МУБИС-ийн философийн багш, орчуулагч Ж.Отгонбаяртай ярилцлаа. Тэрбээр Альбер Камюгийн “Сизифийн тухай домог”, Жек Лондоны “Адамаас өмнө”, Ж.Ж.Фрэзерийн “Алтан гишүү”, З.Фройдын “Онгон шүтлэг ба хорио цээр”, К.Леви-Строссийн “Бүтцийн антропологи”, Ролан Бартын “Зохиогчийн үхэл” зэрэг номуудыг эх хэлнээ орчуулсан билээ. Мөн хүний философи, соёлын хүн судлал, сэтгэлгээний түүх, домог зүйн чиглэлээр судалгаа хийдэг.
-Философи гэхээр Танд хамгийн түрүүнд юу төсөөлөгддөг вэ?
-Миний хувьд, философийг үзэл суртал, бас шинжлэх ухаан биш гэж боддог юм. Харин үүнийг үйл ажиллагаа, сэтгэлгээний ухаан гэж үздэг.
Философийг шинжлэх ухаан гэж үзэж байсан цаг үе бий. Монголд л гэхэд 1990 оныг хүртэл философи бол шинжлэх ухаан гэж үзэж байсан.
Угтаа философи бол сэтгэн бодох үйл ажиллагаа, сэтгэх урлаг л юм. Сэтгэнэ, бодно гэдгийг хүмүүс ажил биш, харин хийсвэрлэл гэж боддог. Сэтгэнэ гэдэг чинь үйл ажиллагаа юм. Тухайлбал, өдөр тутмын амьдралд сэтгэж байна гэдэг чинь юугаар юу хийж байгаа юм бэ? Зарим хүн ийм тэнэг асуулт байдаг юм уу гэж бодох л байх. Гэлээ ч энэ хамгийн чухал асуулт.
Бүх юмс бидэнд мэдрэгдэж байгаа шигээ, оюун ухаанд өгөгдөж байгаа шигээ байдаггүй юм. Тийм учраас бүх юмсын жинхэнэ мөн чанар нь аль вэ гэдгийг эргэцүүлэх шаардлага гарч ирдэг. Хүмүүсийн сурч байгаа явдал нь өөрсдөө хэлэхгүй, бусад хүмүүс анзаарахгүй байгаа болохоос чухамдаа ирээдүй тодорхойгүй, ирээдүйгээс ямар дарамт, айдас, юу ирэх юм, түүнээс л бэргэж, түүнд бэлтгэж сурч байгаа юм шүү дээ. Суралцахын нэгдүгээр мөн чанар нь энэ.
Хоёрдугаарт, хүний амьдрал төгсгөлтэй. Тиймээс энэ хязгаартай оршихуйн цаг хугацааг утга учиртай байлгахын тулд хүн сурч байгаа юм шүү дээ. Хэрвээ хүн мөнх настай байсан бол сурах ямар хэрэгтэй билээ?
Бурхан хэрвээ хүнийг бүтээсэн нь үнэн юм бол бүтээсэнд нь баярлахгүй, төгсгөлтэй бүтээсэнд нь л баярлана. Энэ л бидний амьдралыг утгатай болгож байгаа юм. Энэ амьдрал төгсөнө. Тийм учраас эрт ухаар залуучууд аа, одоо ухаар.
Тиймээс философи гэдэг бол амьдралын утга учрыг эрж, хайх, түүний талаар нухацтай бодох төдийгүй философич гэж хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийн үйл ажиллагаатай танилцах явдал бөгөөд философийн жинхэнэ үйл хэрэг энэ юм.
-Та Альбер Камюгийн “Сизифийн тухай домог” номыг орчуулж, уг бүтээлийн талаар хэд хэдэн өгүүлэл бичсэн. Камюгийн эл бүтээлээрээ тунхагласан философи үзэл санааны тухайд юу хэлэхсэн бол?
-Философид анхнаасаа хөндөгдсөн асуудлын нэг нь хүний амьдралын утга учрын тухай юм. Хүн юуны төлөө амьдардаг юм, хүнд зорилго гэж юм бий юү, түүхээр өгөгдсөн үүрэг гэж юм байна уу, хүний амьдралын утга учир нь аз жаргал юм уу, өмч хөрөнгө юм уу, зугаа цэнгэл юм уу гэх асуудал философийн түүхийн туршид яригдаж, хэлэлцэгдсэн. Аз жаргалын талаар философийн хүрээнд л хамгийн гүнзгий, ойлголтоор ярина уу гэхээс өөр хаана ч тэгж яригдахгүй. Уран зохиолд ярьсан ч тэнд өөрөөр, дүрээр яригдана.
Тэгвэл ХХ зуунд дэлхийн I, II дайн дэгдэж, амар амгалангийн ертөнц байсан Европ мөнхүү дайны дараа үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг болсон. Дайны дараа “Хүн гэж хэн бэ”, “Хүний эрдэм мэдлэгийнх нь ид шид хаана илэрч байгаа юм” гэсэн асуудал яригдахад хүрсэн. Дэлхийн I дайн дуусахад энэ хүн төрөлхтөн “Одоо нэг ухаарах байлгүй” хэмээн хүмүүс бодоцгоосон, гэтэл хоёрдугаар дайн дэгдсэн. Сэтгэгчид энэ бүхнийг эргэцүүлэн тунгаасны үр дүнд хүний оршихуйн тухай номлолыг бүтээсэн хоёр том чиглэл бий болсон юм. Нэг нь Германых, үүнд М.Хайдеггер, К.Ясперс нарыг хамааруулна. Нөгөө нь Францын экзистенциалистууд. Тэд дотроо шашинтай, шашингүй гэсэн хоёр чиглэлд хуваагддаг. Шашингүй чиглэлд нь Сартр, Камю нар ордог. Тэд хүний амьдралын утга учир чухам юу юм бэ гэдэг асуудлыг хөндсөн юм.
“Чиний амьдралын утга учир юу вэ” гэсэн сэдвээр эсээ бичих даалгаврыг оюутан, залуучуудад өгөхөд нэгдүгээрт, “Би бол зүүний үзүүр дээр тогтсон шар будааны ширхэг байгаа юм” гэнэ. Хоёрдугаарт, “Миний амьдралын утга учир бол ээж аавынхаа ач буяныг хариулах. Ээжийнхээ ачийг хариулсан хүн байдаггүй юм гэнэ лээ. Би хариулна. Гар дээрээ өндөг шарж өгнө” гэнэ. Гуравдугаарт, “Би ерөнхийлөгч болно. Бүүр дэлхийн удирдагч болж, хүрэн бүргэд шиг хүн төрөлхтнийг аварна” гэх мэтийн юм бичдэг.
Гэтэл Камю хэлэх нь, Амьдралын утга учир гэж бэлэн юм байдаггүй. Амьдрал гэдэг угаасаа утга учиргүй. Чи бүтээснээрээ утга учрыг олно. Амьдралын утга учрыг ойлгоё гэвэл үхлийг ойлго. Үхэл үхэлдээ амиа хорлож байгааг ойлго. Хүн яагаад амиа хорлож байгаа юм. Яагаад. Ерөөсөө үүний эцсийн буруутан нь хүн өөрөө л байдаг. Болохгүй гэж байхад түүнийг иддэг, болохгүй гэж байхад үүнийг уудаг. Болохгүй гэж байхад тамхи татдаг, болохгүй гэж байхад тэр замаар явдаг. Үхэл, амьдрал бол алганы ар, өвөр шиг зүйлс. Чамайг энд, энэ үүдэнд, гадаа, тэр булан тохойд, хаа сайгүй үхэл хүлээж байгаа. Амьдрал гээчийг үнэхээр туулж амьдрах үнэ цэнтэй зүйл мөн юм уу? Мөн юм бол яагаад хүмүүс амиа хорлоод байгаа юм гэжээ.
