UBLife Logo
Спорт

Зодог тайлаагүй байхдаа нас барсан сүмочид

Зодог тайлаагүй байхдаа нас барсан сүмочид

Японы сүмо бөхийн холбооноос Шикихидэ дэвжээний жонидан зиндааны бөх Вакатозакүра хүнд өвчний улмаас энэ сарын 14-нд нас барлаа гэж мэдээллээ. Ибараки мужийн эмнэлэгт эмчүүлж байсан бөгөөд 33 настай байлаа.

Яг тэмцээний дундуур амиа алдсан бөх гэвэл дэлхийн хоёрдугаар дайны Кацүрагава, Оонокава, дайны дараа Кэнко, Маэда гэсэн жишээ бий ч бүгд янз бүрийн шалтгаанаар башёг өнжиж байсан байна. Харин башёд барилдаж байхдаа нас барсан бөх бол Ханарэгома дэвжээний Кайши хэмээх 15 настай хүү байлаа. Кайши 1992 оны Нагоя башёд 2 давж, 3 унаад байхдаа зүрх нь зогсож, нас барсан юм. Мэргэжлийн сүмод хоёр дахь тэмцээндээ орж байсан залуу бөх байжээ. Санданмэ зиндааны Хибикирюү дохён дээр барилдааны дараа ухаан алдан унасан шалтгаанаар амиа алдсан ч нэг сар эмнэлэгт эмчлүүлж байгаад ухаан оролгүй амьсгал хураасан тул яг башё дундуур нас барсан бөхөд тооцогддоггүй байна.

Сүмо бөхийн холбооны архивт тэмдэглэгдсэнээр 1990 оноос хойш 15 сүмоч зодог тайлаагүй, ид барилдаж байх үедээ нас барж байжээ.

Саяхны жишээнээс дурдвал 4 жилийн өмнө 28 настайдаа нас барсан Хибикирюү. 2021 оны Хаврын тэмцээнд барилдаад унахдаа толгойгоо хүчтэй цохиж, ухаан алдсан. Бүтэн нэг сар эмчлүүлж байгаад нас баржээ.

2020 оны тавдугаар сард Такадагава дэвжээний санданмэ зиндааны бөх Шёобүши коронавирусний халдвараар амиа алдсан. Мөн 28 настай байлаа.

2007 оны Зуны тэмцээний дараа 17 настай Токитайзан маэзүмо барилдаад, мэргэжилд нэг ч башё барилдаж чадалгүй, хүчирхийлэл, дэглэлтээр нас барж байлаа.

Ёкозүна цолтон ч цэл залуудаа нас барж байсан. Энд Таманоүми аваргын тухай өгүүлье. Ёкозүна Таманоүми 1971 оны аравдугаар сарын 11-нд 27 настай харамсалтайгаар нас барсан билээ.

1971 оны долоодугаар сарын тэмцээнд 15 даваатай түрүүлсэн Таманоүми Зуны тойргийн барилдааны үеэр мухар олгойн хурц үрэвсэл болж, чөлөө авсан ч бие нь сайжирсангүй. Эмч нар яаралтай мэс засалд ор гэж шахлаа. Гэвч Таманоүми “Хэрэв мэс засал хийлгэвэл, Намрын тэмцээнд орж чадахгүй. Энэ нь ёкозүна цолтны үүргээ биелүүлэхгүй байна гэсэн үг. Мөн Намрын тэмцээний дараа Тайхо аваргын зодог тайлах ёслолын барилдаантай. Энэ ёслолд ч ёкозүна хүний хувьд оролцох ёстой” гээд татгалзжээ. Ингээд өвчин намдаагч тарисаар Намрын тэмцээнд зодоглож, хавиргаа хугалсан ч 12 давж чадлаа. Энэ нь түүний хувь заяаг шийдсэн гэхэд болно. 

Аравдугаар сарын 2-нд Тайхо аваргын сүүлийн дохёнд гарах ёслолд сэлэм баригчийн үүрэг гүйцэтгээд маргааш нь болсон Асасэгавагийн зодог тайлах барилдаанд мөн гарлаа. Энэ ёслолд оролцоод шууд эмнэлэг явж, мэс засалд орсон ч хэвлийн хөндийн үрэвсэл гэж оношлогдон, биеийн байдал хүнд байсан байна. Гэхдээ хагалгаа амжилттай болж, 12-ны өдөр эмнэлгээс гарах ёстой байв. 11 дүгээр сарын тэмцээнд барилдах эсэх нь мэдэгдэхгүй байсан ч “Эмнэлгээс гараад шууд бэлтгэл хийж чадахгүй байх. Гэхдээ тойргийн барилдаанд заавал оролцож, ядаж ёслол хийхгүй бол болохгүй” гэж ярьж байжээ. Харамсалтай нь 11-ний өдрийн 11 цагийн орчим нүүр гараа угаагаад ирэхдээ гэнэт цээжээ даран унасан байна. Эмч нарыг ирэхэд царай нь хөхөрч, ухаангүй байсан бөгөөд аврахаар оролдсон ч 11,30 цагт нас баржээ. Амьсгал хураан хураатлаа ёкозүнагийн үүрэг, хариуцлага гэж байсан Таманоүми аваргыг Японы Засгийн газраас Ариун эрдэнэсийн одонгоор нэхэн шагнасан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
2
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.