Энэ мягмар гарагт буюу дөрөвдүгээр сарын 15-ны өдөр LVMH групп хамгийн том тансаг зэрэглэлийн компанийн байр сууриа алдсан талаар Reuters агентлаг мэдээлсэн юм. Харин тансаг зэрэглэлийн компаниудын тэргүүнд Hermès бичигдэж эхэллээ.
LVMH группд харъялагддаг хувцас эдлэлийн Louis Vuitton, Dior, үнэт эдлэлийн Tiffany & Co болон гоо сайхны сүлжээ Sephora зэрэг өндөр зэрэглэлийн брэндүүдийн 2025 оны эхний улирлын борлуулалт төлөвлөгөөндөө хүрээгүй байна. Учир нь гол зах зээл болох АНУ-ын худалдан авагчид хэт үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн, МОЁТ, Hennessy зэрэг согтууруулах ундаа худалдан авах нь эрс багасчээ.

LVMH-ийн хувьцаа долоон хувиар буурч, зах зээлийн үнэлгээ нь 246 тэрбум евро болсон бол Hermès-ийнх 247 тэрбум еврод хүрч өссөн байна.Энэ нь 2025 оны эхний улирлын санхүүгийн тайлан доогуур үзүүлэлттэй гарснаар LVMH-ийн хувьцааны үнэ хөрөнгийн бирж дээр 8.35 хувиар унасантай холбоотой юм. LVMH-ийн 1-р улирлын гүйцэтгэл муу байснаар борлуулалт 3%-иар буурсан нь шинжээчдийн үзэж байгаагаар мөн үеийнхээс 2%-иар буурсан байна.
Bloomberg-ийн мэдээлснээр, ийнхүү Hermès Европын хамгийн том хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын жагсаалтын гуравдугаарт бичигдэж, програм хангамжийн SAP SE групп болон эрүүлү мэндийн бэлдмэл нийлүүлэгч Novo Nordisk-ийн араас бичигдэж байна. Харин Францын CAC40 хөрөнгийн биржийн индексийг Hermès тэргүүллээ.

Bloomberg Morningstar-ын шинжээч Елена Соколова “Hermès-ийн чинээлэг үйлчлүүлэгчид үнийн өсөлтөд ажрахгүй уян хатан байж чаддаг тул борлуулалт гүйцэтгэл нь ч үүнийг дагаад илүү тогтвортой байж чаддаг. Харин LVMH Hermès-тэй харьцуулахад тансаг эдлэл хэрэглэгчдийн доод хэсэгт төвлөрсөн нь алдагдал хүлээх, илүү чинээлэг үйлчлүүлэгчдийг үргээх сул тал нь болж байна” хэмээн онцложээ.

Hermès брэндийн алдарт Биркин, Келли гар цүнхийг худалдан авахад жилээс жилд хэцүү болж байгаа нь шүүмжлэлд өртөөд байсан. Учир нь уг гар цүнхнүүдийн хамгийн доод үнэ 10,000 ам.доллараас эхэлдэг бол хамгийн үнэтэй загварууд нь 300.000-450.000 ам.долларын үнээр зарагддаг. Мөн энэ үнэ нь жил бүр тасралтгүй 6-7 хувиар өсдөг тул “Биркин гар цүнх бол хамгийн ашигтай хөрөнгө оруулалт” гэх яриа ч байдаг.
Эх сурвалж: Bloomberg, CNN World
Бэлтгэсэн: Б.Цагаандалай