Камю яах гэж үүнийг номлов гэхээр “Залуучууд аа, эрт ухаар, одоо ухаар, энд ухаар. Маргааш бол чинийх биш. Маргааш гэдэг бол маргаашийн хүмүүсийн өнөөдөр нь. Чи юм бодож, хийх гэж байгаа бол одоо хий, энд хий” гэсэн үүднээс юм.
Камю “Хамгийн адгийн үхэл бол автомашины ослоор үхэх” гэж хэлээд өөрөө автомашины ослоор үхсэн. Халааснаас нь галт тэрэгний тасалбар олдсон байдаг.
-“Сизифийн тухай домог” номыг та юунаас үүдэн монгол хэл рүү орчуулъя гэж шийдсэн юм бэ?
-Уламжлалт философи “Хүн гэж юу вэ” гэсэн асуултад хариулах гэж зовж, зүдэрдэг байлаа л даа. Тэгэхдээ тодорхой түвшинд хариулсаар ирсэн. Гэтэл сонгодог бус философи бий болоод хүний мөн чанарын тухай асуудлыг бус харин хүний оршихуй, хэрхэн оршин байгаа юм бэ гэдэг асуудлыг ярих болсон тул үүнээс улбаалж “Сизифийн тухай домог”-ийг орчуулахаар шийдсэн. Өрнийн философи дахь энэ чиглэлийн үзлүүдийг монголчууд тэр бүр ярьдаггүй, хаалттай байдлаар хандаж ирсэн байдаг. Манай уламжлалт сэтгэлгээнд байхгүй, тэгсэн хэр нь хүн төрөлхтөнд байдаг энэ цаг үед уншсан, сонссон байх ёстой ном л гэж үзсэн юм.

-Жек Лондоныг монголчууд адал явдалт зохиолч гэж төсөөлдөг. Үнэхээр ч монгол хэлнээ түүний адал явдалт зохиолууд нь л орчуулагдсанаас гадна уг зохиолчийн намтрыг зэрвэс харвал мөнгө олохын тулд адал явдалт зохиол голчлон бичдэг байсан гэж бодогдуулахаар шүү дээ. Харин Та өөрийн эрхлэн гаргадаг “Софило” цувралдаа “Адамаас өмнө” номыг нь орчуулж, философийн нөлөө бүхий үзэл баримтлалтай зохиолч болохыг нь дөвийлгөсөн санагдана?
-Түүний “Мартин Иден” романыг сэтгүүлч Г.Төмөрбаатар орчуулж байгаад дуусгаж амжилгүй нас барчихсан юм билээ. Тэр номыг философич, орчуулагч Ү.Нямдорж гуай хожим гүйцээн орчуулсан байдаг. Үүнийг би хүүхэд байхдаа уншсан юм. Хожим хойно “Тухайн цаг үед “Мартин Иден”-ийг яаж монгол хэл рүү орчуулсан юм бол. Ницше чинь социализмд хүлээн зөвшөөрөгдөхгүй философич шүү дээ” гэх мэдрэмж намайг хатгасан. Ницшег харгис үзэл баримтлалтай гэсэн худал тайлбар олонтаа тааралддаг. Угтаа тэр бусдын л сайн сайхны төлөө хүн чадварлаг, хүчирхэг оршихуй байх ёстой гэсэн номлолтой.
Намайг Их сургуульд багшлах болоход хүүхдүүд онолын зузаан ботиудыг уншихааргүй цаг үе ирчихээд байлаа. Оюутнуудад философийн эх сурвалжуудыг уншуулахад тэд халгана, бас ойлгохооргүй хүнд хэлбэрийнх ч юм шиг санагдсан. Иймээс шинжлэх ухааны үзэл санааг хялбаршуулан тайлбарласан ямар хүмүүс байна вэ гэж бодсон юм. Эхлээд онцолж гурван хүнийг сонгосон. Нэг нь “Хүн сандал” зохиолыг бичсэн Эдогава Рампо. Түүний тухайд, Эдгар Аллан Погийнхтой ойролцоо сэдвээр туурвидаг юм билээ. Анхан миний нүдэнд туссан нь Эдгар Аллан По, Жек Лондон хоёр юм. Ер нь Жек Лондоны номууд социалист орнуудад олонтоо орчуулагдсан байдаг.
Дарвины онол дахь “зүйлийн үүсэл, хүний үүсэл, бэлгийн шалгарал”-ийг ярихад оюутнуудад их хол сонсогддог юм шүү дээ. Үүнийг амархан байдлаар хэрхэн ойлгуулах вэ гэдэг асуултдаа хариулт олсон маань Жек Лондоны “Адамаас өмнө” зохиол юм.
Эрдэмтэн зохиолч Б.Ринчен гуай “Заан Залуудай” зохиолынхоо төгсгөлд “Дээр эртний чулуун зэвсгийн үеийн тухай дэлхийн уран зохиолд роман тууж болгон бичсэн зүйл нэг их олонгүй, ...Америкийн зохиолч Лондон Джекийн “Адамаас өмнө” гэж чулуун зэвсгийн үеийн тухай бичсэн нэгэн зүйлийг хорин найман онд Монгол болгох гэж оролдож байгаад гүйцээж чадаагүй, хожим гүйцээх ч зав олдолгүй өнгөрсөн билээ” гэж дурсан бичсэн байдаг.
Гэвч би уг номыг тийм өндөр нэр хүнд олно гэж бодоогүй. Тухайн үед 300 ширхэгийг хэвлүүлсэн юм, гар дээрээс хагас жилд л зарагдаж дуусна лээ. Хамгийн чухал нь би сургуулийнхандаа зориулж, номын санд нь цахимаар байршуулсан.
“Бүх хүн зүүдэлдэг. Зүүдэндээ өндрөөс унадаг. Өндрөөс унаж байгаа зүүд бол өндөр модон дээр амьдарч байсан эртний өвгийн чинь модноос унахын айдас нь тархины эсийн молекулд бичигдэж хоцорсон мэдээлэл байгаа юм” гэж уг зохиолд бичсэн байдаг. Мөн “Улаан нүдэн суугаа чигээрээ атлаа өрөөсөн хөлөө дээш олийлгон, хөлөөрөө гэдсээ маажлаа” гэж “Адамаас өмнө” номын төгсгөл хэрд бий. Энэ өгүүлбэрийг орчуулахад төвөгтэй мэт санагдаж байсан. Одоо бодоход, хүн хөлөөрөө гэдсээ маажих уу, тэгтэл амьтан бол хойд хөлөөрөө гэдсээ маажна шүү дээ (инээв).
Атавизмын тухай ийм өгүүлэмж Михаил Булгаковын “Нохойн зүрх” номд ч бас тааралдана.
-Шинэ эрин үеийнхэн таны ямар бүтээлийг уншаасай гэж хүсэж байна вэ?
-Домог зүйн сэтгэлгээг заавал мэдэж байх ёстой гэж л хэлье. Ер нь хүний мөн чанар субъектив ертөнцөд нь, сэтгэл талдаа байдаг. Шинжлэх ухаан хүний мөн чанарыг бус, харин махбодыг нь тайлбарладаг. Философи, шашин бол хүний субьектив ертөнцийг илүүтэй тайлбарлана.
“Адамаас өмнө”, “Сизифийн тухай домог” номуудыг унших эсэх нь сонирхлын асуудал байх. Одоо ч оюутнууд ном унших нь бага боллоо шүү дээ. Асуулт тавихад шуудхан хиймэл оюун ухаанаас хариултыг нь авчихна. Өөрөө ойлгохгүй хоцрох жишээний.
-Эрих Фромм 1958 оны ярилцлагадаа “Шашин, сүсэг бишрэлийн асуудалд хүн урьдынх шигээ хандахаа больсон” гэж хэлжээ. Монголчуудын сүсэг бишрэлийн тухайд та юу хэлэх сэн бол. Тухайлбал, хэдэн жилийн өмнө Монголоос X Богд тодроход ард түмэн хоёр туйлт үзэл баримтлалд хуваагдаж байгаа ажиглагдана лээ?
