“Алхам 2.0” аяныг Зориг сан нь “Залуучуудын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Ub.life сайттай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд Лоринэт сан, МУИС-ийн Карьер хөгжлийн үйлчилгээтэй хамтран залуусын ажилд орох алхам бүрд зориулсан хэрэгцээтэй мэдээлэл, сонирхолтой контентуудыг цувралаар хүргэж байна.
Оюутны карьер хөгжлийн үйлчилгээ гэх ойлголт манай улсын хувьд шинэ тутам хөгжиж байна. Оюутнуудын мэргэжлийн ур чадварыг ахиулахаас гадна бусад зөөлөн ур чадвараа хөгжүүлж, ажилд орох, карьераа эхлүүлэхэд нь тусалдаг энэ үйлчилгээний ач холбогдол үлэмж их.
Дэлхий даяар 1920-иод оны үед буюу Дэлхийн I дайны дараах үед багш нарын эрэлт онц нэмэгдсэнээр төгсөх багш нар зориулсан мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ анхлан бий болж байж. Дараа нь аж үйлдвэржилтийн үед ажлын байрны зуучлал нь их, дээд сургуулиудын бүтцийн салшгүй нэг хэсэг болжээ. Харин 2000-аад оноос шинэ технологи, интернэт, олон нийтийн сүлжээний хөгжлийн хэрээр оюутан, ажил олгогч, төгсөгч, багш, гэр бүлүүдийн харилцаа, холбоо урьд байгаагүйгээр өргөжив. Өнөө цагт карьер хөгжлийн төвүүд нь их сургуулиудын бүтцийн ердөө нэг хэсэг төдий бус их сургуулийн экосистемийн нэг хэсэг болж, ажилд зуучлахаас ч илүү хувь хүний насан туршийн карьер, хөгжил төлөвлөлтөд чухал үүрэг гүйцэтгэх болжээ.
Тэгвэл орчин цагийн карьер үйлчилгээнд гарч байгаа онцлох трэндүүд юу вэ? Оюутан, их сургууль, ажил олгогчид хэрхэн хамтран ажиллах боломжтой вэ?
1. Карьер хөгжлийн үйлчилгээнд илүү их ач холбогдол өгөх болов
Их сургуулиуд энэ төрлийн үйлчилгээг сургалтаас ялгаагүй нөлөө бүхий байр сууринд тавьж, дотоод болон гадаад хамтрагч талуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж байна. Тухайлбал, Boston College, Stanford, University of Chicago, University of South Florida, University of Virginia зэрэг сургууль Карьер хөгжлийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтнүүдээ Дэд ерөнхийлөгч, дэд захирлын түвшинд албан тушаалд томилж байна. Энэ бол зүгээр нэг албан тушаал, нэр хүнд өгөх хэрэг биш байгууллагын шийдвэр гаргалтад түлхүү оролцуулах, тухайн үйлчилгээг хөгжүүлэхэд сургуулиас өгч байгаа ач холбогдлыг харуулж байгаа юм.
2. Хөрөнгө оруулалт, орчин нөхцөл, хүний нөөцийг нэмэгдүүлж байна
Дээр дурдсанчлан карьер үйлчилгээний ач холбогдлыг өсгөснөөр хөрөнгө оруулалт, нөөцийн хуваарилалт ч нэмэгдэж байна. Шинэ санаачилгуудыг дэмжих санхүүгийн нөөцийг нэмж, сургуулийн хотхон дахь үйлчилгээний төвийг шинэчлэн тохижуулахдаа хөрөнгө босгох, санхүүжилт татах аргуудыг ч хэрэглэж байна. Жишээ нь, St. John's University, University of California-Berkley ба University of Miami зэрэг сургууль дэмжигч байгууллагууд болон төгсөгчид, ажилтнуудынхаа хандиваар шинэ, том хэмжээний үйлчилгээний төвтэй болжээ. Үүнээс гадна эдгээр төвд ажиллах шинэ үеийн мэргэжилтнүүдийг ажиллуулж эхэлсэн байна.
