UBLife Logo
Ярилцлага

Б.Нинжин: Үр дүнд суурилсан удирдлагын тогтолцоог Засгийн газрын бүх түвшинд бүтэц, үйл ажиллагаандаа бүрэн шингээх хэрэгтэй

Ub.life
Ub.life
Б.Нинжин: Үр дүнд суурилсан удирдлагын тогтолцоог Засгийн газрын бүх түвшинд бүтэц, үйл ажиллагаандаа бүрэн шингээх хэрэгтэй

Европын холбооны Төсвийн дэмжлэгийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол  Улсад Тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэтгэлийг дэмжих нь” төслийн менежер Б.Нинжинтэй ярилцлаа.

-Үр дүнд суурилсан нэгдсэн удирдлагын талаар бид хамгийн түрүүнд, хамгийн энгийнээр юу мэдэх хэрэгтэй вэ?

-Манай улсын жишээн дээр тайлбарлахад шат шатанд тулгамдаж буй асуудал, хэрэгцээг оновчтой байдлаар хөгжлийн бодлогод суулган, төсвийн болон нийтийн хязгаарлагдмал нөөцийг үр ашигтай хуваарилж, бодлогын хэрэгжилтийг хангахад төрийн албан хаагч нар нэгдмэл зохицуулалттайгаар ажиллах, зарцуулалтад үр дүнтэй хяналт тавих төрийн удирдлагын суурь хийгээд нэгдмэл арга барил гэж товчхоноор ойлгож болно.

-Энэхүү төслийг хэрэгжүүлж эхлэхээс өмнө нь судалгаа, шинжилгээ хийсэн үү. Манай улсын хувьд нөхцөл байдал ямар байв, ямар гараанаас энэ төсөл эхэлж байсан бэ?

-Судалгаа, шинжилгээ нь нотолгоонд суурилсан, аль нэг талыг хэт баримтлаагүй, бодитой шийдвэр гаргалтыг дэмждэг тул төслийн өмнө болон төслийн явцад өргөн хүрээтэй судалгаа, шинжилгээ хийсэн.

Төслийн баримт бичиг боловсруулах шатанд суурь судалгааны ажлууд хийгдсэн. Үүн дотор төрийн үйлчилгээг илүү иргэн төвтэй болгох, олон нийтийг хангалттай, зохистой мэдээллээр хангах замаар шийдвэр гаргалт, хэрэгжилт, хяналтад оролцох боломжийг бүрдүүлэх, нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих мэдээллийн урсгалыг бий болгох, нийгмийн тодорхой бүлгүүдэд чиглэсэн бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгцээ байна гэж үнэлсэн.

Нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтын чадавхыг бэхжүүлэх ажил нь төслийн нэг чухал хэсэг байсан тул төсөл хэрэгжилтийн явцад салбарын болон тогтолцооны шинжтэй нэлээдгүй судалгааг дотоодын болон олон улсын зөвлөхүүдтэй хамтран хийх замаар судалгааны арга зүй, чадавхыг бэхжүүлэх ажлууд хийгдсэн. Жишээ нь, хөдөлмөрийн салбарт бүхэлд нь бодлогын хэрэгжилтээс нь эхлэн, хөтөлбөрийн агуулга, үр дүнгийн үнэлгээ, нөхцөл байдлын шинжилгээ, төсвийн зардлын шинжилгээ, төсвийн хөтөлбөрийн зарцуулал, үр дүнгийн тайлан хийсэн нь бодлогын хөтөлбөрүүдийг шинэчлэх, бодлого төсвийн уялдааг хангах, бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэхэд эерэгээр нөлөөлсөн болов уу. Хөдөө аж ахуй, боловсрол, соёл зэрэг бусад салбаруудад хийгдсэн судалгааны тайлан, хэрэглэгдэхүүнүүдийг www.sdgbeproject.mn төслийн вебсайтаас үзэх боломжтой.

-Үр дүнд суурилсан нэгдсэн удирдлагыг бүрэн дүүрэн нэвтрүүлэхэд төрийн албадуудын уялдаа холбоо, мэргэжилтнүүдийн ур чадвар хамгийн чухал байсан болов уу. Энэ хүрээнд ямар өөрчлөлт, нэмэлт ажлуудыг хийсэн бэ?