-К.Маркс, З.Фройд хоёрын үзлийг харьцуулан бичсэн Эрих Фроммын бүтээлийг нь орчуулж байгаа, удахгүй хэвлэгдэнэ байх. Хүний мөн чанарыг тайлбарлаж байгаа хоёр үзлийн туйл шүү дээ.
Шашин, шүтлэг гэдэг жир хүний дотоод итгэл үнэмшил байхаас илүүтэй улс төрийн, үндэстний утгатай болчихсон байгаа юм, өдгөө. Үндэстний утга нь хэт томорвол тусгаар тогтнолын асуудал болж хувирна шүү дээ.
Миний хувьд, X Богдыг залсан нь зөв зүйтэй үйл явдал гэж үзэж байгаа бөгөөд улс төрийн утгатай учраас энэ талаар дэлгэрэнгүй яримааргүй байна. Бид Далай ламаа шүтэж байна гээд хожмоо нэг дотор хүнд мөргөх болбол ямар байх вэ? Бидний тусгаар тогтнолын дархлаа бас шашин, соёлоор маань хамгаалагдана.
Монголд буддын шашин дэлгэрснээр монголчуудыг хүлцэнгүй ноомой болгосон гэж зарим түүхч бичдэг. Би лав үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. XIII Далай лам Түвдэнжамц 1904 онд Монголын нутаг руу зугтаж ирсэн. Түүний Монголд ирсэн явдал монголчуудыг оюун санааны хувьд сэргээж, 1911 оны хувьсгалын нөхцөлийг бүрдүүлэхэд нэгэн чухал үүрэг гүйцэтгэсэн гэж боддог.
-Таны эрхлэн гаргадаг “Софило” цувралаар хэвлэгдсэн цөөнгүй ном “домог зүйн сэтгэлгээ”-ний тухай байдаг шүү дээ. Домог зүйн судалгааг аман зохиол, утга зохиолын хүрээнд хамааруулах нь түгээмэл байна уу гэж ажиглагддаг. Энэ талаар?
-Монголчууд нэгэн үе өөрсдийнхөө аман соёлыг феодалын үлдэгдэл, хоцрогдсон ёс гэж хөсөр хаяад өв соёлгүй болчих шахаж явлаа шүү дээ. Тэгтэл манай 1960-аад оны сэхээтнүүд, П.Хорлоо, Б.Ринчен, Х.Сампилдэндэв, Надмид, Б.Содном нар, тэдний олон олон шавь нар яаж үүнийг авч хоцорсон юм. Баярлах хэрэгтэй л дээ, тэдэнд.
1980-аад онд үзэл суртлын хяналт зөөлөрч, энэ сэдвээр докторын зэрэг хамгаалж болох цаг ирэхэд С.Дулам багш тэргүүтэй хүмүүс маш цовоо хандсанд мөн их баярладаг юм.
Тэр цагийн монголчууд домог зүй хоцрогдсон гэж ярьж байсан бол тухайн үед өрнийхөн үүнийг харин ч лавшруулан судалж байв. Жишээлбэл, Франц бол рационал оюун ухааныг шүтэн биширдэг орон шүү дээ. Тэгсэн хэр нь тэдний оюуны хөгжил туйлд хүрээд, утга зохиол нь лавтай 8, 9 удаа хямарсан. Тэр бүрийд домог руугаа хандаж, домгоо судалсан юм. Энэ эрин чинь угтаа хүн төрөлхтөн уг язгуур руугаа л бэлчиж байгаа цаг шүү дээ.
Домог бол тухайн цаг үедээ хүмүүсийн үзэл суртал нь, суртал номлол нь байсан. Дэлхийг зөвхөн шинжлэх ухааны сэтгэлгээ төвхнүүлээгүй. Домог зүй гэдэг бол хоцрогдсон, муу юм огт биш, харин ч бидний сэтгэлгээний өв язгуур юм.
Миний хувьд, философийн үүслийн тухайд тайлбарлах гэж домог зүйг анх сонирхсон. Домог зүйн сэтгэлгээ ч тэр, эртний хүний сэтгэлгээ ч тэр, ямар ч хүний бага насанд шууд давтагдана. Хүүхдүүдийн дотоод ертөнц нь домоглог байдаг. Гагц бид тэгж харахгүй байгаа юм. Харах хэрэгтэй.
Монголын өнөөгийн нийгэм, улс төр, олон нийтийн хэвлэл мэдээлэл чинь тэр аяараа домог, түүнд түшиглэсэн манупляци л явагдаж байгаа шүү дээ. Тиймээс би “Хүн төрөлхтөн нэг удаа сэтгэсэн. Тэр нь домог зүйн сэтгэлгээ байсан” гэж хэлдэг. Үүнээс давж сэтгээгүй шүү дээ. Шинжлэх ухаан ч гэсэн домог зүйн сэтгэлгээний суурин дээр л босож ирсэн.
Монголчуудад асар баялаг практик мэдлэг бий. Цаг агаарыг, мал ахуйг, тэнгэрийн байдлыг, хүнийг, газрыг шинждэг энэ тогтсон мэдлэгүүдийн цаана байгаа утгыг нь тайлах хэрэгтэй.
Тухайлбал, ингэн тэмээ ботголохынхоо өмнө шилэрнэ. Ялангуяа анх ботголох гэж байгаа тумай гунж шилэрнэ. Хэзээ шилрэх вэ гэвэл шамарга ч гэж ярьдаг, буурын хөөс ч гэнэ, ингэн туйлаадас ч гэдэг түүнийг орох үеэр шилэрдэг. Тэгээд хаана очих вэ. Малчин хүн үүнийг баримжаагаар мэднэ. Шилрээд, бууранд гарсан газраа очдог хэмээн ярилцдаг. Үүнд ямар психологи үйлчилж байна вэ? гэдгийг залуучууд та нар л тайлах ёстой. Монголчууд учир шалтгааныг нь практикаар мэднэ, гэхдээ онолын үүднээс юм уу, шинжлэх ухааны хувьд энд юу болоод байгаа нь тайлагдаагүй хэвээр байгаа юм.
Бор шувуу олноор бөөгнөрөх юм бол тэнгэр муухайрна гэж үздэг. Бор шувууны психологид ямар дохиолол ирчихээд тэд бөөгнөрөөд, хуйлраад байгаа юм, энэ мэдлэг биш юм уу? Үүгээр ард түмэн цаг агаарын төлөв байдлыг баримжаалдаггүй юм уу? Монголчууд морины үс бөөгнөрөхөд, гэрийн дээсэн бүслүүр чангарахад, тогоо хөлрөхөд цаг агаарыг шинжээстэй. Энэ бол домог зүйн сэтгэлгээний тусгал.

-Бидний амьдран буй цаг үеийн тухайд та ямар бодолтой байдаг вэ?
-Өнөөдрийн цаг үе бол бидний л цаг үе. Харин дараагийн цаг үе бол асар ирмүүн, өргөн дэлгэр байх ёстой. Нэг жишээ хэлье.
Английн эдийн засагч Мальтус 1798 онд хэвлүүлсэн номдоо “Дэлхийн хүн ам маш хурдтай өсөж байна, гэвч хүнсний хангалт маш удаан байна. Тийм учраас хүн амын өсөлтийг хязгаарлая” гэж бичсэн. Угтаа энэ чинь энэрэнгүй үзэл шүү дээ. Тэр цаг үед шинжлэх ухаан үйлдвэрлэлд нэвтрээд, хоол хүнс сайжирч, анагаах ухаан ч шаггүй хөгжсөн тул дэлхийн хүн ам ийнхүү эрчимтэй өсөж байсан юм.
