байжээ. Харин түүнээс хойш 15 жилийн хугацаанд Марэйкэ монголчуудын амьдралын өнгө, нийгэм, цаг үеийн үйл явдлыг сурвалжилж хэзээний танил болсон байна. 

Хүмүүсийн тухай, нийгмийн амьдралын өөрчлөлт, өрнөлийн тухай үргэлж эргэцүүлж, бүтээлдээ тусгадаг түүнтэй ярилцахад хэзээд шинэлэг, басхүү гэгээлэг байдаг билээ. Марейкэг өнгөрсөн намар „Гамма“ агентлагийн гэрэл зурагчин Б.Рэнцэндоржийн хамт „Гэрэл хайхуй“ үзэсгэлэнгээ дэлгэхэд нь ярилцсанаа хүргэж байна. 

-Марэйкэ хоёулаа таныг яагаад Монголд ирэх болсон түүхээр яриагаа эхэлье. Би тэр учрыг сайн мэдэхгүй юм байна. 

-Би Германд төрж, өссөн. Харин бага байхдаа зурагтаар гарч байсан киноны төгсгөлд Монголын тухай дүрслэл үзэж таарснаа бүдэг санадаг юм. Миний хувьд Монголын талаарх ойлголт, төсөөлөл ердөө л тэр байлаа. Гэхдээ яагаад Монгол руу тэмүүлэх болсноо үнэхээр мэддэггүй юм. Төв Европын улс учраас Германд Монголын талаар тэр бүр дурдаад байхгүй. Тэгэхээр хар багадаа харсан тэр л дүрслэл намайг ухамсаргүйгээр нааш хөтөлсөн байх гэж боддог. 

Харин том болоод Хамбургийн их сургуульд гэрэл зургийн чиглэлээр суралцаж, төгсөхдөө дипломын ажлаа хийхээр 2009 онд Монголд анх ирж байв. Тэр үед нэг сарын хугацаанд Монгол дахь феминизмийн үр нөлөөг судалж байлаа. Тухайн үед Элчин Сайдын яамнаас намайг „Гамма“ агентлагтай холбож өгсөн нь өнөөдрийг хүртэл энэ сайхан хамт олныг гэр бүл шигээ санан, дотносох эхлэл минь болсон. Улмаар нэг сарын хугацаатай ирсэн би бүр гурван сар Монголд амьдарч, дипломын ажлаа ч амжилттай хамгаалсан. Түүнийхээ дараа ч Монголд ирэхийг санаж, хүсэж байсан учраас эргээд ирсэн дээ. 

-Та яагаад гэрэл зурагчин болохоор шийдсэн юм бэ? 

-Би зургаан настайдаа анх удаа камер барьж үзсэн азтай хүн. Тэр камер маань тохируулга хийх боломжгүй, зүгээр л дурангаар хараад дарахад болох энгийн эд байв. Хэдий тийм боловч гэрэл зургийн гайхамшгийг тэгэхэд мэдэрч, зургаар дамжуулан үүх түүх, мэдээ, мэдээлэл хүргэхэд маш их татагдсан. Бас аав, ээж хоёр маань сэтгүүлч учраас манай гэр бүлд ер нь асуудал дэвшүүлэх, түүх өгүүлэх яриа хөөрөө тасардаггүй байлаа. Миний хувьд тэднээс үгээр биш дүрслэлээр өөрийгөө илэрхийлдгээрээ ялгаатай байх. Ингээд 15, 16 настайдаа би гэрэл зурагчин болох ёстой юм байна гэдгээ ойлгож, харанхуй өрөөндөө хальс боловсруулж эхэлсэн. Энэ явцдаа гэрэл зургийн хүч, үр нөлөөг улам их мэдэрч, юунд дуртайгаа эртхэн олж, хөгжүүлж суралцсандаа маш их баярладаг. 

Надад гэрэл зураг гэдэг тусдаа нэгэн хэл юм шиг санагддаг. Гэхдээ хүн бүр ойлгох боломжтой, түгээмэл хэл гэж байдаг бол нь тэр нь гэрэл зураг ч юм шиг. Дүр дүрслэлээр дамжуулан бусдын сэтгэлийг хөдөлгөж, хүмүүсийг дотносуулж, ойлголцуулах гэхчлэн маш их зүйлийг илэрхийлж болдог. Нөгөө талаар энэ бол урлагийн нэг төрөл. Онцлог нь харин гэрэл зураг бодит байдалд хамгийн ойр хэр нь бодит байдал бас биш. Тэгэхээр эсрэгцлийн нэгдэл ч юм шиг. 

