Өнгөрсөн гуравдугаар сард Донателла Версаче төрөлх брэндийнхээ бүтээлч захирлын суудлаас бууж байгаагаа зарласан билээ. Уг үйл явдлаас хойш тус брэндийн хувь заяа цааш хэний гарт очих нь загварын салбарынхны анхааралын төвд ороод байсан юм.

1978 онд дизайнер Жианни Версаче анх Versace брэндийг үүсгэн байгуулж, дүү Донателлатайгаа хамтран удирдаж байсан. Гэвч 1997 онд Жианни Версаче цуврал алуурчны гарт амиа алдсанаас хойш Донателла Версаче компаниа гардан удирдаж байв. Донателла бүтээлч захирлын суудлаасаа буухын өмнөх хамгийн сүүлчийн загваруудаа энэ оны хоёрдугаар сард Миланы загварын долоо хоногийн үеэр танилцуулсан. Тус брэндийн бүтээлч захирлын албыг Донателлагийн дараа Miu Miu брэндийн Дарио Витале хүлээж аваад байсан билээ. Харин энэ жил 69 насны босгыг алхаад буй Донателла Versace брэндийн ахлах элч төлөөлөгчийн албанд томилогдоод байгаа юм.

Харин тансаг хувцас эдлэлийн Prada брэнд өчигдөр буюу лхагва гарагт Versace-г 1,38 тэрбум ам.доллараар худалдан авахаар болсноо зарлалаа. 2018 онд Versace брэнд бүх хувьцаагаа Capri Holdings компанид 2,15 тэрбум ам.доллароор зарсан бөгөөд Prada тус компаниас Versace брэндийг худалдан авах хэлэлцээрийг хоёрдугаар сард эхлүүлсэн юм. Гэвч дэлхий даяар тансаг хувцас эдлэлийн брэндүүдийн эрэлт хэрэгцээ буурч, Versace санхүүгийн хүндхэн нөхцөлтэй тулгараад байсан тул бага үнээр худалдахад хүрчээ.

Prada нь бидний сайн мэдэх Miu Miu, Church’s зэрэг брэндүүдийг эзэмшдэг юм. Одоо Versace брэндийг өөртөө нэгтгэснээр Prada группын зах зээлийн үнэлгээ огцом өсөж, Францын LVMH, Kering зэрэг загварын салбарын аварга группуудтэй өрсөлдөхүйц хэмжээнд хүчирхэгжиж байна. Prada группын гүйцэтгэх захирал Андреа Гуерра “Versace-гийн асар их нөөц бололцоог үргэлжлүүлэн амжилттай авч явахад урт хугацааны тэвчээр, сахилга бат шаардагдана” гэжээ.
Эх сурвалж: Vogue Italia
Бэлтгэсэн: Б.Цагаандалай