Одоо эргээд харахад Мальтус тухайн үедээ маш зөв хэлсэн. Гэтэл бас тэр цаг үед тодорхойгүй байсан нөхцөлүүд өдгөө шинээр үүсэн бий болжээ. Нийгэм, хүн ард хөгжихийн хэрээр хүн амын өсөлт, төрөлт багасдаг. 1960-аад оны үед Монголын нэг өрх дунджаар найман хүүхэдтэй байсан бол өдгөө хоёроос илүү хүүхэд төрүүлэхгүй байгааг харж л байна шүү дээ, бид.
Нэгдүгээрт, хөгжил гэдэг хүн амын өсөлтийг чөдөрлөдөг юм байна. Хоёрдугаарт, хөгжил гэдэг технологийн дэвшил болоод хүнсийг янз янзаар үйлдвэрлэх болдог юм байна. Тиймээс өлсөх гэдэг асуудал ноцтой тулгардаггүй юм байна. Энэ Мальтусийн буруу биш, харин юм гэдэг цаг цагаараа хувьсаж байдаг гэсэн үг.
Нийгмийн ирээдүйг одоогийн байгаа баялаг, түүхэн хөгжлийн зүй тогтлоор тодорхойлох бололцоогүй, харин мэдлэгээр тодорхойлно. Маргаашийн мэдлэг ямар болохыг харин өнөөдөр бид тааварлашгүй. Тиймээс өнөөдөр бид маргаашийн тухай ярина гэдэг бол “төлөгчлөл”, “шагай хаяж мэргэлж байгаа явдал” юм.
-Өрнийн сэтгэгч нарын чухал зохиолуудыг эх хэлнээ орчуулсан нь сүүлийн жилүүдэд таны төвлөрсөн нэгэн гол ажил. Орчуулгын ажил гүйцэтгэх үед тань ямар бэрхшээлүүд ихэвчлэн тааралдаж, түүнийг хэрхэн даван туулдаг вэ?
-Би 2003 оноос МУБИС-д багшилж байна. ЗХУ-д (хуучин нэрээр) Их сургууль төгссөн болохоор уншдаг гол материалууд, мэдээлэл авч байгаа эх сурвалжууд маань бүхэлдээ орос хэлээр байдаг.
Намайг анх багшилж байх үед монголчууд хүний үүсэл, түүхийг эд өлгийн олдворуудтай түлхүү холбож тайлбарладаг байв. Миний тухайд сэтгэл зүйн талаас нь тайлбарлах хүсэлтэй тул энд зөрчил үүссэн.
Хоёрдугаарт, тэр үеийн Монголд өрнийн философийг давамгай ярьдаг байлаа. Бараг дорно дахин философигүй, тэр тусмаа Монгол философигүй хэмээн үзнэ гээч. Энэ худлаа, хэрэв ард түмэн байсан л бол сэтгэдэг байх нь гарцаагүй. Эдгээр нөхцөл байдал намайг орчуулгын ажил руу ороход түлхсэн юм.
Орчуулга бүрэн төгс болно гэж байх биш. Философийн гол бүтээлүүдийг бүтэн орчуулаагүй юм аа гэхэд тэдгээрээс санаа авч, орчин үеийн хэрэглээнд зориулж товчлон буулгах, сонгодгуудын үзэл санааг Монгол руугаа нийлүүлэх гэж оролдоогүй философийн багш, философич нэг ч байхгүй. Тэд бүгдээрээ дэлхийтэй нийлэх гэж мачийж, зүтгэж байсан, одоо ч тэгж байгаа юм. Би ч гэсэн тэдний л нэг.
Орчуулгын ажил их зовлонтой. Философийн ямар нэгэн категори, ойлголт хэлэнд орж ирснээр тухайн хэлийг өргөн хүрээнд тэлдэг. Цаана нь нэг шинэ онтологи буюу ахуй нээгдэж байгаа гэсэн үг. Мэргэжлийн орчуулга хийхэд аливаа нэр томьёо хэрэглээнд тогтсон, тогтоогүй асуудал тулгардаг л юм.
Бас хэлэх ёстой үг ч бий. Өмнөх үеийнхний тогтоосон хүрээнд захирагдсан уу гэвэл үгүй. Би захирагддаггүй хүн. Өмнөх үеийн орчуулагчид маань үзэл суртлын айхавтар цагдан хяналтын хүрээнд байсан. Тэдний алдааг залруулж, өршөөж, зөв тийш чиглүүлэх нь залуу үеийнхний ёс суртахууны үүрэг гэж боддог. Би орчуулгын ажлыг төгс гүйцэтгээд байгаа юм биш. Хийсэн ч шүүмжлэгдэнэ, хийгээгүй ч шүүмжлэгдэнэ. Тэгэхдээ шүүмжлэлээс бол ердөө ч халирахгүй. Угийн л философичид чинь шүүмжлэлт сэтгэлгээний төлөөх хүмүүс шүү дээ. Юманд эргэлзээтэй хандах, асуудлын уг суурь нь юу байна гэж хандах, маргалдаж байгаа хоёр үзлийн ерөнхий нь юу байна гэж тэмүүлэх жишээний. Тиймээс би зоригтой орчуулдаг.
Гэвч цагаан тал дээр байшин барих, халтар хултар орчуулга гэх үү, эх сурвалжтай харьцуулан орчуулга хийх хоёр хол ялгаатай болохыг биеэр мэдэрсэн хүн л дээ, би. Өмнөх үеийнхэн маань хэл, найруулгын тансаг сайхан баялагтай байлаа шүү дээ.
Дэлхийн сонгодог сэтгэгчдийн бүтээлийг уг эх сурвалжаар нь, үнэн утгаар нь монголчууд, сэхээтнүүд, залуучууд, оюутнууд уншиж үзээсэй гэсэн байр сууринаас би орчуулгын ажилд хандсан юм.
-Та утгачлах, үгчлэх хоёр хандлагын алийг нь орчуулгадаа голлож баримталсан бэ?
-Орчуулах хандлагын тухайд бол гурван хувилбар яригдана шүү. М.Саруул-Эрдэнэ “Сонирхолтой хэл шинжлэл” номдоо <<Төвд, Монгол гүүш нар орчуулгыг гурван шатанд ангилан үздэг байж. Үүнд, анх нь “тажүр” (мөн цэгжүр ч хэмээнэ) буюу үгчлэн орчуулах, удаад нь “ложүр” буюу оюун ухаанаар орчуулах, эцэст нь “донжүр” буюу утгачлан орчуулах, эдгээр болно>> гэж бичсэн нь бий.
Энэ чинь угтаа зохиогчийн эрхийг хүндэтгэж орчуулах уу, номоо борлогдохыг бодож орчуулах уу гэдэг тухай яриа юм. Философийн номыг арилжаанд зориулан орчуулж болохгүй. Философи гэдэг хатуу категоритой, хатуу ойлголтын аппараттай тул тэрхүү судлаачийн тухайн нэр томьёонд шингээсэн утгыг, томоор яривал үзэл баримтлалыг гажуудуулж орчуулах эрх хэнд ч байхгүй. Энэ бол хатуу зарчим.
Жишээлбэл, Ц.Дамдинсүрэн гуай “Алтан загасны үлгэр”-ийг орчуулахдаа зарим хэсэгт нь өөрийн санааг оруулж, үг нэмж хассан нь ч байдаг. Түүний орчуулга монгол түмэнд ардын аман зохиол мэт хүрсэн. Орчуулгын энэ аргыг чөлөөт уран сэтгэлгээний бүтээлүүд, яруу найргийн бүтээлүүдийг буулгахад хэрэглэж болох талтай. Харин философи, шинжлэх ухааны нэр томьёог ингэж задгай, олон түмэн уншихад зориулан орчуулах боломжгүй. Философи гэдэг угаасаа онолын ухаан, энэ чиглэлийн бүтээл бүх хүнд хүрэх албагүй, хүрдэг ч үгүй юм. Тиймээс философийн номыг орчуулахдаа нэр томьёоны утгыг зөв оноож буулгах нь чухал.
