Жагсаал, цуглаан гэхээр танд хамгийн түрүүнд ямар төсөөлөл буудаг вэ?
Хөөрсөн, бачимдсан хүмүүс цугларч үзэл бодлоо илэрхийлэх, хоолойгоо цуцтал орилох зураглал аяндаа санаанд тань тодрох вий. Сүүлийн хэд хоногт өрнөж буй “Огцрох амархан” хөдөлгөөнийг ажиглахад энэ бүх тогтсон жишгийг нэгэнт эвдсэн мэт санагдуулна.
Хүн яагаад сайн дураараа жагсдаг вэ гэдгийг энгийнээр тайлбарлахад, бачимдаж, туйлдаад арга мухардахад л ийн зориглон шийддэг. Түүнээс бус тайван, амгалан цаг үед жагсах, тэмцэх ямар хэрэг байх вэ, тиймээ?
“Огцрох амархан” жагсаал бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү татвар төлөгчдийн байх магадлалтай их хэмжээний мөнгөөр тансагласан нь илчлэгдсэн гэнэтийн үйл явдлаас аяндаа үүссэн хөдөлгөөн юм.

Тэдний анхны шаардлага маш энгийн байлаа. Ерөнхий сайдын хүүг орлогоо нотолж харуулаач гэсэн санаатай. Гэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийхдээ “Ялаануудад хандаж хэлэхэд, та нар яагаад ч миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мохоож чадахгүй. Битгий горьд” гэж хариулсан. Үүгээрээ тэр хариуцлага хүлээх, үүрэгт ажлаасаа огцрох санааг өчүүхэн төдий ч цухуйлгасангүй, харин ч өөрийн үйл хэргийг үнэн зөв гэдэг хатуу итгэлтэй байгаагаа тунхагласан юм.

Жагсагчид Ерөнхий сайдад үлгэрлэх зорилгоор 30 минут тутамд орлогоо нотолж байна. Даруухан хийцтэй модон подон, дуу өсгөгч, индэр тэргүүтнийг жагсаалт оролцсон зарим нь гэрээсээ авчирсан төдийгүй харин заримыг нь хавь ойрынхоо үйлчилгээний газруудаас түр зээлсэн гэв.
УИХ-ын гишүүдийг мөнхүү жагсаалд нэгдэхийг уриалж тэдэнд зориулсан тодорхой цагийг ч өдөр болгон хуваарилж байна.

Даваа гарагийн жагсаалын үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат тэнд цугласан хүмүүсээс уучлал гуйж, Ерөнхий сайдыг огцруулах өргөдөлд гарын үсгээ зурсан юм. Тэрбээр “Улсын хурлыг төлөөлөх нэг нэгжийн хувьд, та бүхнээсээ уучлал хүсье. Энд цугласан бүх хүмүүсээр би бахархаж байна. Та бүхэн өнөөдөр ёс суртахуун, шударга ёсыг шаардаж байгаа. Улс төрийн намууд, өнөөгийн Засгийн газар үүнийг ярьдаг шигээ Монголын ард түмний өмнө хэрэгжүүлж харуулах цаг нь болжээ” гэж хэлэв.

Жагсагчдын шаардлага тэлж байна. Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг улс төрийн төдийгүй ёс зүйн хариуцлага хүлээж өөрийн хүсэлтээр огцрохыг уриалж, шинэ Засгийн газрыг эвсэхийг дэмжихгүй гэдгээ илэрхийлэн, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй байхыг шаардах болжээ, өдгөө тэд.

“Энэ жагсаалд оролцож байгаа иргэд ялаанууд биш, харин ажилчин зөгий нар юм. Бид хөдөлмөрлөөд татвараа төлдөг, хүүхдүүддээ өөрийнхөө мөнгөөр цүнх авч өгдөг”. Энэ үгийг жагсагчдын нэг О.Уламсайхан хэлсэн.

