UBLife Logo
LIFESTYLE

Зурхайн ордуудын дотоод ид шидийг илэрхийлэх “Ghibli“-ийн 12 дүр

Зурхайн ордуудын дотоод ид шидийг илэрхийлэх “Ghibli“-ийн 12 дүр

Studio Ghibli бол зөвхөн хүүхэлдэйн кино бүтээгч студи бус, харин хүний дотоод ертөнц, зөөлөн мэдрэмж, байгаль, хайр, тэмцэл, аз жаргал бөгөөд гунигийг үлгэрийн мэт өнгөөр илэрхийлдэг нэгэн ид шидийн ертөнц. Зурхайн орд бүр өөр өөрийн онцлог, зан чанартай. Энэ удаад бид 12 ордыг Ghibli-ийн хамгийн мартагдашгүй дүрүүдээр төлөөлүүлэн танд хүргэж байна. Аль дүр нь таны зурхайн ордыг илэрхийлж байна вэ?

Хонь – Сан (Princess Mononoke)

Сан бол үзэсгэлэнт, хөндөгдөөгүй байгаль, шударга ёс, зориг, тэмцлийг илэрхийлэгч. Хонь ордныхон яг л түүний адил шийдэмгий, эрч хүчтэй, хэзээ ч бууж өгдөггүй бөгөөд яг л өөрийнхөөрөө байдаг чанартай. Тэд хүссэн зүйлээ авахын төлөө эрсдэл үүрч, зүрх сэтгэлээ дагадаг. Тэдний энэхүү чин шулуун байдал нь бусдыг өөрт нь татагдахад хамгийн их нөлөө үзүүлдэг. Тэдний өвөрмөц онцлог нь, өөрийн үнэт зүйлсээ хамгаалахдаа бүхнийг зориулж, золиос гаргахдаа ч татгалздаггүй явдал юм. Тэд яг л байгаль шиг гайхам эрчим ялгаруулдаг. Сан шиг тэдний зүрх үнэнээр дүүрэн бөгөөд бусдын төлөө тэмцдэг жинхэнэ баатрууд.

Үхэр – Тоторо (My Neighbor Totoro)

Үхрийн орд бол найдвартай, амгалан, газар шороо шиг бат бөх оршихуй. Тоторо мэт тэд оршихуйгаараа л бусдад итгэл, аюулгүй байдал мэдрүүлнэ. Тэд үг дуу цөөн, гэхдээ оршихуй нь өөрөө тайвшрал, хайр, итгэл төрүүлдэг үлгэрийн бүтээл мэт. Гадаад төрхөөрөө намуухан, дөлгөөн харагддаг ч дотроо бусдыг хамгаалах их хүч агуулсан, гүн сэтгэлтэй хүмүүс. Тэд амьдралын энгийн, тайван, аюулгүй орчинг эрхэмлэдэг. Гэр бүл, найз нөхдөө халамжилж, амьдралыг аажуухан, мэдэрч амьдрахыг илүүд үздэг. Тэд хэзээ ч яарахгүй, хэзээ ч хэтрүүлэхгүй. Гэхдээ яг л хэрэгтэй мөчид дэргэд чинь байж, мөрийг чинь чимээгүй нална. Үхрийн орд бол чимээгүй хүч, намуухан хайр, байгаль шиг гүн бат мэдрэмж. Тэдний хайр үгээр бус, үйлдлээр илэрдэг.

Ихэр - Марни (When Marnie Was There)

Ихрийн орд бол хоёрдмол чанартай, мэдрэмж, оюун ухаан, төсөөллийн зааг дээр амьдардаг орд. Тэд заримдаа дотоод ертөнцдөө гүн шумбаж, заримдаа гадаад ертөнцөд туйлын сэргэлэн, нийтэч, хурц мэдрэмжтэй харагддаг. Марни яг л ийм. Тэр бол үл тайлагдах, сэтгэл зүрхэнд шивнэх мэт үлддэг дүр. Ихрийнхэн шиг Марни хоёр ертөнцийн дунд оршдог. Өнгөрсөн ба одоо, бодит байдал ба дурсамж, ухаан ба мэдрэмж. Тэднийг ойлгоход амаргүй, гэхдээ ойлгож эхэлмэгц тэдний дотоод ертөнц онцгой гүн, сонирхолтой, уран сэтгэмжтэй, тансаг мэдрэмжтэй байдаг. Тэд өнгө аяс, үгс, дүрсээр өөрийгөө илэрхийлэхдээ гарамгай. Ихрийн орд салхинд тээгдэх дурсамж шиг, тод, нууцлаг, хэзээ ч бүрэн барьж авч боломгүй.

