ОХУ-ын нийслэл Москва хотын Лефортовск дүүргийн шүүхээс Тувагийн филармоний гоцлол дуучин, Монголын иргэн, 31 настай Цэцэндэлгэр Тэгшээг тагнуулын хэргээр баривчилсан мэдээ шуугиан тарьсаар байна. Түүнийг Лефортовск шоронд хорьсон байна.
Энэ талаар Тувагийн ШОКАР АПТАРА телеграм сувагт бичсэнийг орчуулан хүргэж байна.
“Манай улсын сөрөг тагнуулын түүхэнд ЗХУ-ын үед ч, Оросын орчин үеийн түүхэнд ч гарч байгаагүй тохиолдол гарлаа. Тувагийн филармонид албан ёсоор ажилладаг Монголын иргэн Цэцэндэлгэр Тэгшээ Монголын төлөө тагнуул хийсэн хэргээр баривчлагдлаа. Хамгийн хачирхалтай нь ЗХУ, ОХУ-тай эртнээс уламжлалт нөхөрсөг харилцаатай Монгол орны иргэн хүн тагнуул хийж баригдсан, анхны тохиолдол болж байгаа юм.
Цэцэндэлгэр Тэгшээгийн энэ явдал Орос – Монголын харилцаанд маш том сөрөг нөлөө үзүүлж магадгүй болоод байна. Сүүлийн үед Монгол улс Барууны орнууд, Хятадтай харилцаагаа идэвхжүүлж, олон талт бодлого явуулж, геополитик нь өөрчлөгдөж байгааг ч гэрчилж болох юм. Төв Азид нөлөөгөө тогтоох гэсэн Орос, Хятад, Барууны орнуудын өрсөлдөөн ширүүсэж байгаа энэ үед ийм явдал болсныг тэмдэглэх нь зүйтэй.
Сэжигтэн Тэгшээ соёлын салбарт ажиллаж байсан нь тагнуулын зорилгоор “зөөлөн хүч” буюу соёлын солилцоог ашигладаг болсныг харуулж болох юм. Тэгшээгийн ажиллаж байсан Тува нутаг нь Монголтой түүх, соёлын уламжлалт харилцаатай байсан нь түүнийг нутгийнхантай уусан шингэхэд амар болгосон байж болно. Тэгэхээр цаашдаа ОХУ-д соёлын солилцоогоор ирж байгаа хүмүүсийг маш сайн шалгаж байх ёстой гэдгийг харууллаа”