Цаг үетэйгээ, дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн алхаж, шинэ соргог зүйлсээс хоцрохгүй амьдрахад гадаад хэл сурах зайлшгүй хэрэгцээтэй эрин зуунд бид амьдарч байна. Гадаад хэл сурна гэдэг зөвхөн дүрэм, үг цээжлэх бус өөрийнхөөрөө сурж эзэмших оюун санааны бүтээлч үйл явц билээ. Тэгвэл өөртөө тохирсон гадаад хэл сурах аргыг олоход юу чухал вэ? Долоон оюутан өөрсдийн хэл сурсан туршлагаасаа бидэнд хуваалцсаныг уншигчдадаа хүргэе.
М.Энхчимэг: “Friends” цувралыг наснаасаа ч олон удаа үзсэн
/МУИС-ийн Япон хэлний орчуулгын III ангийн оюутан, “Playmo” сайтын орчуулагч/

Кино үзэх нь миний англи хэл сурахад нөлөөлсөн гол зүйл. ‘’Friends’’ цувралыг наснаасаа ч олон удаа үзсэн маань англи хэлний сонсгол, ярианы чадвараа хөгжүүлэхэд том нөлөө үзүүлсэн. Манай гэрт хоёр, гурван англи хэлтэй хүн байсан л даа. Тэгээд л багаасаа өдөр тутамдаа монгол хэлээс илүү англиар ярьдаг байсан. Харин тусдаа гарсны дараа англиар ярих нь ховор болсон тул англи хэлнийхээ хэрэглээг багасгахгүйн тулд сонирхлоороо кино орчуулдаг болсон. Олон төрөл, жанрын кино орчуулах нь давхар монгол хэлнийхээ үгийн баялаг сангаас сурч мэдэх боломжийг олгодог. Яг ямар шалтгаанаар би энэ хэлийг сурах гэж байгаа вэ гэдгээ тодорхойлчихсон хүн ямар ч хэлийг хурдан хугацаанд сурж чаддаг гэж боддог. Хэрвээ гадаадад сурахыг зорьж байгаа бол IELTS шалгалтын жишиг материалын дагуу бэлдэх, яриагаа сайжруулах зорилготой бол зөв буруу ярьчих вий гэж санаа зоволгүй ярих гэх мэт. Гол нь өөрийнхөө сурах арга барилаа олох нь чухал юм билээ. Жишээ нь, дүрсэлж харсан зүйлээ сайн тогтоодог бол кино, цувралыг сурж байгаа хэл дээрээ үзэх их тохиромжтой санагддаг.
П.Төгөлдөр: Үеийнхэн маань англи хэлдээ сайн байхад би хоцроод байгаа мэт санагддаг байсан
/ШУТИС-ийн Мэдээлэл холбоо технологийн сургуулийн II ангийн оюутан/

12-р ангид миний англи хэлний түвшин А2 л байсан байх. Үе тэнгийн хүүхдүүд англиар чөлөөтэй ярьж ойлголцдог байтал би тэднээс хоцроод байна даа гэж бодогдоод өөртөө зорилго тавьж жинхэнэ утгаараа хичээж эхэлсэн. Өдөр нь бусад хүүхдүүдийн адил хичээлдээ явж, найзуудтайгаа цагийг өнгөрүүлчихээд хийх ёстой бүх хичээл даалгавраа хийснийхээ дараа орой 10:00-02:00 цагийн хооронд зөвхөн англи хэлээ давтдаг болсон. Амралтын, баярын гээд нэг ч өдөр алгасалгүйгээр таван сарын турш тасралтгүй давтсан. Энэ хугацаанд би бусдын л адил “Harry Potter” цувралыг англи хэлээр уншиж, түүнээсээ шинэ үг тэмдэглэн цээжилж, хажуугаар нь IELTS-ийн дасгал ажлуудыг өдөр бүр хийдэг байлаа. Энэ бүгд нийлээд тус бүр 60 хуудастай, 15 дэвтэр болсон. Мэдээж өөрийнхөө сонирхлын дагуу UFC тайлбарууд, NBA-ийн тоглолтын дараах хэвлэлийн бага хурал болон подкастууд сонсдог байсан. Эдгээр нь ярих болон сонсох чадвараа сайжруулахад маш их тус болсон гэж боддог. Ингээд 5 сар тууштай бэлдсэний үр дүнд IELTS шалгалтаа өгөөд 7.5 оноо авч чадсан. Ямар ч хэлийг сурахад тогтмол сууж давтах нь хамгийн чухал гэдгийг ойлгосон.
А.Наранхишигт: Өөртөө дарамт өгөхгүйгээр сонирхдог зүйлтэйгээ уялдуулан сурвал илүү үр дүнтэй сурж чадна
/МУИС-ийн Олон улсын харилцааны II ангийн оюутан, “Winner’s Course” сургалтын төвийн багш/