Философийн категорийг утгачилж орчуулах буюу ямар нэгэн байдлаар тоймлож болохгүй. Үгчилж орчуулах тухай асуудал бүүр ч байж боломгүй. Жишээлбэл, эртний Грекийн “атом” гэдгийн анх гарч ирсэн утга нь “хуваагдашгүй” гэсэн үг байлаа. Хамгийн бага нэгж гэсэн санаа л даа. Олон түмний хэрэглэдэг үг нь “их жижигхэн, өчүүхэн” гэсэн утгатай байж. Шинжлэх ухаанд бол “Юмсын тогтвортой оршихуйг илэрхийлдэг нэгдэл” гэж ойлгож. Философийн хувьд үүнийг “ертөнцийн үүтгэл бүрдэл элемент байгаа юм” гэж үзжээ. Тэр ч атугай хүний сэтгэл бол гөлгөр гөлчгөр бөмбөлгөн атомуудаас бүрдэнэ ч гэдэг. Энэ мэтчилэн нэг нэр томьёо их олон утга руу бууж байгаа юм. Тэгэхээр нэгэнт философид энэ үгийг ямар утгаар авч үзэж байгааг орчуулагч дураараа өөрчлөх эрхгүй. Тогтсон нэр томьёог хэрэглэх хэрэгтэй, тэр нь хүмүүст хатуу сонсогддог байх. Тэгдэг ч юм. Харин монгол хэл рүү арай дөхүүлээд орчуулъя гэвэл өнөөхөө тайлбарлах хэрэгтэй болно.
Ер нь утгын талыг барина, гэхдээ философийн категорийг нэг үгээр илэрхийлбэл зохистой, нэр үгээр илэрхийлэгдэнэ. Нэгээс олон үгээр буулгавал тайлбарласан тайлбар болчихоод байдаг юм. Жишээ нь, орос хэлний “индивидуализм” гэдэг үгийг “хувь хүнийг эрхэмлэх үзэл” гэж орчуулахаар нэрлэсэн нэр, ойлголт биш, тайлбарласан тайлбар болчихдог. Тиймээс үүнийг нэг үгээр оноож буулгах шаардлагатай. Тэгтэл энэ үг монгол хэлэнд нутагшаагүйн зовлонтой нүүр тулдаг. Миний хувьд “бодгализм” гэж орчуулсан.
-З.Фройдын бүтээлийг анх Та “Онгон шүтлэг ба хорио цээр” гэж орчуулсан ч, хоёр дахь хэвлэлтээс уг нэрийг үндсэн үгийнх нь утгатай дүйхгүй, ер түүнийг орчуулах боломжгүй хэмээн үзээд өөрчилж “Тотем ба Табу” болгосон байна лээ. Хэвлэлийн газрын энэ шийдвэртэй та санал нийлдэг үү?
-Миний хувьд уг номыг “Онгон шүтлэг ба хорио цээр” хэмээн нэрийдэх нь тохиромжтой гэж боддог. Хэвлэлийн газраас <<Монгол хэлэнд “цээр”, “хорио” гэдэг үг тусдаа утгатай>> гэсэн саналыг хэлсэн.
Харин З.Фройдын тайлбарласнаар бол <<Эртний сэтгэлгээ угтаа нэгдмэл байсан. Тиймээс хорио, цээр бол нийлмэл сэтгэлгээний үр дүн юм. Өөрөөр хэлбэл, хоёр том талбарыг нэг үгээр илэрхийлж байгаа юм, энд>>.
“Табу” гэдэг үг полинези хэлнээс гаралтай. Фройд үүнийг герман хэлээр бичихдээ айхавтар тайлбарласан байдаг. Хорио цээрээс үүдэж ёс суртахуун үүссэн гэдгийг олон номоос уншиж байлаа л даа, оюутан үедээ ч тэр. Тиймээс үүнийг арга буюу “хорио, цээр” гэх хоёр үгээр буулгасан юм. Өдгөө ч хүмүүс хорио нь юм уу, цээр нь юм уу гэж шүүмжилдэг. Эртний нийгэмд сэтгэлгээ нийлмэл байсан гэдгийг бодох хэрэгтэй байх.
“Тотемизм” гэдгийг монгол хэлнээ орчуулахдаа “үзэл” гэж буулгаад байгаа харагддаг. Тэр эртний нийгэмд чинь “үзэл” гэж ярих бололцоо байхгүй, тэнд бол ёс, зан үйл л гэж байгаа шүү дээ. Тиймээс л би “тотем” гэдэг үгийг “онго шүтэх ёс, зан үйл” гэсэн утгаар нь орчуулсан. Тэгээд ч эртний нийгэм чинь бүхэлдээ хорио, цээрийн тогтолцоо байсан юм.
Хөл хорио тогтоохыг хорио тогтоох хэмээдэг гэсэн саналыг зарим хүн хэлдэг. Эртний нийгмийн хорио цээр тогтоох ойлголт гэдэг чинь одоогийн хэрэглэж буй утгатай авцалдахгүй. Эртний үедээ бол хорио цээр гэдэг тэр нийгмийн аж төрөх ёс, зан үйл нь байсан.
-Таны судалгаа, орчуулгын бүтээлүүдэд маш олон сэдэв, өргөн хүрээний асуудал хөнддөг. Тэднээс хамгийн чухал нь гэвэл юуг онцлох вэ?
-Чухал юм олон байна. Би сүүлийн үед домог зүйн судалгааг идэвхтэй сонирхож байгаа. Монголын түүх материалист өнцгөөс тайлбарлагдсан байдаг. Дандаа л материаллаг, эд өлгийн соёл ярьдаг шүү дээ, бид. Ер нь хүн төрөлхтөнд үхсэн нь амьдыгаа тэжээдэг гэсэн үг ч байдаг юм.
Өдийг хүртэл сэтгэл зүй, хүний дотоод ертөнцийг бид төдийлөн тооцдоггүй байж. Түүх бол сэтгэл зүйн гадаад илрэл нь юм. Жинхэнэ үйл явц нь сэтгэл зүйд өрнөж байдаг. Хүн төрөлхтний түүхэнд өс хонзон байсан уу тийм. Нүдийг нүдээр, шүдийг шүдээр гэх жишээний. Үүний цаана байгаа психологи нь ерөөсөө харагддаггүй. Жишээ нь, 100 жилийн өмнө С.Данзаны буруутгагдсан шалтгааныг “тэр барууны үзэлтэн байсан” гэж тайлбарладаг. Гэтэл тэр үеийн Монгол орон бурхны шашинтай гүрэн улс байсан. Би түүхч нараас асуудаг юм. “С.Данзан ямар шүтлэгтэй хүн байв, хүзүүндээ ямар сахиус зүүж явсан юм, гэрээс нь ямар судар хурааж авсан бэ” гэж.
Энгийнээр бодоход, таныг нохой устга гэж хэлье л дээ, тэгэхэд шүтлэгтэй хүн бол би нохой алахгүй, нохой бол хүний нэгэн төрөл гэж хариулна. Тэр хүний дотоод ертөнцөд байгаа итгэл үнэмшлийг логикоор шууд үгүйсгэж болохгүй. Манай түүхийг бичихэд тухайн үеийн үзэл суртал ингэж үгүйсгэсэн.
Тэгэвч хүн бол сэтгэлийн амьтан. Бүр анхнаасаа шүү.
