Хэзээ нэгэн цагт танд амьтан тэжээх талаар бодол төрж байсан уу? Амьтад зөвхөн гэрийн тэжээвэр амьтан байгаад зогсохгүй бидний гэр бүл, үнэнч нөхөр болж, эздийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд ч эерэг нөлөө үзүүлдэг ажээ. Сүүлийн жилүүдэд энэ талаар олон судалгаа хийсэн нь стресс, ганцаардал, сэтгэл гутрал зэрэг олон сэтгэл зүйн асуудлуудыг бууруулахад үр дүнтэй болохыг нотолжээ. Өхөөрдөм үслэг найзууд маань бидний сэтгэл санаанд хэрхэн эергээр нөлөөлдөг талаар таван өөр судалгааны үр дүн хэрхэн гарсныг баримтаар хүргэе.
Амьтан тэжээх нь стрессийг бууруулдаг
2019 онд АНУ-ын Вашингтоны их сургуулийн хийсэн судалгаагаар нохой болон муур тэжээдэг хүмүүсийн кортизол буюу стрессийн даавар амьтан тэжээдэггүй хүмүүстэй харьцуулахад бага байдгийг тогтоосон. Судалгаанд хамрагдсан оюутнууд тэжээвэр амьтдаа тэврэх, эрхлүүлэх үед тайван бус байсан сэтгэл санааны байдал мэдэгдэхүйц хурдан тайвширч байжээ.

Сэтгэл гутралд өртөхөөс сэргийлж, сэтгэл ханамжийг нэмэгдүүлнэ
Тэжээвэр амьтад нь хүний окситоцин /аз жаргалын даавар/-ын ялгаралтыг нэмэгдүүлдэг. Британийн Психологийн нийгэмлэгийн мэдээлсэнээр, гэртээ амьтан тэжээдэг хүмүүсийн дунд хийсэн судалгаагаар тэдний 74 хувь нь тэжээвэр амьтантайгаа цагийг өнгөрүүлэх өөрсдийг нь илүү аз жаргалтай болгодог гэж хариулсан байна.
Ганцаардлыг багасгана
Өндөр настай болон ганцаараа амьдардаг хүмүүсийн хувьд амьтан тэжээх нь сэтгэл гутралаас сэргийлж, ганцаардлын түвшинг бууруулах чухал хүчин зүйл юм. Австралийн Сиднейн их сургууль нэгэн туршилтыг явуулсан бөгөөд 55-60 насны таван хүнд сарын турш нохой тэжээлгэж, амьтан тэжээхээс өмнө болон дараа сэтгэл санаанд нь гарсан өөрчлөлтийг харьцуулсан юм. Нэг сарын турш нохой тэжээсэн таван хүний сэтгэл санааны байдалд мэдэгдэхүйц эерэг өөрчлөлт гарсан бөгөөд тэд үргэлжлүүлэн амьтан тэжээх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Хөдөлгөөн болон биеийн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй
Тэжээвэр амьтан, тэр дундаа нохой тэжээх нь зөвхөн сэтгэл зүйд бус, биеийн эрүүл мэндэд ч тустай ажээ. АНУ-ын Зүрх Судасны Нийгэмлэгийн мэдээлсэнээр нохой тэжээдэг хүмүүсийн өдөр тутмын биеийн хөдөлгөөн нэмэгдэж, цусны даралт тогтвортой байдаг тул зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл багасдаг байна. Учир нь амьтад эзнийхээ хөдөлгөөн, идэвхтэй амьдралын хэв маягийг нэмэгдүүлдэг.

Амьтан хүний бие махбод болон сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулахад тал талын нөлөөтэй гэдгийг шинжлэх ухааны олон судалгаа харуулж байна. Хэрэв та стрессээ багасгаж, ганцаардлыг даван туулах, амьдралаас авах сэтгэл ханамжаа нэмэгдүүлэхийг хүсэж байвал өөрт тохирох амьтнаа тэжээж үзэх нь нэгэн сайхан сонголт байж болох юм.
Бэлтгэсэн: Б.Цагаандалай