Миний хувьд практик тал дээрээ түлхүү ажилласан болохоор англи хэлийг чөлөөтэй сурахад түлхэц болсон. Сургууль, сургалтын төвүүд хүүхдүүдэд ихэнхдээ дүрэм, өгүүлбэр зүй зэргийг л заадаг нь зөв хэдий ч хүүхэд өөрөө англи хэлийг сайн ашиглаж сурахад тийм ч их үр дүнтэй биш юм шиг санагддаг. Дүрмээ маш сайн сурчихсан хүүхдийг “За чи англиар ярь” гэхээр сайн ярьж чадахгүй байх тохиолдол их байдаг. Түүний оронд өдөр тутамдаа англи хэлээр дуу, кино, бичлэг зэргийг үзээд, сонсоод л байвал чихэнд хоногшоод энэ хүмүүс ямар дүрмээр, үгээ яаж дуудаж ярьж байна гэдгийг яваандаа ойлгож эхэлдэг. Англи хэлний багшаар ажилладаг хүний хувьд зөвхөн дүрмээр сурсан, эсвэл практикт ашигласаар сурсан хүн тэс ондоо харагддаг. Англи хэлээр маш сайн ярьдаг хүүхдүүдийг ажиглаад байхад өөрийн сонирхлын дагуу англи хэлээр кино үздэг, ном уншдаг хүмүүс байдаг юм шиг санагддаг. Манай нэг сурагч дуулах маш дуртай хүүхэд байсан юм л даа. Тэр сурагч маань нэг дуу сонгоод, тэр дуугаа орчуулж, шинэ үгийг нь цээжлэх байдлаар сурдаг байсан. Сурах гэж байгаа зүйлдээ өөрөө маш дуртай байх нь хамгийн чухал. Хүн бүрийн сонирхол, сурах арга барил өөр байдаг учраас кино үзэх дургүй хүнийг “Гадаад хэлээр кино үз, хэлээ сайжруул” гээд байвал эсрэгээрээ дарамт ч болчихож магадгүй. Би поп соёлд их дуртай учраас түүгээр дамжуулж англи хэлээ сурсан гэхэд хилсдэхгүй. Сонсож байгаа гадаад дуунуудаа ямар утгатайг нь мэдэх, үгийг нь зөв дуудаж сурахыг эрмэлзэх гэх мэт. Бага байхаасаа л гадаад хэл сурах маш их хүсэл эрмэлзэлтэй байсан болоод ч тэр үү хэл сурна гэдэг миний амьдралд маш чухал орон зайг эзлэдэг. Аливаа гадаад хэлийг сайн эзэмшсэн хүмүүс өөр улсуудын соёлтой танилцсанаар илүү нээлттэй болж чаддаг гэж боддог. Хүн бүр хэл сурах чин хүсэлтэй байна гэж байхгүй ч бидний амьдарч буй энэ цаг үед хэл гэдэг зүйл хэрэглээ болчихсон учраас өөртөө дарамт өгөхгүйгээр сонирхдог зүйлтэйгээ уялдуулан сурвал илүү үр дүнтэй сурж чадна шүү гэдгийг хэлмээр байна.
С.Ууганзаяа: Анх сурч эхэлж байхад галзуу хүн шиг л өөрөө өөртэйгөө ярьдаг байлаа
/МУИС-ийн Хятад хэлний орчуулгын III ангийн оюутан, “Playmo” сайтын орчуулагч/