Материалист түүх асар том амжилтад хүрсэн нь үнэн. Гэвч хүнийг сэтгэл зүйн амьтан гэдгийг нь тооцоолоогүй орхисон нь бидэнд сургамжтай, эргээд түүнийг өөрөөр харах ёстой юм. Хүний түүх, нийгмийн түүх, ерөнхий түүхэнд сэтгэл зүйн хүчин зүйл ямар оролцоотой байсан бэ? гэдгийг ойлгохын тулд хамгийн энгийнээр “Монголын нууц товчоо”-г л хар. Шуудхан л “Миний өс хонзонг таван хуруугаа тамтартал, арван хуруугаа барагдтал аваарай” гээд хэлж байгаа юм, тэнд. Энэ чинь сэтгэл зүй шүү дээ.
Миний хувьд, монголчуудын итгэл үнэмшил нь, номлол нь, суртал нь, мөрөөдөл нь ямар байсан бэ гэдгийг тайлбарлахын тулд домог зүйн хүн судлал руу ороод байна.

-Та бас антропологич Б.Малиновски, М.Мосс нарын бүтээлээс сонгон авч “Эртний хүний сэтгэл зүй” нэрээр нэгтгэн хэвлүүлсэн байх аа?
-Хуучин цагт түүх, нийгмийн ухаан чинь бүгд үзэл суртлын шинжтэй, нам төрийн бодлогоос хамааран зөв, буруу эсэх нь шийдэгддэг байлаа. Түүх гэдэг ухааны тал нь хүмүүнлэгийн ухаан буюу философи гэсэн үг. Энэ нь үнэлэмжийн онол. Нөгөө тал нь шинжлэх ухааны онол бөгөөд баримтаар нотлогдоно.
Мэдлэгт хоёр чухал тал бий. Танин мэдэхүйн үнэн, үнэлэмжийн үнэн гэдэг. Философи бол үнэлэмжийн онол бөгөөд аливаад үнэлгээ, тайлбар өгдөг зарчимтай.
Үнэлэмжийн онол гэдэг тайлбараас хамаарна. Нэн ялангуяа эрх мэдлээс их хамааралтай. “Ардын төрийг үндэслэн байгуулагч Сүхбаатар” гэж ярьдаг. Ардын төрийг яаж үндэслэн байгуулсан юм гэдгийг нотлох хэрэгтэй. Тэгтэл профессор Ц.Гантулгын номд “Ардын намыг байгуулсан хүн бол С.Данзан юм” гээд биччихсэн байгаа.
Түүх ер нь хүний үзлийг ойшоож хардаггүй, харин баримт хардаг. Солийн Данзан “Хувь хүн өмчтэй байх ёстой” гэж үзсэн шүү дээ. Өмчтэй байна гэдэг чинь дэлхийн олон сэтгэгч нарын үзэл номлолд байдаг бөгөөд бидэнд хамгийн танил болсон нь “Хүн гурван эрхтэй. Өмчтэй байх, амьдрах, эрхээ хамгаалах эрхтэй” хэмээсэн Жон Локкын үзэл юм. Тэгтэл С.Данзан бас “Өмчтэй хүнд эрх байдаг, өмчгүй хүнд эрх байдаггүй юм” гэж хэлсэн учир түүнийг би Жон Локкын зиндааны хүн гэж ойлгодог.
-Та хуучнаар ЗХУ-ын Уралын Улсын Их сургуульд философич мэргэжлээр суралцаж, төгссөн шүү дээ. Өдгөө та өөрийгөө философич, эсвэл философийн тайлбарлагч, багш, орчуулагчийн аль нь гэж үздэг вэ?
-Нийгэм, төрийн янз бүрийн ажил хийж байх бүхий л хугацаандаа би унаган мэргэжлээ бараадна гэсэн мөнхийн хүсэлтэй байсан. Намайг албанд томилж байгаа бүх газар “Та мэргэжлээрээ ажиллаж байгаа” гэж хэлдэг байв. Мэргэжил маань тулгамдсан асуудлыг шийдэхэд надад маш их хэрэг болсон.
Би өөрийгөө багш гэж үздэг. Орчуулагчийн ажлыг 2003 оноос хойш гүйцэтгэж байна. Тэгэхдээ миний орчуулга олон нийтэд зориулагдсан өргөн хүрээнийх биш, философийн хүрээнд л хамаарна. Өөрийгөө би философич гэж огт үздэггүй. Харин философийн тайлбарлагч л юм даа.
Жинхэнэ философич нар гэдэг үзэл баримтлал боловсруулсан, тэр нь цагийн шалгуурыг давж үлдсэн хүмүүс юм. Тиймээс мэргэжлийн хүмүүсийн захисан, хэлсэн, үлдээсэн өвийг бодоод, ёс суртахуунаа дагаад би өөрийгөө философич гэж хэлдэггүй. Өмнөх үеийн агуу их сэтгэгч нарын санаа бодлыг монгол түмэндээ, тэдний үр хүүхдүүдэд жаал жуул тайлбарлах гэж оролдсон л хүн юм даа.
ЗХУ-д Их сургуулиа төгсөж ирээд Дундговь аймгийн Өндөршил сумын ХЗЭвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар томилогдов. Тэнд очихдоо хамгийн түрүүнд би мэргэжлийнхээ сэтгүүлийг захиалсан. Тэр нь “Вопросы философии” (Философийн асуудлууд) сэтгүүл юм. Үүнийг 1987 оны IV улирлаас эхлэн саяхныг хүртэл захиалж уншсан.
Би хөдөөд томилогдон очихдоо гайгүйхэн философийн ном л аваад явсан. Эзэмшсэн мэргэжил рүүгээ эргэж заавал ханилна гэсэн бодолтойгоор бараг үг болгоныг нь цээжилтлээ уншсан боловч тэр номыг дэрлэж унтдаг байлаа. Тэгэхээр надад мөнгөний биш, үзлийн эрх ашиг байсан гэж ойлгож болно.
Мөн би эрин цагийнхаа түүхийг өөрчлөлцсөн хүний нэг.
-А.В.Бурдуковын “Хуучин ба шинэ Монголд” номыг Э.Базаржав гуай анхлан бүрэн бус орчуулсныг хожим та тэнд орхигдуулсан захидал сэлтийг нэмж орчуулаад “Ойрад судлалын номын сан” цувралаар хэвлүүлсэн. Уг бүтээлийн Монголын түүхэнд холбогдох ач холбогдлын талаар та юу хэлэхсэн бол?
-“Ойрад судлалын номын сан” цувралыг эрхлэн гаргадаг На.Сүхбаатарын хүсэлтээр эл орчуулгыг хийсэн. Нэгдүгээрт, түүний захидлууд нь судалгааны арга зүйн тухай цогц бүтээл юм.
Түүнийг Хан Хөхийн нурууны хойд ард Хангилцаг голын дэвсэгт сууж байхад нь Оросоос Г.Н.Потанин, Б.Я.Владимирцов, В.Л.Котвич нар захидлаар арга зүйн зөвлөгөө хэлэхдээ “Наад уулныхаа бүс бүслүүрийг хар. Ямар ургамал байна, тэдгээрийг дагасан ямар аж ахуй байна, түүнийг ямар хүмүүс эрхэлж байна” гэхчлэн тухайн бүс нутгийг цогцоор нь харж судлахыг сануулж байсан. Тийм учраас А.В.Бурдуков Монголын тухай судалгааны өгүүлэл бичсээр хожим профессор болсон юм.
Хоёрдугаарт, А.В.Бурдуков нутгийн хүмүүсийн итгэл, хүндэтгэлийг хүлээсэн төдийгүй монголчууд түүнийг Элиский гэж нэрийддэг байв. Алексей гэсэн үг л дээ. Иймд, Монгол орны тухайн цаг үеийн байдлыг соргог харж, үнэлсэн сонирхолтой өнцөг байдаг, түүнийх.