-Тийм ээ. Гэрэл зураг нэг л товчлуур дарж байгаа мэт боловч түүний илэрхийлэл хэмжээлшгүй байх. 

-Яг тийм. Түүх өгүүлж, илэрхийлнэ гэдэг гэрэл зурагчныг камер барьсан энгийн нэг хүнээс ялгадаг гол зүйл гэж би боддог. Гэрэл зурагчин хүний дотор бусдад хүргэж, түгээх сэн гэх үзэл санаа, үүх түүх үргэлж буцалж байдаг. Тиймээс би аливаа шинэ төсөл, ажил эхлүүлэхдээ өөрийнхөө дотор төрсөн асуултаас эхэлдэг. Түүнийхээ хариултыг эрж хайж, ойлгож, хүмүүстэй ярилцаж, амьдралынх нь гүнийг ойлгож, өнгийснөөр зургаа авч, хариулт нь ирдэг. Тиймээс жинхэнэ гэрэл зургийн бүтээл маш олон хүнтэй харилцан ярьж, ойлголцсоноор төрдөг. Энэ үйл явц болоод олж авсан, ойлгож, мэдэрснээ дүрслэлд буулган илэрхийлэх маш сайхан. 

-Гэхдээ бусдын итгэлийг тийнхүү олж, өөрийгөө нээх тав тухыг нь бий болгоно гэдэг маш их хүчин чармайлт байх аа, тийм үү? 

-Тийм ээ, энэ харилцаа маш их хугацаа шаарддаг. Үүнийг хүмүүс тэр бүр ойлгодоггүй л дээ. Ер нь сайн гэрэл зураг авахад маш их хугацаа ордог шүү. Зургаа эхлээд төсөөлөн бодно. Судалгаа хийж, эрж хайна. Улмаар санаагаа олно. Тэгээд хүнээ олно. Тэдний итгэлийг олохын тулд маш их цаг зарцуулна. Энэ утгаараа гэрэл зураг басхүү хамтын бүтээл гэж хэлж болно. Учир нь, хүмүүс надад асуудал, амьдралаа ярьдаг бол би түүнийг дүрслэл болгодог. 

Би зүгээр л хэнийг ч хамаагүй, юуг ч хамаагүй дарахыг хүсдэггүй. Дүрслэлд минь буух хүндээ юу хүсэж байгаагаа ойлгуулах, итгэх, итгэлийг нь дааж хамтран ажиллахыг хүсдэг. Жишээ нь, ХДХВ-ийн халдвартай хүмүүстэй ярилцаж хийсэн миний нэгэн төсөл бий. Тэдний түүхийг сонсож, уудална гэдэг ямар хөндүүр гээч. Ярилцаж байхдаа сэтгэл хөдөлнө, шанална, уйлна. Гэлээ гээд би хойш суух дүргүй, учир нь тэр бол бодит үнэн түүх шүү дээ.  Хүн бүрийн амьдрал аз жаргалтай байдаггүй. Бүгд л дотроо чөтгөртэй тулж байдаг, түүнийгээ надтай хуваалцдаг хүмүүст би талархдаг. Гэхдээ мэдээж үргэлж бусдын амьдрал, түүхийн хүнд, хэцүүг сонсох нь өөрт маш хүнд байдаг учраас би аль болох их алхаж, сонссоноо дотроо эргэцүүлж, шингээдэг. 

-Таны дипломын ажлын тухай эргээд асуухад 2009 онд таныг ирэхэд Монгол дахь феминизмийн асуудал тийм ч өргөн хүрээний сэдэв биш байсан байх. Монголд ирж, феминизм судлах болсон шалтгаан юу байв? 

