БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москвад хүрэлцэн ирлээ. Энэ үеэр хоёр тэргүүн олон жил яригдаж байгаа “Сибирийн хүч – 2” байгалийн хийн хоолойн талаар хэлэлцэнэ гэж Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдээллээ.
Баруун Сибирийн орд газраас Монголын нутгаар дамжуулан, БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх гэрээний үндсэн нөхцөлийн талаарх гэрээг 2015 оны тавдугаар сарын 8-нд Хятадад байгуулсан билээ. Энэ төслийг хөдөлгөх хэлэлцээр арваад жил явагдаж, ихэнх зүйл дээр зөвшилцөлд хүрсэн ч 2024 оны 12 дугаар сард Монголоор биш Казахстанаар дамжуулах бас нэгэн хувилбар гарч ирсэн. Европтой байгалийн хийн харилцаа зогссон 2022 онд ОХУ “Сибирийн хүч – 2” хийн хоолойг барьж эхлэх гэж хичээсэн ч БНХАУ-ын тал үнийн асуудлаас болж, зогсоогоод байлаа. Харин одоо Хятад улс АНУ-ын худалдааны хоригт өртөж эхэлсэн тул энэ хоолой илүү чухал болоод иржээ. Энэ хоолойгоор Монголын нутгаар дамжуулан, БНХАУ-д жилд 50 тэрбум кубометр байгалийн хий нийлүүлэх боломжтой юм.

Bloomberg агентлаг “БНХАУ байгалийн хийн үнэ дээр тохиролцоонд хүрэхийг хүсэж байна. Тэд мөн Монголоор дайралгүй шууд маршрутаар Оросоос хий авах төлөвлөгөөтэй байгаа. Хэдийгээр Москвад энэ талаар ярилцах ч гэрээ байгуулж амжихгүй нь тодорхой” гэж бичжээ.