Элиский 1912 онд Монголоос нэлээдгүй ном, материалыг Орос руу аваачсан. Түүнийг нь 1920-иод оны үеэр Ленинградад очсон Нацагдорж, Ринчен нар уншиж судалсан байх жишээний. Тэр ч атугай И.М.Майский “Монгол орон хувьсгалын босгон дээр” хэмээх бүтээлээ 1000 гаран номтой Бурдуковын номын санд сууж бичсэн гэдэг юм. Ингэхээр Бурдуков хэдий бага боловсрол эзэмшсэн боловчиг мөн чанартаа шаггүй сэхээтэнлиг үзэлтэй хүн байсан. Тэрбээр,
“Тавь хүрвэл
Хичнээхэн амьдрах!
Тахиа дуугарвал
Хичнээхэн унтах!” гэсэн ордос цэцэн үгийг эшилж, 1939 онд хувийн архиваа эмхэлж цэгцлээд бүх захидлуудаа ном болгож эмхэтгэсэн нь уг бүтээл юм.
Дуртгал зохиолыг нь би орчуулаагүй шүү. Өмнө нь Э.Базаржав гуайн орчуулсанд би ч, На.Сүхбаатар ч гар хүрээгүй. Харин би өмнөх хэвлэлд орхигдсон захидлуудыг нь л нэмж орчуулсан.
-Танд философийн үзэл санаа төлөвшин бүрэлдэхэд юу нөлөөлөв?
-1981 онд болсон МАХН-ын 18-р Их хурлын материалыг судалж ахлах ангийн сурагчдын хуралд оролцож илтгэл хэлэлцүүлсэн маань философич мэргэжлийг сонгон суралцахад ямар нэг байдлаар нөлөөлсөн байх. Уг нь математик, химийн хичээлд их сонирхолтой байсан юм. Том болоход математикийн сонирхол маань буурч, нөгөөтээгүүр Хулд сумын бүх хүүхэд химийн хичээлээр улсын шалгалтад бэлдэх болсон учир тэдэнтэй өрсөлдөхгүй гэж санаад нийгмийн ухааныг онцолж сонгосон.
Намын Төв Хорооноос нийгмийн чиглэлийг сонирхож байна гээд анхааралдаа авсан юм болов уу, шуудхан ил зарлагдаагүй, нууцлаг байсан ЗХУ-ын Уралын Улсын Их сургуулийн философийн ангид суралцах хуваарийг надад өгсөн юм.
Манай аав ардын сургуульд багшилж байгаад малчин болсон, харин ээж багаасаа мал хариулсан. Хоёулаа сүсэгтэй, бүх л монгол айлын адилаар ээж цай, сүүнийхээ дээжийг хангай дэлхийдээ өргөнө, аав болохоор Жадамба судар уншина.
Аав маань цөөн үг унагана, тэгэхдээ дарга нартай ярилцах нь тэрслүү. Манайхан өмнө нь хэлмэгдсэн ихэс дээдэстэй, шашин номоосоо хөөгдсөн гэх юм уу, хүчээр салсан гуниг харууслын өнгө аяс хааяа нэг цухуйлгана. Хааяа нэг цухуйлгаж байгаа тэр үгс насаар бага бидэнд гүнзгий сэтгэгдэл төрүүлнэ.
Уралын Их сургуульд бэлтгэлгүй очсон болохоор хэцүү юм зөндөө байсан. Монголчууд маань “Орос ах нар” гэж хүндэтгэн боддог. Тэд чинь дотор нь ороход хүний туйлууд биш. Хувь хүмүүс нь бидэнтэй маш сайхан харилцах ч, харин Оросын баримталж байгаа бодлого нь Монголд их халгаатай байсан. Миний олон танил “Чи Орос школтой, тэднийг даган дуурайна” гэж эндүүрдэг. Үгүй, харин ч тэдний монголчуудтай хэрхэн харьцаж байгааг биеэр мэдэрсэн юм, би. Шуудхан дээрэлхэх байдал үзэгдэхгүй ч, тэдний баримталдаг бодлого нь “Зөвлөлт холбоот улс гэж ганцхан их гүрэн бий. Бусад нь колони улсууд. Бидний л буянаар Монгол улс капитализм алгассан юм” гэсэн утгатай. Иймэрхүү үг сонссон хүүхэд айхавтар цочрол авдаг юм билээ. Гэхдээ би орос багш нартаа бол маш их баярладаг. Миний багш нар агуу хүмүүс байсан, одоо ч зарим нь мэнд байгаа.
Би ЗХУ-д таван жил амьдрахдаа үндэстний мэдрэмж, ухамсар гүнзгий төлөвшсөн юм.
1987 оны намар баруун Германы онгоц Улаан талбайд газардсан. Тэгэхэд хөдөөгийн малчин өвгөн надаас “Энэ Орос бидний энх тайвны өмөг түшиг мөн үү” гэж асуув. Би “биш” гэж хэлж чадахгүй, бас “мөн” гэж хэлэх аргагүй. Малчдын ухаан надад хариулахад бэрх асуултыг тавьж байгаа юм. Иймэрхүү үйл явдал үргэлж л асуудал болж харагддаг байсан. Эдгээр асуудлыг харах, мэдрэх байдал намайг хэрсүүжүүлсэн болов уу.
Ижий аавын захиасыг дагаж, нутгийн хөгшчүүлдээ тусална шүү дээ. Тэр болгонд хөгшчүүл намайг “Энэ Отгонд хонины буян шингэнэ” гэж магтана. Би адуу малын хүүхэд биш, ардаг тарган моринд дарцаглаж өсөөгүй. Аргал хоргол түүж, араг шээзгий үүрч, хонь хурганы бэлчээрээс хол даваагүй өссөн хүүхэд байгаа юм. Тиймээс надад хонины буян л тогтсон юм байлгүй гэж боддог.

-Хөдөө томилолтоор ажиллах хугацаандаа дэрлэж унтдаг байсан тань ямар ном бэ?
-Э.В.Ильенковын “Диалектическая логика” гэдэг ном. Одоо тэр ном надад хоёр хувилбараар байна. Э.В.Ильенков бол сод хүн. Тэрбээр социалист чиг баримжаатай ч тэрслүү үзэлтэн төдийгүй Өрнөдөд Оросын бүх большевик философийн өөр нэрийн хуудсыг Э.В.Ильенковоор төсөөлдөг юм. Гэхдээ өдгөө түүний талаар сөргөөр яригдахгүй.
Э.В.Ильенков 1979 онд нас барсан, түүнийг амиа хорлосон ч гэдэг.
Лениний ууланд сургууль байсан. Тэнд хараагүй, дүлий, хэлгүй 50 хүүхдийг сургасан юм. Үүний философи арга зүйг боловсруулсан хүн нь Э.В.Ильенков. “Хүүхдэд зориулсан философи” хэмээх олон улсын хөтөлбөр номыг бид хожим орчуулсан. Тэрхүү ном дахь үзэл санаа Э.В.Ильенковын чиглэлтэй ихэд нийцэж байсан юм.
Намайг оюутан байхад Энэтхэг дэх Оросын Элчин сайдаас “Энэтхэгт сонин үйл явдал юу болж байна” гэж сурвалжлагч асуухад “Гойд сонин юм алга. Э.В.Ильенковын ном ирээд долоо хоногт дуусчихлаа” гэж хариулсан байдаг.
-Философийн сонгодог бүтээлүүдийг идэвхтэй уншиж байгаа зарим хүн тухайн сэтгэгчдийнхээ үзэл санаанд хэт автаж, дагахдаа нийгэм, цаг үеийнхээ байдалтай зөрчилдөх нь ажиглагдах юм. Танд ийм үе тааралдаж байв уу?
