Бидний өдөр тутмын амьдрал ихэнхдээ давтагддаг, дасал болсон зуршлуудаар дүүрэн байдаг. Харин тэрхүү давтамж дунд өчүүхэн өөрчлөлт ч сэтгэлийг сэргэг байлгаж, амьдралд эрч хүч нэмдэг шүү дээ. Тиймээс энэ долоо хоногоос эхлэн өдөр бүр нэг шинэ, өвөрмөц зүйл туршиж үзээд үзээрэй.
1. Даваа — Танихгүй хүнд мэнд хүргэх
Даваа гарагт эргэн тойрныхоо хэн нэг танихгүй хүнд инээмсэглэн “Өдрийг сайхан өнгөрүүлээрэй” гэж хэлээрэй. Бидний хувьд энгийн мэт боловч, тэр хүний хувьд долоо хоногийнх нь хамгийн дулаан мөч байж мэднэ. Зөвхөн энэ згээр ч зогсохгүй, зүгээр л та хэн нэгэн өмнө нь ярилцаж байгаагүй хүнтэйгээ эелдэг яриа өрнүүлээд үзээрэй. Ингэснээр өөрийнхөө даваа гарагийг ч инээмсэглэл, эелдэг байдлаар дүүргэж болох юм.

2. Мягмар — Шинэ амт турших өдөр
Энэ өдөр та урьд нь амсаж байгаагүй нэг шинэ хоол, эсвэл сонин хачин хачир туршаад үз. Далайн бүтээгдэхүүн, өмнө нь амсаж үзээгүй хамгийн сонирхолтой хоолыг менюн дээрээс турших, шинэ сүмс эсвэл чихэр, амттан идэж үзэх гэх мэтээр өмнө нь амтлаагүй зүйл байх ёстойг анхаараарай.

3. Лхагва — Ганцаараа цагийг өнгөрөө
Энэ өдөр та ихэнхдээ л бусадтай цуг хийдэг зүйлсээ ганцаараа хийгээд үзээрэй. Ганцаараа кино театрт очих, кофе шопт суух, эсвэл цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах гэх мэт. Мөн өдрийн хоолондоо ганцаараа орж, ганцаараа үзэсгэлэн, музей үзсэн ч болох юм. Яг л хэн нэгэнтэй уулзаж байгаа мэтээр өөртэйгөө ярилцаж, танилцахад энэ өдрийг зориулаарай.

4. Пүрэв — Явж үзээгүй газраараа явах өдөр
Бид ихэнхдээ л нэг замаар алхаж, зорьсон цэгтээ хүрдэг. Мөн яг нэг л замаараа буцаад харьдаг шүү дээ. Харин энэ өдөр өөр чиглэлээр яваад үз. Өмнө нь харж, алхаж байгаагүй гудам, орж үзээгүй дэлгүүр, тойрч өнгөрдөг цэцэрлэг, тоглоомын талбайгаараа дайр. Сониуч зангаа аль болох өдөөгөөрэй. Магадгүй энэ хотод урьд нь анзаараагүй гайхамшиг чамайг хүлээж байх ч юм билүү?

5. Баасан — Хэн нэгэнд талархлаа илэрхийлэх өдөр
Хэн нэгэн хүнд чин сэтгэлийн талархлаа энэ өдөр илэрхийлээрэй. Энэ нь найз, багш, хамтрагч, эсвэл зүгээр л сайн үйлчилгээ үзүүлсэн худалдагч байж болно шүү дээ. Талархлын үг гэдэг зүрхэнд хүрч, холбоог улам бүр бат бөх болгодог хүчтэй зүйл шүү дээ.

6. Бямба — Адал явдлаар дүүрэн өдөр
Бямба гараг бол бүтээлч адал явдлын өдөр. Бага насны төсөөллөө сэргээж, өөрийгөө “гадаадын жуулчин” мэтээр бодож, өөрийн байгаа хотоороо аялаарай. Энэ тоглоом мэт хөнгөн төсөөлөл таныг бодит байдлыг шинэ өнцгөөс харж, инээд хөөртэй болгоно.

7. Ням — Өнгөрсөн долоо хоногийг зургаар тэмдэглэх
Ням гарагт өнгөрсөн долоо хоногийг дүгнэж, хамгийн сайхан мөчүүдийг зургаар тэмдэглээрэй. Зураг зурж болно, эсвэл гар утасныхаа цомгоос нэг зураг сонгож, угаалгаад, постлоод тэмдэглэл бичиж ч болно. Ингэснээр өдөр бүрийн жижиг өөрчлөлт таны амьдралд хэр их утга учир мэдрүүлдгийг бүрэн мэдэрнэ.
Өдөр бүр жижигхэн өөрчлөлт хийсээр, долоо хоногийн эцэст та хэчнээн олон шинэ туршлага хуримтлуулснаа анзаарах болно. Амьдралын хэмнэлээ эвдэхгүйгээр, сэтгэл санаагаа өргөж, өөрийгөө дүүргэх эдгээр жижиг алхмууд танд гэгээлэг, эрч хүчтэй шинэ өдрүүдийг нээж өгнө.