Мэлхий – Чихиро (Spirited Away)

Мэлхийн ордныхон бол сэтгэл хөдлөлөөрөө амьдардаг, маш гүн мэдрэмжтэй хүмүүс. Тэд анхандаа бусдад эмзэг, итгэлгүй мэт санагдаж болох ч, хүнд нөхцөлд дотоод хүч нь тодрон гарч ирдэг. Чихирогийн өсөлт, өөрчлөлт Мэлхийн ордныхны амьдралын түүхтэй тун төстэй. Тэдний дотоод эрч хүч нь мартагдашгүй, цэвэр ариун, бас заримдаа шаналалтай. Гэхдээ энэ хүчээрээ тэд бусдад гэрэл гэгээ бэлэглэх чадвартай. Нэмээд, тэдэнтэй өнгөрүүлсэн мөчүүд ямагт мартагдашгүй, заримдаа сэрсэн хойно ч үргэлжилсээр байх зүүд шиг үргэлжилдэг. Тэдний сэтгэл зүрхний гүнээс гарсан үнэнч хайрыг мэдэрч чадсан хүн азтай.

Арслан – Хаул (Howl’s Moving Castle)

Тэд хоёул гадаад төрхөөрөө анхаарал татаж, орчин тойрноо өөртөө татах увдистай. Арслангуудын бардам, гоо зүйд дуртай, чамин хэв шинж Хаулын стиль, хийсвэр, заримдаа хөнгөн хуурмаг мэт сэтгэлгээнээс нэвт цухалздаг. Гэвч Хаулын адил Арслангууд дотроо маш эмзэг, өөрийгөө хамгаалах тусгай “хана” босгосон байдаг. Гаднаа бардам, өөртөө итгэлтэй мэт харагддаг ч, хайртай хүмүүсээ хамгаалах, золиос гаргахдаа хэзээд бэлэн. Арслангууд өөрсдийгөө хамгаалж, хэн нэгний өмнө сэтгэлээ ил гаргахгүйгээр эргэн тойрноо нууцалдаг. Тэдний хайр гал шиг дүрэлзэн, салхи шиг чөлөөтэй хэрнээ өөртөө л хамаарах хүнд бүхнээ өгөхөд бэлэн гүнзгий байдаг.

Охин - Софи (Howl’s Moving Castle)

Тэр гаднаа даруухан, эгэл нэгэн мэт боловч дотроо маш хүчтэй, тэсвэртэй, ухаалаг нэгэн. Софи шиг охины ордныхон өөрийгөө үргэлж дутуу үнэлдэг ч, нөхцөл байдал шаардсан үед хэний ч итгэмээргүй хүч гаргаж, хүмүүсийг дотроос нь өөрчилж чаддаг. Хайр нь ил гардаггүй ч, хамгийн гүн, үнэнч байдаг. Нэмээд тэд цэвэр цэмцгэр, хайр дүүрэн орчинд дуртай. Гадаад гоо үзэсгэлэнг бус, дотоод гоо сайхныг эрхэмлэгчид. Софи хэрхэн өөртөө итгэлтэй болох тусам залуужиж, гэрэлтэж эхэлдэг билээ, түүн шиг Охины ордныхон ч өөрийн үнэ цэнийг таних үедээ л жинхэнэ ид шид нь илэрдэг.

Жинлүүр - Шизүкү (Whisper of the Heart)

Тус ордны уян зөөлөн, романтик, гоо сайхныг дээдэлдэг мөн чанар нь Шизүкүтэй үнэхээр адилхан. Тэр мөрөөдлөө дагаж, өөрийгөө нээж, шүлэг бичих, ном унших зэргээр амьдралыг илүү утга учиртайгаар ойлгох үйл явцдаа цагаа зориулдаг. Бусдын сэтгэлийг мэдэрч чаддаг, зөрчил тэмцлээс зайлсхийдэг ч дотроо томоохон шийдвэрүүдтэй тэмцэж байдаг. Шизүкү шиг тэд гаднаа намуухан харагддаг ч дотроо өөрийн мөрөөдөл, хайр, үнэний төлөө шаналж, тэмүүлж байдаг. Тэдний гоо зүй, сэтгэл хөдлөлийн нарийн мэдрэмж нь жижиг зүйлээс ч утга учрыг олж харахад тусалдаг. Жинлүүр бол амьдралыг дуу шиг, хайрыг шүлэг шиг мэдэрдэг орд.

Хилэнц – Хаку (Spirited Away)

Хилэнцийн ордны гүн гүнзгий, нууцлаг, сэтгэлийн хаттай шинжийг хамгийн тод илэрхийлэх дүр бол Хаку. Тэр гаднаа хүйтэн, хөндий мэт боловч үнэндээ хамгийн гүн хайрлагч. Хакутай адилхан Хилэнцүүд ч мөн өөрийн дотоод үнэнтэйгээ нүүр тулж, амьдралынхаа утга учрыг нээн илрүүлэх замаар өөрийгөө бүтээдэг. Тэд өнгөц зүйлд хууртдаггүй, бусдын гүнийг уншиж чаддаг. Тэд хэзээ ч илэн далангүй ханддаггүй ч, хэн нэгэнд итгэвэл бүхнээ зориулдаг. Хилэнц усны гүн дэх нууцлаг урсгал шиг чимээгүй хэр нь бүхнийг хөдөлгөж байдаг дотоод хүчийг илэрхийлнэ.

