UBLife Logo
Спорт

Б.Сүхбат: Үзэгчдийнхээ төлөө, өөрсдийнхөө төлөө бууж өгөхийг хүсээгүй. Өнөөдөр бид маш их хичээлээ

Б.Сүхбат: Үзэгчдийнхээ төлөө, өөрсдийнхөө төлөө бууж өгөхийг хүсээгүй. Өнөөдөр бид маш их хичээлээ

Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн хагас шигшээд оноолт таарсан “Бишрэлт Металл” болон “SG Apes” багуудын дөрөв дэх тоглолт мягмар гарагийн орой “М банк” аренад явагдлаа.

Цувралын эхний гурван тоглолтод дараалан хожсон “SG Apes” ахин ганцхан удаа ялаад финалд шалгарах ч, өнөөдрийн тоглолт онц сонирхолтой болж, “Бишрэлт Металл”-ийнхан 15 онооны дутууг нөхсөнөөр эцсийн мөчид хожсон.

Тэд цувралыг 3:1 болгож ойртуулсан төдийгүй багаа улирлын өрсөлдөөнд үлдээлээ. “Металл” багийнхан Үндэсний Дээд лигээс гадна Азийн Аваргуудын лигт давхар өрсөлдөж байгаа учир шахуу хуваариар тоглох, эрчимтэй ачааллыг үүрч буй.

Өнөөдрийн тоглолтын баатар Б.Сүхбат хэлэхдээ “Энэ зөвхөн сагсан бөмбөгийн нэг хожил биш. Энэ бол “Металл” багийн нэр хүндийн төлөөх хожил байлаа. Цуврал хэдий бидний төсөөллөөс өөрөөр эргэсэн ч гэсэн энэ олон үзэгчдийнхээ төлөө, өөрсдийнхөө төлөө бид бууж өгөхийг хүсээгүй. Өнөөдрийн тоглолтод маш их хичээлээ.

Биднийг гарцаагүй сорьсон цуврал болж байна. Энэ удаагийнх хэрхэн тууштай байхыг, итгэлээ алдахгүй байхыг, сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэхийг бидэнд зааж сургасан цуврал болж байна. Ийм сайхан цувралд хамтдаа өрсөлдөж буй “SG Apes” багийнханд баярлалаа. Манай багийнхан сүүлийн тоглолтуудад бэртэл гэмтэл болон торгуулиас болж хүн дутуу, ачааллыг ихээр авч тоглосон. Хэдийгээр би улирлын тоглолтуудад хүссэн хэмжээндээ хүрч багийнхандаа тусалж чадаагүй авч хамгийн бэрх цагт нь багийнхандаа итгэе, ачааллаас нь хуваалцая гэсэн бодолтой энэ тоглолтод өөрийгөө бэлдсэн юм. Лигийн тоглолтууд түр завсарлаж байгаа учир хамгийн түрүүнд 24 цаг сэрэхгүй унтмаар байна” гэв.

Тэрбээр энэ тоглолтод 18 оноог цуглуулсны сацуу шийдвэрлэх мөчид тоглолтын хувь заяаг бүхэлд нь өөрсдийн талд эргүүлсэн юм.

Эдгээр багуудын цувралын дараагийн тоглолт дөрөвдүгээр сарын 14-ний өдөр 19:10 цагаас “М банк” аренад явагдана.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.