3. Карьер үйлчилгээний төв гэдэг ердийн танхим биш экосистем
Карьер үйлчилгээ гэдэг нь нэг өрөө, тасалгаанд л төвлөрөх бус сургуулийн өдөр тутмын үйл ажиллагаа, соёлын салшгүй хэсэг болжээ. Оюутны амжилт гэдэг бол их сургуулийн бүхий л талуудын хамтын хүчин чармайлт гэдэгтэй маргах хүн үгүй. Энэ өргөн уудам хүчийг нэгтгэж, үр ашигтайгаар учир зангилааг тайлах нь карьер хөгжлийн үйлчилгээний ажилтны гол хувь нэмэр билээ. Оюутнуудын карьер хөгжлийг хамтдаа төлөвлөж, ажил олгогчдоос тавигдаж буй шаардлагатай ур чадварыг мэдэрч, сургуулиас олгож буй сургалт, мэдлэгийг түүнд нийцүүлэх нь маш өргөн хүрээний экосистемийн хамтын ажиллагааг шаарддаг.
4. “Бужигнаант” орчин
Карьер үйлчилгээний төв гэдэг үргэлж л бужигнаж байдаг, идэвхтэй орчин байх учиртай. Оюутнууд сониуч зангаа тэлдэг, эрсдэлийг туулж, давж үзэх боломжтой, тэр хэрээр ур чадвараа уян хатан ашиглаж чаддаг хөрвөх чадвартай болж төлөвших нь чухал. Түүнээс гадна тодорхой бус нөхцөлд ажиллах туршлага олж авах нь хамгаас чухал юм. Учир нь, ажлын талбарт хэзээ ч сурах бичиг шиг тодорхой нөхцөл өгөгддөггүй шүү дээ. Үүнд өөрийгөө бэлдэхэд нь ажил олгогчтой хамтарсан карьер хөгжлийн үйлчилгээ хамгийн их тус, дэм болно.
5. Шинэ технологи
Орчин үеийн залуус ажил, карьераа төлөвлөхөд нь технологийн тусламжтай олон боломжууд бий болсоор байна. Тэд Zangia-аас ажлаа хайж, LinkedIn-д профайлаа хөгжүүлж, Lambda-аар цалингаа тооцуулах гэхчлэн шинэ тутам технологиуд бий болж байгаагаас карьер хөгжлийн үйлчилгээ ч хоцрох ёсгүй. Амжилттай төв бол шинэ технологийг эрт нэвтрүүлж, эрсдэл гаргахын зэрэгцээ шинэ санаачилгад боломж олгодог байх ёстой. Тиймээс шинэ старт-ап, чиг хандлагыг аюул бус, боломжит тоглогчид гэж үзэж хамтран ажилладаг байх нь чухал.
6. Шинэ үеийн мэргэжилтнүүд
Карьер гэх ойлголт өөрчлөгдөхтэй зэрэгцээд оюутнуудад энэ талаар олгох мэдлэг, ур чадварын талаарх ойлголтоо ч өөрчилж, шинэчилж байх шаардлага үүсдэг. Тиймээс карьер хөгжлийн үйлчилгээ гэдэг бол зүгээр нэг зөвлөгч биш залуусыг шинэчлэлд хөтлөгч нь болдог. Сүүлийн үед сургуулиуд дээр уламжлалт ажлын байрны өдөрлөгөөс илүүтэйгээр чөлөөтэй, интерактив, сонирхолтой хөтөлбөрүүд бий болгох болсон. Ямар хэлбэрээр байвал оюутнууд оролцох вэ, ямар хэлбэр ажил олгогчидтой холбогдоход хамгийн үр дүнтэй вэ, сургууль ямар үүрэгтэй оролцож болох вэ гэдгийг тал бүрээс асууж шинэлэг хөтөлбөр боловсруулбал хэн бүхний сонирхлыг татах боломжтой.

