Болгарын бөхийн холбооны шинэ тэргүүн Станка Златева Болгарт олимпын алтан медаль авчирч өгсөн орос, украин легионер бөхчүүдээ тэмцээнд оролцуулахгүй шийдвэр гаргасан талаар дэлхий нийтээрээ шуугьсан билээ.
Энэхүү мэдээллийг няцаан Болгарын бөхийн холбооноос Софи хотод хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Хурал дээр Станка Златева “Бид шигшээ багтаа гадаад тамирчин авахаас татгалзах шийдвэр гаргасан. Гэхдээ хэдийн Болгарын иргэншил авсан бөхчүүдийг тэмцээнд оролцохыг хэн ч хориглоогүй. Гадаадын легионеруудыг шигшээ багаас хөөсөн гэдэг цуурхлыг Бөхийн холбооны хуучин удирдлага тараасан. Би хэнийг ч халаагүй. Зүгээр л зарим нэг хүн болгар хэл дээр баярласан, талархсанаа илэрхийлж байвал сайхан гэж хэлсэн” гэж мэдэгдлээ.
Хэвлэлийн хурал дээр мөн шигшээ багийн дасгалжуулагч, удирдлагыг яагаад сольсноо тайлбарлаж, холбооны өмнөх дарга нарын үйл ажиллагааг шүүмжиллээ. Станкагийн хэлснээр бөхийн холбооны хуучин удирдлага хэдэн зуун мянган ам.долларын өртэй үлдээгээд явсан гэнэ.