UBLife Logo
Амьтан

Хонконгт тэжээвэр амьтандаа зориулан үнэмлэх авах трэнд дэлгэрч байна

Хонконгт тэжээвэр амьтандаа зориулан үнэмлэх авах трэнд дэлгэрч байна

Сүүлийн жилүүдэд Хонконгт тэжээвэр амьтдын зураг бүхий, улсын иргэний үнэмлэхтэй төстэй “identity card” загварын карт худалдаалах үзэгдэл сошиал орчинд түгээмэл болжээ. Эдгээр картууд нь гаднаасаа жинхэнэ иргэний үнэмлэхтэй тун төстэй харагддаг тул зарим хэрэглэгчид тэднийг албан ёсны бичиг баримт гэж эндүүрэх тохиолдол гардаг байна. Зарим хэрэглэгчид эдгээр зургийг Хонконг амьтдад албан ёсны иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгал, хоолны татаас өгдөг мэтээр ойлгож, олон нийтийн сүлжээнд түгээсэн тохиолдол ч бий.

Гэвч олон улсын болон бүс нутгийн мэдээлэл нягтлах байгууллагууд эдгээр мэдээллийг удаа дараа няцаасан байна. Тухайлбал, АНУ-ын Lead Stories платформ Хонконг амьтдад албан ёсны үнэмлэх, насан туршийн даатгал, хүнсний дэмжлэг олгодог гэх мэдээлэл худал болохыг шалгаж баталсан. Мөн Misbar хэмээх Арабын fact-check байгууллага эдгээр “ID card” нь бодит бичиг баримт биш, харин худалдааны зориулалттай наалт, сувенир бүтээгдэхүүн гэдгийг тодруулжээ.

Хонконгийн засгийн газраас амьтдад зориулсан албан ёсны “иргэний үнэмлэх” олгодоггүй. Харин зөвхөн нохойд зориулсан микрочип болон лицензийн систем үйлчилдэг. Амьтан хамгаалах бодлогын хүрээнд нохойг 5 сараас дээш настай бол заавал микрочип суулгуулж, бүртгүүлэх шаардлагатай байдаг. Энэ нь гээсэн нохойг эзэнтэй нь холбох, мөн галзуу өвчний хяналтыг сайжруулах зорилготой. Мөн нохойны лицензийг гурван жил тутам шинэчилж, вакцинжуулалтыг давтан хийлгэх шаардлагатай.

Олон нийтэд тархсан “HK pet ID” картууд нь албан бус бүтээгдэхүүн бөгөөд ихэвчлэн буяны байгууллага болон онлайн худалдаачдын бүтээл байдаг.

Хонконгийн албан ёсны систем зөвхөн нохойны бүртгэл, микрочип, вакцинжуулалтаар хязгаарлагддаг. Муурын хувьд лицензийн шаардлага байхгүй ч 2024 оноос эхлэн лицензтэй худалдаачдаар дамжуулан зарагдах муурыг микрочиптэй байх шаардлага бий болжээ. 2024 оны байдлаар тус хотод 158,000 орчим нохой бүртгэлтэй байна. Гэсэн ч зарим тайлангаар эзэнгүй хаягдсан амьтдын ихэнх нь хугацаа хэтэрсэн эсвэл огт бүртгэлгүй байдаг нь тогтоогджээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...