UBLife Logo
Спорт

Ө.Жанцандорж Барыси Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Ө.Жанцандорж Барыси Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Казахстаны Астана хотноо явагдаж буй Барыси Их дуулга тэмцээнд Монголын 22 бөх барилдана.

Уг тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-д хүч сорьсон залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальтай Ө.Жанцандорж, Мароккогийн бөх, Африкийн АШТ-ий хошой мөнгө, хүрэлтэй Бушита Абдеррахмане, Киргизийн Саламат Уулу Байбол, Казахстаны Бауыржан Нарбаев нарыг буулган авч, хагас шигшээд хүрсэн юм.

Тэрбээр мөнгөн медалийн төлөөх барилдаанд Оросын тамирчин, Их дуулга ангилалд энэ өдөр тав дахиа түрүүлсэн Рамадан Абдулаевт ялагдсан.

Харин шигшээ барилдаанд тэр Болгарын 20 настай Ётов Бояаныг давснаар Их дуулга ангиллаас анхны медалиа атгасан юм. Ө.Жанцандоржийн хувьд өнөө жил 20 настай бөх агаад Их дуулга ангилалд гурав дахиа зодоглоод анхны медальдаа хүрсэн нь энэ.

Түүнчлэн эмэгтэйчүүдийн 48 кг-д өрсөлдсөн Азийн АШТ-ий хүрэлтэй, Их дуулга ангиллаас хоёр түрүү, нийт найман медальтай Г.Наранцэцэг эхний тойрогт гоц мөргөж, Францын Урдиалес Манон, Испанийн Перез Солер Эва нарыг давснаар хагас шигшээд шалгарав.

Тэрбээр хагас шигшээ шатнаа Оросын бөх, Европын АШТ-ий хошой хүрэлтэй, өнгөрсөн жил энэ наадамд үзүүрлэсэн Сабина Гилязовад унасан бол хүрлийн төлөөх барилдаанд Бразилийн Наташа Феррейрад дийлдэн, V байраар тэмцээнийг өндөрлүүллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.