-Одоо би намба суусан. Залуу байхад уур хүрч, шатдаг байлаа. Миний хувьд 34 насандаа Их хурлын гишүүн болов. Эрх мэдэл нь байна, одоо ч цэгцлээд өгнө дөө ухааны юм бодсон. Үгүй юм байна. Өнөөх Хувьсгалт намынхан чинь анхны өдрөөс л хурал хаяад гарчих нь тэр. Засгийн эрх тэгэхэд Ардчилсан эвсэл рүү бүрэн шилжээгүй, цэрэг цагдаа гэхчлэн бүх эрх мэдэл хуучин төрийн гарт хэвээр байсан юм. Анхны өдөр “Бид ийм эр зоригоор явж чадахгүй юм байна. Заавал зөвшилцөх хэрэгтэй болох нь” гэж шийдсэн. Зөвшилцөхөөр муу л хувилбар дээр бууна шүү дээ.
Эрих Фроммын номд байдаг юм. “Ардчилал, эрх чөлөөг сонгосон улс эмх замхгүй байдал, ядуурлын айдсаасаа болж чөлөөт тогтолцооноос ухарснаар дарангуйллын үндсийг бэлддэг” гэж. Ямар ч сайхан санааг үзлээр хүч түрж бүтээдэггүй. Заавал зөвшилцөхөд хүрдэг.
-Ж.Ж.Фрэзерийн “Алтан гишүү” хэмээх шидээвэр бүтээлийг нь орчуулсан. Өөрийн зүгээс энэ сэтгэгчийг хэрхэн үнэлдэг вэ?
-“Алтан гишүү” номыг нь 2011 онд бүтэн орчуулсан. Тухайн үед 500 ширхэгийг хэвлэсэн юм, төд удалгүй олдохоо болино лээ. Тэгтэл оюутнуудад эртний сэтгэлгээ, домгийн сэтгэлгээний талаарх хэсгийг нь уншуулах хэрэгтэй болж таараад зарим хэсгийг нь дахин засварлаад хэвлүүлсэн нь “Домог зүйн хүн судлал” нэртэй л дээ.
Зарим хүн Ж.Ж.Фрэзерийг “кабинетын сэтгэгч” гэж хэлдэг. Гэхдээ олон орны баримтуудыг нэгтгэсэн, онолын болоод практик тайлбартай бичдэг юм, тэр. Ер нь судлаач гэдэг нүдээр үзсэн, дотор нь орж тайлбарласан байх их чухал юм билээ. “Алтан гишүү” миний хэмжээнээс нь бэргэлгүй зориг гаргаж орчуулсан гурав дахь ном.
-С.Р.Минцловын “Урианхайн хязгаар руу хийсэн нууц аялал” номыг энэ онд та орчуулсан. Урианхайн хязгаарыг салгаж авах нууц даалгавраар 1914 онд Монголыг зорьж ирсэн энэ хүний бүтээл манай улсын тусгаар тогтнолд заналхийлсэн түүхэн, онц ноцтой хэргийн тухайд бичигдсэн байх юм билээ. Та орчуулах явцдаа адгаж байв уу?
-Оросын явуулж байгаа бодлого ер нь л тэр. Энэ номыг би оюутан байхдаа анх уншсан юм. Хожим М.Саруул-Эрдэнэ эхний хуудсыг нь орчуулаад цахим хуудаснаа нийтэлсэнд “Непко” орчуулчих, хэвлэе гэж байна. Тэднийг хэвлэчих юм болов уу гэж азнасан, нөгөөтээгүүр ажил төрөл ч бүтэхгүй байсаар энэ жилийг хүргэчихлээ. Оросуудын санаархал Тагна Туваг өөрсдийн эзэмшилд нэгтгэхэд чиглэж байсан юм билээ.
-Кристоф Вүльфийн “Боловсрол, хүмүүжил антропологийн үүднээс” номыг хамтран орчуулсан тань өдгөө олдохуйяа бэрх болжээ. Энэ номын тухайд юуг хэлэхсэн бол?
-Кристоф Вүльф хэд хэдэн удаа Монголд ирсэн, би ч уулзаж л байлаа. Герман, Японд 1980-2000 оныг хүртэлх хугацаанд ЕБС нь хүүхдээ гээчихсэн, сургалтын чанар эрс муудсан байсанд засч сайжруулахаар тэд туршилт хийсэн юм билээ л дээ. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд нь хичээл сургалтад олигтой хамрагддаггүй, хамрагдсан ч сурлагын чанар нь сайжирдаггүй, ингээд хүнээ гээгээд эхэлсэн. Хүүхэд ч цөөнтэй, дураараа нийгмүүд юм аа даа, эдгээр улсуудынх. Судалгаа хийгээд үзэхэд сургалтынх нь номууд онолын, хийсвэр, өндөр түвшний агуулгатай учир ийнхүү хүүхдүүд нь хичээлдээ сонирхолгүй ханддаг болж таарсан.
Энэ байдлыг өөрчлөх туршилт хийх болж. Герман бол христосын баярынхаа зан үйлүүдийг ашиглаад боловсролоо сэргээн босгосон. Япон болохоор гэр бүлийнхээ соёлыг сэргээж, хүүхдээ олж авсан. Зан үйл ярьдаг, мэддэг ахмад үеийнхэн аль алинд нь байсан, түүнийгээ ашигласан хэрэг. Тэгээд эрх биш хүүхдээ олж авсан болов уу. Герман, Япон чинь техниктэй орхисоор хүүхдээ алдчихсан л хүмүүс юм билээ. Энэ явдал бидэнд сургамжтай гэж боддог.
Өнөөдрийн манай сургалт ч ялгаагүй, хүүхдийн хүмүүжлийг боловсролын байгууллагад нялзаах хандлагатай байна. Энэ буруу. Үндсэн хуульд “Хүүхдийг хүмүүжүүлж, төлөвшүүлэх асуудал нь эцэг эхийн үүрэг” гэж заасан байгаа. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ тулж ажиллахгүй, мөнгө төгрөг хөөцөлдөж яваад хүүхдийг эзэнгүй хаясан. Угтаа яах гэж ажлын 5 өдөртэй болгохыг хуульд заасан юм, эцэг эхчүүд нь хүүхдэдээ цаг гаргаг гэж л тэр шүү дээ.
Бүх өрх айлд хорио цээрийн ёс дэглэм, эрхэмлэх ёс байгаа. Хүнийг хүмүүжүүлдэг юм чинь ердөө энэ хоёр л юм. Гэр бүлийн төлөвшил хүүхдэд ялангуяа 4-5 нас хүртэл нь онцгой нөлөөлдөг.
-Ж.Самбуугийн “Малчин ардад өгөх зөвлөгөө” гэдэг ч юм уу, ер нь зан үйлийн номуудыг идэвхтэй цуглуулдаг шүү дээ, та. Шинэ үеийнхэн харин хуучинсаг үзэл санаа гээд энэ мэт номуудын дээгүүр нь алхаад л гарах юм?
-Тэндээс авах юм асар их бий. Одоо тэр нийгэм, цаг үе нь алга болж, өөрчлөгдсөн эсэх хамаагүй ээ, харин хаяхын аргагүй санаанууд бий. Тэдгээр санааг яаж орчин үежүүлж, хотжуулж авч үлдэх юм гэдэг их чухал. Жишээлбэл, өнөөгийн бүх хүнийг морь уна, гэрт амьдар, араг түшиж төр гэж хэлж болохгүй шүү дээ, хүлээж авах ч үгүй.
Уламжлал ямагт шинэчлэгдэн хадгалагдана. Яг байгаагаараа хадгалагдах бололцоогүй. Тухайлбал, монгол дээл хичнээн олон хувилбартай болж шинэчлэгдэж байгааг Цагаан сараар харж л байна шүү дээ бид, өнөө үед. Ингэж л үлдэнэ. Хүмүүс морь унах нь багассанаар хөдөөд эмээлийн тоо цөөрсөн, тэр хэмжээгээр хотод дурсгалын зориулалттай эмээлийн тоо олширсон. Юм гэдэг урлагжиж, хөнгөрч, шингэрч уламжлагддаг юм.
-Ярилцсанд баярлалаа.