Ямар ч том тэмцээнд түрүүлж үзээгүй тамирчин шууд олимпын аварга болж байсан тохиолдол та мэдэх үү? Юуны өмнө таны толгойд Сиднейд Бувайсар Сайтиевыг ялсан Брендон Слэй орж ирэх байх. Тэгвэл энэ нийтлэлийн баатар Слесг хол давсан хүн. Олимпын наадамд хоёр ялагдчихаад тэр олимпдоо түрүүлсэн бөх шүү дээ.
Энэ бол Италийн бөх Клаудио Поллио.
Итали залуугийн олимпын цикл дардан шулуун байсангүй. Тэр хоёр удаа ДАШТ, хоёр удаа Европын АШТ-д зодоглож, нэг ч удаа медалийн тавцанд гарсангүй. Тэр үед 48 кг жинд дэлхийн хошой аварга, ЗХУ-ын Сергей Корнилаев ноёрхож байлаа. Мэдээж тэр 1980 оны Москвагийн олимпод түрүүлэх бөхөөр нэрлэгдэж байв.
Клаудио олимпын өмнө “Мэдээж Корнилаев түрүүлнэ. Тэр бол ХААН, ялах ёстой. Гэхдээ би шагналын тавцанд гарахын төлөө хичээнэ” гэж ярьж байв.
Ингээд олимп эхэллээ. 48 кг-д 14 бөх бүртгүүлжээ. Аварга шалгаруулах систем нь өөр, торгуулийн оноогоор хасаад барилдаад явдаг байжээ. Клаудио Поллио Польшийн Jan Falandys, Монголын Г.Хишигбаатар нарыг дараалан ялав. Дараа нь 15 настай энэтхэг бөх Махабир Сингхэд 15:5 бут ниргүүлэв. Дөрөвдүгээр тойрогт Клаудио Солонгосын Чан Со Хонтай таарч, секунд болгонд хөлд нь орсоор түүнийг торгуулиар хасаж чадлаа.
Финалд Корнилаев, Чан Со Хон, Поллио гурав үлджээ. Тэр үеийн системээр мэдээж ЗХУ-ын бөх түрүүлэх магадлал өндөр байв. Олимпын аварга болохын тулд Корнилаев Солонгосын Чан Со Хонд оноогоор ялагдахад л болох байлаа. Гэтэл барилдааны сүүлийн мөчид зөвлөлт бөх өөрөө мэх хийх гэж байгаад нуруугаар унах нь тэр. Барилдааныг үзэж суусан Клаудио нүдэндээ ч итгэсэнгүй. Танхимын зарлагч Корнилаевыг цэвэр ялагдлаа гэж зарлахад л итгэсэн байна. Энэ цэвэр ялалт Поллиог нэгдүгээр байрт гаргаад ирлээ. Клаудио дөрөвдүгээр тойрогт солонгос бөхийг ялсан байсан тул түүнтэй дахин барилдах хэрэг гарсангүй. Ингээд сүүлийн барилдаанаа итали залуу Корнилаевтай хийж, 1:5 ялагдаад олимпын аварга боллоо. Италийн түүхэн дэх анхны чөлөөт бөхийн олимпын алтан медаль. Алдарт Корнилаев дөнгөж хүрэл медальтай үлдсэн юм.
Олимпын дараа Корнилаев дэлхий, Европт түрүүлсээр байсан бол Поллио нэг удаа л Европоос мөнгөн медаль авсан юм.
Поллио ялалтынхаа талаар “Би 16 настайгаасаа бөх барилдсан. Гэрийнхэн, найзууд бүгд намайг болиулах гэж оролдож байсан ч би дурандаа барилдаад л байлаа. Гэр бүл маань санхүүгийн бэрхшээлтэй тул намайг цалинтай ажил хий гэж шахаад. Харин би чөлөөт бөхөөр амжилт тааруу, мөнгө олж чадахгүй байлаа. Ингээд Москвад очсон юм. Олон жил жин хасаж, барьж, бэлтгэл хийн, олон зүйлээ золиосолсон тул ялах хүсэл маш их байлаа. Ялсан, түрүүлсэн, гайхалтай сайхан байсан” гэж ярьж байв.

Ингэхээр түүнийг хамгийн азтай аварга гэхээс өөр яах билээ? Дүрэм нь ч хачирхалтай дүрэм байсан нь түүний аз болсон юм.
1983 онд түүнийг Италийн бөхийн холбооноос нэг жил барилдах эрхийг нь хассан. Тэрээр банканд ажиллаж, хажуугаар нь дасгалжуулж байгаад зодог тайлсан. Одоо ч Клаудио банканд ажилласан хэвээр байна.