-Тэр үед феминизм шинэ боловч жендэрийн тэгш байдлын асуудал хөндөгддөг байсан шүү. Судалгааны ажлынхаа үеэр олон мундаг монгол эмэгтэйчүүдтэй уулзаж байлаа. Тэд надад “Бидэнд феминизм биш, тэгш эрх хэрэгтэй” гэж хэлж байлаа. Мэдээж феминизм гэдэг бол илүү онолын, академик ойлголт л доо. Харин тэгш эрхийн асуудал бол бидний өдөр тутмын амьдралд тулгардаг, хүрээлэн буй орчны нөхцөл байдал. Хоёр тусдаа мэт боловч үнэндээ ижилхэн ойлголт. Магадгүй нэг нь илүү оюун ухаандаа бодолхийлэх асуудал бол, нөгөө нь илүү прагматик, амьдарч буй орчин, эргэн тойрны тусгал. Үүнийг олон хүн хэлж, ярьж байлаа. Монгол бол эрчүүд ноёлсон, Азийн уламжлалт нийгэм мэт боловч үнэндээ эмэгтэйчүүдийн нуруун дээр яваа улс гэдгийг тэгэхэд харсан. Ялангуяа, нийгмийн эд эсийн түвшинд эмэгтэйчүүд илүү эрх мэдэлтэй, илүү их хариуцлага хүлээдэг. Гэхдээ өргөн хүрээний шийдвэр гаргах түвшинд болоод ирэхээр эрчүүд давамгай. Энэ нөхцөл байдал зөвхөн Монголд ч биш, дэлхий даяар л ийм байна. Дэлхийн ямар ч улс тэгш эрхийн диваажинд хүрчхээгүй учраас одоо ч бидэнд хийх зүйл маш их бий. 

-Нээрэн би таны үзэсгэлэнгээс “Бидэнд феминизм, биш тэгш эрх хэрэгтэй” гэсэн тайлбартай зураг харснаа санаж байна. Гэхдээ тэр үед сайн ойлгоогүй өнгөрсөн юм байна. 

-Энэ үг надад ихийг бодогдуулсан. Уг нь би өөрийгөө феминизмийн тухай маш их мэднэ гэж боддог байлаа. Багаасаа л феминизмтэй холбоотой бүхий л классик ном, зохиолыг уншсан. Харин Монголд иртэл энэ тухай тийм ч их ярьдаггүй болохыг харлаа. Гэхдээ тэгш эрхийн тухай ойлголт, тэмцэл бол байсан. Тиймээс илүү их судалж, магадгүй практикал феминизм гэдэг талаас нь харж, ойлгохыг хичээж байв. 

Эргээд бодох нь ээ, би урьд нь аливааг зөвхөн өөрийнхөө хүрээнд, ямар өнгөц харж байж вэ гэдгээ ойлгосон. Одоо шинэ төсөл, сурвалжилга хийх бүрдээ би энэ мэдрэмжийг авдаг. Учир нь, шинэ хүмүүстэй ярилцах бүрд аливаа асуудлыг би өөрийн толгойд хэдийн суусан ойлголт, итгэл үнэмшлээрээ харж байжээ гэдгээ мэдэрдэг. Гэхдээ ингэж оюун санаагаа нээж, тэлж, хуучин бодлоо өөрчлөх үйл явц их сайхан. Нөгөө талаар энэ бол байнга суралцах үйл явц шүү дээ. 

-Та хүний эрх, феминизм гэхчлэн нийгмийн асуудлууд хөндсөн гэрэл зураг их авдаг. Ингэж тодорхой сэдвээр, тодорхой асуудлыг барьж авч ажиллах нь ямар байдаг вэ? 

-Гэрэл зургийн түүхийг эргэн сөхвөл анх хөрөг зургаас эхлэлтэй байдаг. Нийгмийн тодорхой байр суурьд хүрсэн хүмүүс л зургаа авхуулдаг, тэр нь өндөр ч үнэтэй байж. Харин баримтат гэрэл зураг үүссэн тохиолдол нь дайны үед байж. Ингэж цаг үеийн түүхийг баримт болгон авч үлдэхийг зорьж байж л дээ. 

Аль ч нөхцөл байдлаас үл хамааран гэрэл зурагт хэзээд байсан нэг мөн чанар нь энэ бол үнэний хэрэгсэл. Авсан агшин бүр үнэнийг буулгаж үлдээж байдаг. Ингээд бодохоор бодит үнэнийг буулгах гэж гэрэл зураг авдаг, түүнийг үзүүлдэг, бас юуг өөрчлөх ёстой вэ гэдгийг харуулдаг. 

Гэхдээ надад байдаг нэг эргэлзээ нь гэрэл зураг бодит байдлын тусгал боловч бас бүрэн дүүрэн биш. Учир нь, зурагт бодит байдлын аль хэсэг багтав, гэрэл зурагчин ямар өнцгийг харуулав гэдэг чухал. Тэгэхээр энэ бол гэрэл зурагчны бодож, төлөвлөсөн “үнэн” гэсэн үг. 