Уг жагсаалын үеэр өдөр болгон тодорхой сэдвээр сургалт орж байна. Тэдгээр нь төсвөө хянах амархан, жагсаал зохион байгуулах гарын авлага, баримт шалгах амархан зэрэг сэдэвтэй. Тухайн чиглэлд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд уг сургалтыг орсон юм.
Үүний сацуу жагсаалд ирсэн хүмүүсээс өөрсдийн байр суурийг илтгэх нь ч байна. Тухайлбал, “эрдэмтэн болоод ядуу амьдардаг” өнөөгийн жишгийг гярхай ажиглаж, зоригтой илчлэх нэгэн ч тааралдав.

Энэ жагсаалын хамгийн чухал үзэл баримтлал нь тайван замаар шаардлагаа илэрхийлэх юм. Сүүлийн үед жагсах байдлаар тодорхой үр дүнд хүрэх амаргүй байна. Тэгэвч жагсаад үр дүнд хүрдэг, ёс зүйгүй, бусдаас давамгай эрх мэдэлтэй, хулгайч хүмүүст хариуцлага оногдуулдаг тогтолцоог бий болгохын төлөө тууштайгаар жагсах ёстой гэдгийг тэнд цугласан төлөөлөл хэлж байлаа. Бас нэг иргэн “Ерөнхий сайдыг огцрууллаа гэхэд дараагийнх нь хэн байх вэ гэдэгт эргэлзэх хүн байна. Түүнд бүү санаа зов. Дараагийн хүн нь бас л муу ажиллаж таарвал ахиад огцруулна” гэв.
Монгол даяар хүлээн зөвшөөрөгдсөн хэр нь ээ “ард түмэн маань ядуу амьдарч байгаа цагт би ямар ч шагнал авахгүй” гэж зоригтой татгалзсан цор ганц зохиолч болох Д.Урианхай нэгэнтээ “Эх орондоо хайртай ард түмэнтэй улс л хамгийн түрүүнд хөгжчихсөн байна. Эх орондоо хайртай байна гэдэг өөртөө агуу том шаардлагатай, ажил бүтээлийн үүрэг хариуцлагатай амьдарна гэсэн үг!” хэмээн хэлсэн нь бий. Манай улс төрчдөд “өөртөө агуу том шаардлагатай, ажил бүтээлийн үүрэг хариуцлагатай амьдарна” гэх ойлголт байдаггүй нь нэгэнт тогтсон гажуудал гэлтэй. Хариуцлагыг эрхэмлэдэг болоход нь, нэрээ хичээдэг, ёс зүйг дээдэлдэг болоход нь шахалтыг үзүүлэх үйл хэрэг бол ард түмний зүй ёсны шаардлага юм.

“Огцрох амархан” жагсаал өнөөдөр долоо дахь өдрөө үргэлжилж байна. Төрийн ордны хана чихтэй бол дөжирч байгаа биз. Харин дотор нь байх хүмүүс нүдээ аниад, чихээ таглаад суудаггүй байлтай. Ямартаа ч чимээ аниргүй энэ хэдэн өдрийг барав. Цаашид хэрхэхийг ч тааж хэлэхэд бэрх билээ.
Дээрх жагсаал үр дүнгээ харах хүртэл үргэлжлэх нь лавтай юм. Та бүхэнд “Огцрох амархан” жагсаалтай холбогдох зарим баримтыг дурдвал, одоогоор 52 мянган иргэн цахимаар, 80 мянган иргэн биетээр Ерөнхий сайдыг огцруулах шаардлагыг дэмжин, гарын үсгээ зураад байна. Энэ тоо өдрөөс өдөрт эрчимтэй нэмэгдэж байгаа юм.

Жагсаалыг зохион байгуулагчдын зүгээс УИХ-ын гишүүд болон намын бүлгүүдэд шаардлагаа хүргүүлсэн гэв. Энэ жагсаалыг “Ноорог” контент бүтээгчид гоцлон удирдаж байна гэх шар мэдээ нийтлэг байгаа харагдсан. Гэхдээ жагсаалыг чиглүүлж байгаа 14 хүний ердөө хоёр нь л “Ноорог”-т хамааралтай гэсэн тайлбарыг зохион байгуулагчид хэллээ.
Ямартаа ч “Огцрох амархан” хөдөлгөөнөөс үүдэн тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх, жагсаалыг үр дүнтэй, бүтээлч байдлаар өрнүүлэх шинэ жишиг энэ нийгэмд тогтох нь гарцаагүй юм.