Би анх хятад хэл гэж юу байдгийг ч мэддэггүй жаахан хүүхэд байхдаа Хятад явсан. Тэр үед гэрийнхнээсээ хол, шантрах үе маш их байсан ч хэлээ сурахгүй л бол эргэн тойрныхоо хүмүүстэй ойлголцож чадахгүй, бүр л хэцүү болох гээд байгааг анзаарсан тэр үеэс л маш сайн хичээж суралцаж эхэлсэн дээ. Дотуур байранд амьдардаг байсан болохоор оройн 10 цагт цахилгаан тасалчихна. Ажлын таван өдөр сургуульдаа утсаа хураалгаад амралтын өдрөөр л авдаг байсан тул хичээлдээ илүү их цаг зарцуулж, анхаарч суралцахад түлхэц болсон. Хятад хэлийг байнгын хэрэглээ болгож байж л сайн сурч чаддаг юм шиг санагддаг. Ханзаа өдөр шөнөгүй бичих, толгой дотроо өөрөө өөртөө өгүүлбэр хэлэх гэх мэтээр давтаж байж л хэрэглээ болгох хэмжээнд сурч чадна. Анх сурч эхэлж байхад галзуу хүн шиг л өөрөө өөртэйгөө ярьдаг байлаа. Тэгж уйгагүй хичээж байж л Хятадад ганцаараа гадуур явахад ямар ч асуудалгүй хүмүүстэй ойлголцож чаддаг болсон. Хүн өөрийн төрөлх хэлээс гадна дор хаяж хоёр хэлтэй байх хэрэгтэй гэж боддог. Тэгээд ер нь англи хэл, хятад хэлтэй байхад дэлхийн хаана ч алзахгүй юм биш үү гэсэн бодлоор хятад хэлэнд шамдан суралцаж эхэлсэн.
Бас “Би чадахгүй байх аа” гэж бодолгүйгээр их бага хэмжээгээр орчуулга хийж үзвэл их үр дүнтэй санагддаг. Анх англи хэлэндээ тийм ч сайн биш байхдаа кино орчуулж эхэлж байсан. Тогтмол кино орчуулах гэж хичээдэг байсан маань миний хувьд англи хэлийг илүү сайн ойлгож суралцах эхлэл болсон гэж боддог. Нэг киноны орчуулгын ард гарахад л өөр орны хүмүүсийн өөр хэлээр ярьж байгаа зүйлийг ойлгоод, орчуулж байгаа маань бахархмаар, их сайхан мэдрэмж төрүүлдэг.
А.Алтангэрэл: Заавал орчлон хорвоогийн бүх үгийг цээжлэх хэрэггүй л гэж хэлнэ
/БНСУ-ын Ханяанг Их Сургуулийн “Соёлын контент” хөтөлбөрийн II ангийн оюутан/

Багаасаа л гадагшаа явж суралцана гэж мөрөөддөг байсан ч ямар шат дарааллаар, ямар зардлаар явдаг гэдгийг огт мэддэггүй байлаа. Анимэ, манга үзэх их дуртай хүүхэд байсан болохоор Япон руу явж суръя гэж шийдсэн ч судалж үзтэл төлбөр мөнгө өндөр, шат дараалал нь ч их ярвигтай гэдгийг мэдээд тэр зорилгодоо зүгээр л буугаад өгчихсөн. Харин ахлах ангид ороод к-поп соёлд их дуртай болж сонирхлынхоо дагуу “Ер нь Солонгост сурвал яах бол” гэж дахин нэг удаа гадны улсад суралцах хүслээ дотроо уудласан юм. Ингээд л солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгж, суралцах сургуулиа эрчимтэй судлаж эхлэснээр Солонгос явахаар сэтгэл шулуудсан.
Би бага ангид байхаасаа л хэзээ ч томоотой сууж хичээл хийж, юм бичиж тэмдэглэдэг хүүхэд байгаагүй тул хэл сурах арга барил маань зүгээр л сонссон зүйлээ тогтоож, түүнийгээ дагаж ярьж давтах юм байна гэдгийг мэдсэн. Дуртай к-поп хамтлагийнхаа оролцсон нэвтрүүлэг, дууг нь үзэж сонсох бүртээ ярианы хэлэнд ашиглагддаг үгнүүдийг өөрөө давтан хэлж, хадмалыг нь уншаад орчуулах байдлаар, ерөнхийдөө яг л дуртай зүйлээ үзэж солонгос хэлээ сурсан даа. Миний бодлоор хэлний чадварууд хоорондоо нягт холбоотой мэт санагддаг. Сонсоод сайн ойлгодог бол сайн ярьдаг, уншаад түүнийгээ задлан шинжилж чаддаг бол сайн бичдэг гэх мэтчилэн. Сурж байгаа хэлээ байнга давтаад, ашиглаад л байвал учрыг нь аяндаа олчихно. Хэлийг орчинд нь сурах мэдээж сайн ч үнэхээр өөрөө сурах арга барилаа олсон, хэлэндээ маш их сонирхолтой бол гадаадад сурах, монголдоо сурах бараг л ялгаагүй. Би хэдий дуртай зүйлээ үзэж, сонсож сурсан ч мэдээж дүрэм, үгээ сурахын тулд дэвтрээ нээгээд, хичээлээ хийх хэрэг гарсан. Гэхдээ ямар зүйлс, ямар үед ашиглагдаж байна гэдгийг ойлговол заавал орчлон хорвоогийн бүх үгийг цээжлэх хэрэггүй л гэж хэлнэ. Зүгээр л юу чамайг тайван суулгаж, хэл сурах сонирхлыг чинь өдөөж байна түүнийгээ л хийгээрэй.
Э.Ариунтуул: Тэр үеэс хойш яаж герман хэлээр кафед захиалга өгөхийг мартахааргүй болсон
/МУИС-ийн Герман хэлний орчуулгын III ангийн оюутан/