Надад гэрэл зурагчны хувьд нийгмийн асуудлуудыг олж харах нь үргэлж чухал байсаар ирсэн. Би үүгээр өөрчлөлт авчирч чадна гэдэгтээ итгэдэг. Гэрэл зураг бол хүмүүстэй холбогдох, тэдний түүхийг өгүүлэх, өөр өөр амьдралын түүхтэй хүмүүсийн сэтгэл хөдлөл, бодол санаа гээд бүхнийг илэрхийлэх боломж. Ингэснээр хүмүүс бусдынхаа түүхийг харж, ойлгож, өөрсдийн хэвшмэл ойлголт, хандлагаа өөрчлөх боломжтой. Жишээ нь, би ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаа хүмүүсийн тухай төсөл хийхэд түүнийг харсан үзэгчид цоо шинэ төсөөлөл, мэдээлэл, мэдрэмж авч байв. Энэ л надад хамгийн үнэ цэнтэй санагддаг. 

Тэгэхээр гэрэл зураг хөрөг, спорт, загварын гэхчлэн мэргэжлийн үүднээс олон янз хэдий ч, миний хувьд баримтат гэрэл зурагт үргэлж сонирхолтой байсан. Мөн хөрөг зургийг баримтат сэдвийн илэрхийлэл болгож авдаг. 

-Та Герман, Англи, Монголд гээд олон газар гэрэл зураг авлаа. Өөр, өөр оронд ажиллахад ямар санагддаг вэ? Монголчууд мөн ямар онцлогтой вэ? 

-Тийм ээ, таны дурдсанаар гадна би Тайланд, Бутан, Орос гээд олон оронд ажиллаж, олон гайхалтай хүнтэй учирсан аз завшаантай. Харин нэг хүндрэлтэй тал нь очсон орныхоо хэлээр ярьж чаддаггүй байх үед жаахан хэцүү. Гэхдээ гэрэл зураг намайг хүмүүстэй харилцах, нээгдэх нэгэн холбоос болж өгдөг. Гадаад улсад ажиллахад бусдын соёлд хүндэтгэлтэй хандах, анхааралтай ажиглах, тогтсон, хэвшмэл ойлголтоор хандахгүй байх нь чухал. Ердөө л нэг том цагаан цаастай очиж байна гэж төсөөлөөд тэр хүмүүсийн түүхийг өөрсдийнх нь хэл, өгүүлэмжээр бичих боломжийг олгох ёстой. Би үүнд л суралцаж яваа хүн. 

Онцлог, ялгаа гэвэл Герман, Англид гэрэл зураг мэргэжлийн хэлбэрээр, илүү урт хугацаанд хөгжсөн тул хүмүүс гэрэл зургийг арай нухацтай хүлээж авдаг, мэргэжлийн үүднээс хардаг. Монголд ч бас үүнийг хүсэл тэмүүлэл төдийгүй мэргэжлийн үүднээс харж үнэлээсэй гэж боддог. Мөн нийгмийн үнэлэмжийн хувьд ч тэр маш их цаг хугацаа, судалгаа, хүч хөдөлмөр зарцуулж байж сайн зураг авдаг гэдгийг таньж мэдээсэй. Сайн гэрэл зураг гэдэг бол юутай ч харьцуулшгүй үнэ цэнтэй. Мэдээж аль ч улсад ялгаагүй бүх хүн гар утастай болж, маш хялбараар гоё зургууд авч байна. Гэхдээ тэр бүхэн гэрэл зураг биш л дээ. 

-Тэгээд юу гэж? 

-Би гар утасны зургуудыг дижитал тэмдэглэл гэж нэрлэх дуртай. Харин гэрэл зураг бол илүү утга учиртай түүх, илэрхийлэл. 

-Та Монголд гэрэл зураг заах болсон тухайгаа яриач. 

-Соёл урлагийн их сургуульд Гэрэл зургийн анги нээгдэх үед намайг багш болооч гэсэн юм. Тэр үед бэлтгэл үе шатандаа явж байсан гэхээр 2014 онд юм байна. Ингэж би анх их сургуультай холбогдож байсан бөгөөд 2019 онд энэ анги албан ёсоор нээгдсэн. Залуус Монголдоо гэрэл зургийн мэргэжил ингэж эзэмших боломж тэлсэн нь надад их сайхан санагддаг. Учир нь, Монголын бусад мундаг гэрэл зурагчид ихэвчлэн өөрөө бие дааж сурсан, эсвэл өөр улс оронд, урт, богино хугацаагаар суралцсан байдаг. 

