UBLife Logo
Амьтан

Бодит уу, худал уу? | Тэжээвэр амьтны хэлийг ойлгох “орчуулгын” 8 аппликэйшн

Бодит уу, худал уу? | Тэжээвэр амьтны хэлийг ойлгох “орчуулгын” 8 аппликэйшн

Орчин үеийн технологи хөгжихийн хэрээр хүмүүсийн болон амьтдын хоорондын харилцааг сайжруулах зорилготой аппууд олноороо гарч байна. Гэвч эдгээр апп үнэхээр үр дүнтэй байж чадах уу, эсвэл зүгээр л зугаацуулах зориулалттай зүйл үү?

Муур, нохой нь гэр бүлийн гишүүдтэй адилхан бидний амьдралын салшгүй хэсэг бөгөөд тэдний юу бодож, юуг мэдэрч байгааг ойлгох нь мэдээж хүн бүрд сонирхолтой санагдана. Тиймээс эдгээр орчуулагч аппууд нь амьтны дуудлагыг хүний хэл рүү хөрвүүлэх, эсвэл хүний хэлээр ярьсан зүйлийг амьтанд ойлгогдох хэлбэрт хувиргана гэх онцлогтойгоор хэрэглэгчдийн сонирхлыг татаж байна.

1. PawsTalk: Pet Translator

iOS үйлдлийн системд зориулсан энэхүү апп нь муур, нохойн дуу авиаг бичиж, тэдгээрийг ойлгомжтой мессеж болгон хөрвүүлэхийг оролддог. Мөн урьдчилан бичигдсэн амьтдын дуу авианы санг агуулдаг.

2. DogSpeak: The Dog Translator

iOS-д зориулсан энэ апп нь нохойтойгоо харилцах хөгжилтэй аргыг санал болгодог. Энэ нь таны нохойн анхаарлыг татах дуу авиаг гаргаж, тоглоомын байдлаар харилцах боломжийг олгодог.

3. Human to Dog Translator

Android болон iOS-д зориулсан энэ апп нь таны хэлсэн үгийг нохойн дуу авианд хөрвүүлж, нохойтойгоо харилцах боломжийг олгодог гэж сурталчилдаг.

4. Dog Translator Simulator

Android болон iOS-д зориулсан энэ апп нь нохойн дуу авиаг хүний хэл рүү "орчуулах" боломжийг санал болгодог. Энэ нь нохойн эзэдтэйгээ харилцах хөгжилтэй арга замыг бий болгодог аж.

5. Dog Language Translator Simulator

Android болон iOS-д зориулсан энэ апп нь нохойн дуу авиаг бичиж, тэдгээрийг хүний хэл рүү хөрвүүлэхийг оролддог. Энэ нь нохойн сэтгэл хөдлөлийг ойлгоход туслах зорилготой.

6. DogTok – Dog Translator

Энэхүү апп нь таны үгийг нохойн "хэл" рүү хөрвүүлж, нохойн үүлдэрт тохирсон орчуулгыг санал болгодог гэнэ.

7. Pet Translator

Android-д зориулсан энэ апп нь таны дуу хоолойг амьтдын дуу авианд хөрвүүлж, нохой, муур болон бусад амьтдын анхаарлыг татахад тусалдаг.

8. MeowTalk

Муурын эзэмшигчдэд зориулсан энэ апп нь муурын мяулах дууг бичиж авч, тэдний сэтгэл хөдлөлийг тайлбарлахад тусална гэжээ.


Шинжлэх ухаан, технологи хөгжихийн хэрээр бид амьтдын зан байдал, дуу авиаг илүү сайн ойлгох боломжтой болно. Хиймэл оюун ухаан ашиглан нохой, муурын дуудлагын хэмнэл, нөхцөл байдлыг судалж, тодорхой загваруудыг гаргах судалгаанууд хийгдэж байна. Гэхдээ энэ нь хүний хэлээр шууд орчуулж харилцах хэмжээнд хүрэх боломж одоогийн нөхцөл байдалд тун бага юм. Эдгээр орчуулагч аппуудын ихэнх нь хэрэглэгчдийг зугаацуулах зорилготой бүтээгдсэн. Тэдний алгоритм нь нохой, муурын дуу авиаг бичиж аваад, урьдчилан тохируулсан текстүүдийг санал болгодог. Жишээлбэл, нохой хуцахыг “Би өлсөж байна” гэж орчуулах эсвэл муурын чимээг “Намайг тэврээч” гэж орчуулах гэх мэт. Энэ нь зарим тохиолдолд бодит байдалтай таарах ч ихэвчлэн санамсаргүй таамаглал, тохиолдол дээр суурилдаг. Гэрийн тэжээвэр амьтны орчуулагч аппууд нь хэдий амьтантайгаа ярилцах бодит боломж биш ч гэлээ зугаатай, сонирхолтой хэрэглээ болж чадна гэж үзэж байгаа.

Харин нөгөө талаас, өнгөрөгч онд Forbes сэтгүүл дээр гарсан нэгэн нийтлэл дээр биднийг тэжээвэр амьтадтайгаа ойлголцох өдөр ойртож буй талаар бичсэн байна. Нохой, муур гэх мэт гэрийн тэжээмэл амьтад бидэнтэй сэтгэл хөдлөл, дохио зангаагаараа харилцдаг. Гэвч энэ харилцаа тодорхой бус хэвээр байгаа учир шинжлэх ухаан, технологи үүнд хариулт өгөхийг эрмэлзэж байгаа билээ.

Тус нийтлэлд хулгана, хархнуудын өндөр давтамжтай авиагаар харилцдаг байдлыг судлах шинэ технологи болох DeepSqueak-ийн тухай тайлбарласан бөгөөд мөн судлаачид халимуудын "кода" хэмээх авиагаар ярих системийг судалж буй тухай баримттайгаар өгүүлжээ. Бид одоогоор амьтадтай чөлөөтэй яриа өрнүүлэх түвшинд хараахан хүрээгүй байгаа ч AI болон машин сургалтын тусламжтайгаар хүний амьтныг ойлгох чадвар эрчимтэй хөгжиж байгаа гэдгийг тус нийтлэлд онцолсон байна.

Тиймээс хэдийгээр бидний одоо ашиглаж буй аппликэйшнүүд үнэмшилгүй, худлаа байлаа ч ирээдүйд энэ нь боломжтой зүйл болохыг харуулж буй аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.