Нум – Ашитака (Princess Mononoke)

Нумын орд бол эрх чөлөө, үнэний эрэлд явагчид. Тэдний энэ гүнзгий дотоод аяллыг хамгийн төгс илэрхийлэх дүр бол Ашитака. Тэр бол хүчтэй итгэл үнэмшилтэй, уучлал, ойлголцлын үнэ цэнийг ойлгогч дайчин нэгэн. Ашитака хэцүү шийдвэрүүдтэй нүүр тулдаг, хэний ч талд бүрэн орохгүйгээр, хооронд нь ойлголцол авчрахыг эрмэлздэг. Нумын ордныхон ч ялгаагүй үнэний төлөө тэмцэгч, алсын хараатай, дотоод итгэлээрээ бусдыг гэрэлтүүлэгч хүмүүс. Нумын орд бол аялал, эрэл хайгуул, эр зоригийн илэрхийлэл. Ашитака шиг тэдний зүрх бол тэнгэр мэт уудам, зорилго нь хүн төрөлхтнийг илүү сайхан газар луу чиглүүлдэг.

Матар – Кагуяа гүнж (The Tale of the Princess Kaguya)

Матрын орд бол дотоод сахилга бат, гүн бодрол, алс хараа, зорилгын орд. Кагуяа гүнжийн нам гүм, дотоод эмзэглэл дүүрэн аялал энэ ордын мөн чанарыг нэвт шингээсэн байдаг. Тэр өөрийн жинхэнэ мөн чанар, эрх чөлөөний төлөө тэмцдэг ч, орчин нөхцөлдөө дасан зохицохыг хичээж, зүрхэндээ гүн зовлон үүрч явдаг. Матрын ордныхон ч мөн үүрэг хариуцлагын дор өөрийн мэдрэмж, хүсэл мөрөөдлөө нууж явдаг гүн сэтгэлийн хүмүүс. Кагуяа шиг тэд энэ дэлхийд хязгааргүй их мэдрэмж авчирдаг ч, үүнийгээ ил гаргалгүй тэвчдэг. Тэд гоо зүй, үнэнч байдал, сэтгэлийн хат гэдгийг жинхэнэ утгаар нь ойлгодог. Кагуяа шиг тэдний гэгээн чанар маш чимээгүйхнээр дотоодод нь шатаж байдаг.

Хумх – Наусикаа (Nausicaä of the Valley of the Wind)

Хумхын орд бол ирээдүйн зөнчид, шинэчлэгчид, хүн төрөлхтнийг авран гэтэлгэх алсын хараатай орд. Тэр хорвоогийн сүйрэл, байгаль - цивилизацийн зөрчлийг ойлгож, эв нэгдэл, хайр, ухаанаар гарц хайдаг. Хумхынхан ч адилхан хүмүүсийн төлөө, мөн цаашлаад дэлхийн төлөө зүрх нь эмзэглэж явдаг хүмүүс. Хумхынхан мөрөөдөл, бусдад хачин санагдаж мэдэх санаануудаар дүүрэн бөгөөд ирээдүй рүү харж, шинийг бүтээх эрмэлзэлтэй. Тэднийг ойлгоход цаг хугацаа хэрэгтэй ч, ойлгосон нэгэнд тэдний оюун, сэтгэл, зориг нь гүн гүнзгий нөлөөлдөг. Хумхын орд бол салхи шиг чөлөөтэй хэр нь үзэл санааны туйлбартай байлдан дагуулагч.

Загас – Кики (Kiki’s Delivery Service)

Загасны ордны зөөлөн, мөрөөдөмтгий, эмзэг хэр нь ухаалаг, уян хатан занг илэрхийлэх хамгийн тохирсон дүр бол Кики. Кики яг л загасны ордныхон өөрийн дотоод ертөнц рүү аялж, өөрийгөө таньж, зөөлөн хүчээрээ бүхнийг давдаг шиг ертөнцийн нэгээхэн буланд ганцаараа очиж, өөрийгөө олж, бие даан амьдрахыг хүсдэг. Кики ямар ч үед өөрөөрөө байж, амьдралын ачаагаа дотоод хүчээрээ тээж, гуниг, ганцаардлыг ч даван туулдаг. Мэдрэмжтэй, гүн ухаантай, сэтгэлдээ үлгэр тээн амьдардаг хүмүүс. Загасны орд бол сэтгэл хөдлөлийн шидтэн. Кики шиг тэдний уян зөөлөн, мэдрэмжтэй байдал бол сул тал биш, харин хамгийн хүчтэй тал нь юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.