Аав ээж маань Герман улстай хамтарсан олон улсын байгууллагад ажилладаг байсан болохоор багаасаа герман, швейцарь хүмүүсийг харж, сонсож өссөн. Тэр хүмүүсийн чөлөөт сэтгэлгээ, хоорондоо харилцаж буй хандлага, эмх цэгцтэй байдал зэрэг нь том болох тусам надад их таалагдсан. 18 нас хүртлээ герман хэл сураагүй ч Германы урлаг соёл, хуучны түүхэн барилга байшин гэх мэт зүйлс нь маш тансаг, сэтгэл татам байсан тул хэлийг нь сурах хүсэл эрмэлзэл төрж эхэлсэн. Германд очоод, яг тухайн орны хүмүүсийн дунд орох нь хэлээ сурах маш том урам зориг болсон. Явахаасаа өмнө А2 түвшинтэй байсан ч одоо бодоход зорилгоо ухамсарлаагүй, жаахан халтуурны л сурсан юм шиг байгаа юм /инээв/. Германд очоод удаагүй, кафед сууж байхдаа хажууд байгаа хүн захиалгаа өгөхийг нь сонсоод яг түүнийг нь дагаж хэлээд захиалгаа өгж байлаа. Тэр үеэс хойш яаж герман хэлээр кафед захиалга өгөхийг мартахааргүй болсон доо. Хэл сурахад хичээлээ хийх, дүрмээ давтах мэдээж чухал ч хэл бол хэрэглээ шүү гэж багш маань дандаа хэлдэг байсан. Монголд байхдаа герман хэлээр байнга ярих боломж хомс учраас утасныхаа хэлийг герман болгох, сошиал дээр герман хаягуудыг дагаж бичвэрийг нь унших, герман дуу сонсох, герман хэлтэй хүнтэй тааралдвал ярихыг их хичээдэг. Сурахад амархан хэл биш тул шантрах, бууж өгмөөр санагдсан үеүд бишгүй олон байсан. Гэхдээ алдсан ч, шантарсан ч сурч байгаа зүйлдээ бууж өгнө гэдэг хэзээ ч зөв сонголт биш гэдгийг ойлгож, өдөр бүр суралцсаар л байна.
Г.Хулан: Интернэтэд тоо томшгүй олон хэрэгтэй бичлэг, унших материал үнэ төлбөргүй байдагт талархдаг
/Унгарын Eötvös Loránd их сургуулийн “Сэтгэл судлал” хөтөлбөрийн I ангийн оюутан/

Манай ээж багаас л англи хэл сурах хэрэгтэй гээд орондоо ороод унтахаас минь өмнө англи үг цээжлүүлж, зааж өгдөг байсныг одоо ч тодхон санадаг. Гуравдугаар ангид байхдаа ‘’Frozen’’ хүүхэлдэйн киног үзээд, дуунд нь маш дуртай болоод, нандигнаж хайрладаг тэмдэглэлийн дэвтэртээ үгийг нь бичүүлж авж байсан. Англиар уншиж чадахгүй болохоор монголоор галиглуулж бичүүлээд, тэрнийгээ дагаж дуулаад л. Энэ мэтчилэн гадаад хэл сурах гэдэг ямар их ач холбогдолтой вэ гэдгийг багаасаа л ойлгож өссөн. Англи хэлийг 5-р ангиасаа хойш тасралтгүй сурч, түүнийхээ хажуугаар орос, испани, солонгос хэлийг сонирхлынхоо дагуу анхан, дунд шатны түвшинд сурсан. Англи хэлийг боломжийн ашиглаж, одоогийн түвшин хүртэл сурахад надад кино үзэх, үзсэн киноныхоо шүүмжийг унших хамгийн их тусласан. IELTS шалгалтад бэлдэх нь надад академик түвшний мэдлэгээ хөгжүүлэх түлхэц болсон. Дижитал эх сурвалжуудыг ашиглах гэдэг хэл сурахад маш хэрэгтэй байдаг. Сайн судлаад, ухаад үзэх юм бол интернэтэд тоо томшгүй олон хэрэгтэй бичлэг, унших материал үнэ төлбөргүй байдагт талархдаг.
Харин одоо амьдарч буй улсынхаа буюу унгар хэлийг суралцаад явж байна. Аль болох олон төрлийн сонирхолтой аргыг ашиглаж, өөрт амар, сонирхолтой байдлаар сурахыг хичээж байгаа. Ямар ч хэлийг сурахад үг маш чухал. Миний хувьд олон удаа бичих тусам толгойд илүү үлддэг байсан ч одоо унгар хэл сурахдаа flashcard хийх, гадуур явахдаа хаяг рекламны самбаруудыг унших зэрэг аргыг ашиглаж байгаа. Метро, трамвайнд явж байхдаа хүмүүсийн яриаг сонсоод ойлгох, хүнсний дэлгүүрт ороод авах зүйлсээ унгараар хэлэхийг эрмэлздэг.
Бэлтгэсэн: Б.Цагаандалай