Жинхэнэ гэрэл зургийн боловсрол олж авна гэдэг техникийн үүднээс, уран бүтээлийн үүднээс маш өргөн хүрээний мэдлэгтэй болохын нэр шүү. Энэ бол зүгээр нэг камертай харилцаж сурахаас өөр. Харилцаа, илэрхийлэл, ёс зүй гээд энд олон зүйл багтана. Зарим зүйлийн зургийг авч болох уу, миний зураг ямар санаа илэрхийлэх гээд байна гэхчлэн олон талаас бодож сурна. 

Гэрэл зурагчин хүн өөрийнхөө ажлыг өөрөө л хариуцдаг. Харин би Монголд гэрэл зургийн оюутны хувиар ирж байсан бол одоо өөрөө үүнийг зааж байна. Монголын ирээдүйн авьяастнуудтай ажиллаж байгаа минь тун сайхан хэрэг. 

"Гэрэл хайхуй" үзэсгэлэнгийн нээлт, 2024

-Та Монголд хэр их зураг авсан бэ? 

-Хөөх, ёстой хэлж мэдэхгүй нь, 15 жил шүү дээ. Би Монголд дипломын ажлаа хийж эхлэх үедээ хальсаар зураг авдаг байсан. Тэр үед Улаанбаатарт хальс боловсруулах нэг л газар байсан. Харин нэг удаа Бээжин рүү хальсаа боловсруулах гээд явахад 30, 40 хальс цүнхэндээ авч явж байснаа санадаг. Энэ бүхнээ ном болгох сон гэж боддог, гэхдээ маш их ажил л даа. 

Сонирхуулахад, би “Гамма” агентлагийн Б.Рэнцэндоржтой хамт олон сурвалжилга хийсэн. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улс гайхалтай өөрчлөгдөж байна, үүнийг үзэж, туулах надад маш сонин байдаг. Энгийн нэг жишээ гэхэд намайг Монголд анх ирэх үед аятайхан кофены газар цөөн байлаа шүү дээ. Харин өнөөдөр Монголын кофены соёл тэс ондоо түвшинд хүрсэн. Нийгмийн амьдралын хувьд ч тэр маш их өөрчлөлт гарч байгааг харж байна. Намайг анх ирэхэд ЛГБТ арга хэмжээнүүд нууц, андэрграунд байсан бол одоо Прайд яаж болдог болсныг харахад гайхалтай. 

-Таны үзэсгэлэнгийн тухай ярилцъя. Ямар санаа үүтгэлээс эхлэв? 

-2024 онд Монгол-Герман улсын хооронд найрамдалт харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиолоо. Мөн миний хувьд Монголд анх ирж гэрэл зураг авснаас хойш 15 жил болж байгаа нь сайхан давхцал санагдсан. Ингээд Рэнцэнтэй ярилцаад бид “Гёте” институтийн дэмжлэгтэйгээр үзэсгэлэнгээ дэглэх боломж гарч бүтээлээ толилууллаа. Мэдээж нийгэм, цаг үеийн өөрчлөлтийг тусгах нь чухал ч бас энэ хугацаанд ямар амжилтад хүрэв гэдгээ ч зогсож харах нь чухал шүү дээ. Энэ утгаараа бид өнгөрсөнд авсан зургуудаа эргэн харж, юуг чухалчлан тусгаж вэ гэдгээ бодолхийлсэн. 

-Үзэсгэлэнгийн танхимыг харахад Рэнцэнгийн зургууд нийгмийн сэдэвтэй, хар бараан тусгалтай гэмээр харин таных маш өнгөлөг, гэхдээ мөн л асуудал хөндсөн зургууд санагдсан.

-Баярлалаа, би ийм сэтгэгдлүүд сонсох дуртай. Тийм ээ, Рэнцэн бид хоёр хэн хэн нь нийгмийн асуудал хөнддөг ч түүний харуулдаг өнцөг гэрэл зургийн сэтгүүл зүйн талынх бол би хөрөг зургаар дамжуулан харуулдаг. Бид нэг хэлээр, гэхдээ магадгүй өөр аялгаар ярьдагтай зүйрлэж болно байх. Гэхдээ эцсийн дүндээ бид дүр дүрслэлээр дамжуулан өөрчлөлт авчрахыг зорьдог. Мөн үзэсгэлэнд маань гэрэл зургийн магистрын ангийн оюутнуудын маань бүтээл гарсан. Маш сайхан байсан. 