1. Шууд үйлчлүүлэх боломжтой
Орчин үеийн залуус толгойд нь нэг санаа төрсөн бол тэр дор нь учрыг нь олохыг боддог. Тиймээс энэ үед нь бэлэн байх нь чухал. Заавал цаг ав, дараа нь ир гэж хандах нь тэднийг “үргээнэ”.
2. Зайнаас ч туслах боломж
АНУ-ын Калифорн, Вашингтон орчмын оюутнуудыг хамардаг Brandman их сургуулийн хувьд оюутны хөгжлийн цахим хөтөлбөр боловсруулжээ. Ингэснээр цагийн ажилтай оюутнууд боломжтой цагтаа хамрагдаж, өөрсдийгөө хөгжүүлэх боломжтой болсон байна. Тэдний урьдчилж бодож, бэлтгэх сэдвийг даалгаж хуваарь зарлахад маш олон оюутан хамрагдах хүсэлтээ илгээжээ.
3. Хүлээлгийн цагийг үр дүнтэй байлгах
Вашингтон их сургуулийн үйлчилгээний төвийн амралтын өрөөнд сар бүрийн онцлох видеог байнга тоглуулдаг. Ингэснээр залуус хүлээлгийн үедээ ч мэдээлэл авах боломжтой байдаг. Хүмүүстэй харилцах энгийн дүрэм, нэтворкинг хийх гол ур чадварууд гэхчлэн янз бүрийн сонирхолтой видео бэлтгэсэн байдаг. Түүнчлэн ажлын байрны өдөрлөг зарлах үедээ салбар бүрийн мэргэжилтнүүдийн хэлэлцүүлэг хийж, карьер өсөлтийн түүхийг нь хуваалцдаг байна. Гол нь хэлэлцүүлгийн дараа тэдэнтэй уулзаж, ярилцах боломж гаргаснаар дотогшоо зан төлөвтэй оюутнуудад бүр ч дэмтэй байдаг гэжээ.
4. Сошиал медиаг дэмжих
Оюутнууд карьер хөгжлийн үйлчилгээнд хандахдаа айдастай, бишүүрхсэн байх нь бий. Тиймээс тэдний энэ төсөөллийг эвдэх үүднээс зураг авхуулах, сельфи хийх, сошиал медиад пост хийх сонирхлыг нь өдөөх янз бүрийн сонирхолтой тохижилт, жижиг чимэглэлүүд хийх нь бий. Ингэж байж л тэдний “анд, нөхөр” болно шүү дээ.
5. Аль болох өргөн хүрээний хамтын ажиллагаа
Ямар ч арга хэмжээ хийсэн багш, оюутан эсвэл бусад олон нийтийн байгууллага гэхчлэн зөв, зохист хамтрагчийг урьж байгаарай. Ганцхан өөрсдөдөө найдахаас хамаагүй илүүгээр хүртээмжийг нэмэгдүүлдэг “ид шид”-тэй шүү.
6. Speed-networking
Carson College of Business-ийн хамгийн үр дүнтэй арга нь энэ гэжээ. Сар бүр төгсөгч болон оюутнуудын дунд ийм арга хэмжээ хийж 12 минутын дотор оюутнууд өөрийгөө мэргэжилтний хувьд санал болгох дасгал хийдэг байна. Зарим нь ажилд ордог бол зарим нь зүгээр л холбоо харилцаагаа бэхжүүлж, ментороо ч олох нь бий.
Монголын их, дээд сургуулиудын хувьд МУИС хоёр жилийн өмнөөс анхлан Карьер хөгжлийн үйлчилгээг нэвтрүүлээд буй. Дээрх шиг олон төрлийн сонирхолтой үйлчилгээг санал болгодог тул оюутан, залуус та бүхэн заавал очиж үзээрэй.