-Таны хөндсөн сэдвүүд монголчуудын тэр бүр нээлттэй, ил ярьдаггүй сэдвүүд шиг санагдсан. Жишээ нь, улс төрийн үзэл хандлага, ЛГБТ олон нийт, гэр бүлийн хүчирхийлэл гэхчлэн асуудлыг та хөнджээ. 

-Тийм ээ, нийгмийн асуудлуудыг тэр бүр ярьдаггүй нь зөвхөн Монголд ч биш л дээ. Жишээ нь, би Англид ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаа хүмүүсийн түүхийг өгүүлсэн цуврал хийсэн. Тэнд мөн л энэ сэдвээр тэр бүр яриад байдаггүй. Харин одоо бол халдвар авахаас сэргийлэх ядаж л эмийн эмчилгээ гарсан. Энэ бол 1980-аад оноос хойш гарсан маш том дэвшил. 

Ер нь энэ бүхнийг буюу ярьдаггүй зүйлсийг гаргаж, илэрхийлэх нь л гэрэл зургийн хүч. Бид асар хурдтай өөрчлөгдөж буй энэ ертөнц, зогсолтгүй ирэх утасны сонордуулга дунд түр зогсоод аливааг эргэцүүлэх цаггүй болчихсон. Мөн хүн бүр өдөр бүр маш их мэдээлэл, зургаар булуулж байна. Тиймээс түр зогсоод, эргэн тойрноо эргэцүүлж харах цаг хугацаа гаргах нь чухал. 

-Таныг Англид эмэгтэйчүүдэд зориулсан гэрэл зургийн сургалт явуулдаг гэж дуулсан. Яагаад ингэж тусгайлах болов? 

-Би гэрэл зургийн талбарт 25 жил ажиллаж байна. Энэ салбарт эрэгтэйчүүд давамгай байдаг. Би анх Берлинд улс төрийн зурагчин хийж эхлэхэд 50 эрэгтэй зурагчин, 2 эмэгтэй зурагчин ажилладаг байлаа. Зөвхөн зургаа аваад зогсохгүй гэрэл зургийн редактор, сэтгүүлийн эрхлэгч зэрэг шийдвэр гаргах түвшний хүмүүс нь ч эрэгтэй. Тиймээс би гэрэл зурагт эмэгтэйчүүдийн харах өнцөг, дуу хоолой илүү байгаасай гэж хүссэн. 

Гэрэл зураг гэлтгүй юуг ч тэр заахад өрөөнд эрэгтэй хүн орон зай илүү эзэлж суудаг. Эрэгтэйчүүд илүү их ярьж, илүү чанга дуутай байдаг. Бид патриарх соёлын нийгэмд амьдарч байна л даа. Энэ байдал нь сүүлдээ үл анзаарагдам, ийм л байдаг мэт болж хэвшсэн. Тиймээс би эмэгтэйчүүдэд зориулсан тэд чөлөөтэй өөрийгөө илэрхийлэх хангалттай орон зай бий болгохыг хүссэн юм. 

Нөгөөтээгүүр, техникийн ур чадвараас шалтгаалан камертай сайн харилцаж чаддаггүй эмэгтэйчүүд олон байдгийг би мэднэ. Эмэгтэйчүүд “Өө би техник мэдэхгүй” гээд хойш суух нь ч бий. Гэтэл энэ тийм ч толгой эргүүлсэн зүйл биш байдаг. Харин илүү сурах, анхаарах ёстой зүйл нь дүрслэлийн хэл шүү дээ. Хүнийг зургийн хүрээний баруун талд оруулах уу, зүүн талд нь уу энэ бүхэн зургийн агуулгад өөр өөрөөр нөлөөлж байдаг. Би үүнийг л заахыг хичээдэг. 

Би гэхдээ эрчүүдэд хайргүй юм биш шүү. Зүгээр л патриарх соёлоос улбаалаад эрэгтэй, эмэгтэй хүмүүст зарим боломж ялгаатай хүрээд байгаа юм. Тэгээд л би эмэгтэйчүүдэд тэр боломжийг олгох юм сан гэж бодсон. Бид бие биеэ дэмжих нь чухал шүү дээ, нэгнийхээ жижиг амжилтыг ч болов тэмдэглэн ойлгодог бол гоё. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.