-Тийм ээ, зохицуулалт, чадавхийг бэхжүүлэх нь чухал хэсгийн нэг байсан. Төрийн албан хаагч чиг үүргээ биелүүлэх эрх зүйн орчныг тодорхой болгох, мөн нэгдсэн ойлголт, дагаж мөрдөх удирдамж, аргачлал боловсруулах, чадавх бэхжүүлэх онол, практик хосолсон сургалтын арга хэмжээ хөтөлбөрүүдийг зохион байгуулж ажилласан. 2020-2024 онд жил бүр орон нутгийн болон салбар яам, түүний харьяа байгууллагын албан хаагчдын чадавх бэхжүүлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулсан. Давхардсан тоогоор 17000 албан хаагчтай чадавх бэхжүүлэх арга хэмжээгээр дамжуулан, арга аргачлалуудын практик хэрэглээг сайжруулах, улам боловсронгуй болгоход хамтран ажиллажээ.

Мөн өдөр тутмын ажилд төрийн албан хаагчийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд механик ажиллагааг бууруулах, мэдээлэл дамжуулах хурд болон бодитой байдлыг нэмэгдүүлэхэд мэдээллийн систем нэн чухал тул төсвийн хөтөлбөрийн систем болон хөтөлбөрийн зарцуулалт, үр дүнгийн тайлагналын системийг хөгжүүлэн, төрийн албаны үйл ажиллагаанд нэвтрээд байна.

Төрийн албаны уялдаа холбоог сайжруулахад Төрийн бүтээмжийн үндэсний хорооны дэргэд дэд ажлын хэсэг байгуулагдаж, салбар дундын уялдаа холбоог хангахад асуудал, шийдлийг хамтдаа хэлэлцэн тодорхойлж байсан нь тогтолцооны түвшинд бат бэх суурь тавих үндэс болж байсан.

-Төсөл хэрэгжүүлэхэд голлох оролцогч талууд нь хэн хэн байв. Мөн хамрагдсан хүмүүс, төрийн албан хаагчдын сэтгэгдэл, оролцоог та хэрхэн үнэлж байгаа вэ?

-Тогтолцооны шинжтэй шинэчлэлд шат шатны бүх оролцогч, албан хаагчийн үүрэг нэн чухал. Бид Засгийн газар (Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө, аж ахуйн яам, Боловсролын яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам), орон нутгийн засаг захиргааны нэгжүүд (21 аймаг, нийслэл), УИХ-ын Тамгын газар, Үндэсний аудитын газар, Олон улсын түншлэгч байгууллагууд (ЕХ, НҮБХХ, НҮБ ОУХБ, НҮБ ХХААБ), иргэний нийгэм (мэргэжлийн холбоод, ИНБ, залуучуудын сүлжээ, хэвлэл мэдээлэл), их дээд сургууль зэрэг олон талуудад хүрч ажилласан нь төслийг амжилттай хэрэгжүүлэх цөм нь байсан гэж үздэг. Ингэснээр хөдөлмөр эрхлэлтийн салбарт ард иргэдэд тулгамдаж буй асуудал хэрэгцээ, олон улсын хөгжлийн чиг хандлага зэрэг хөгжлийн олон асуудлыг шат шатны шийдвэр гаргах, хэрэгжүүлэх, хянах субьектүүдэд хүргэхэд дөхөм болсон.

Онцлон дурдахад, иргэний нийгмийн байгууллагууд болон залуучуудад чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн эрх зүйн орчин, хөдөө аж ахуйн салбарт шинэлэг бүтээгдэхүүний санаачлагын уралдаан, төсвийн хяналтад оролцох оролцоог бэхжүүлэх зэрэг цогц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр үр нөлөө илүү сайн гарсан.

-Төсөл хэрэгжүүлсэн 5 жилийн хугацааны хийгдсэн гол ажлууд, хамгийн том зорилтууд юу байсан бэ. Эдгээрийн үр дүнг хэрхэн хэмжиж, дүгнэж байв?

-Энэхүү төсөл нь төсөв, санхүүгийн удирдлагын шинэчлэл болон төрийн үйлчилгээг хүртээмжтэй, хариуцлагатай болгох замаар зохистой хөдөлмөрийг нэмэгдүүлэх зорилготой ажилласан. Ингэхийн тулд бодлого төсвийн уялдааг хангах, төсвийн хяналт, ил тод байдлыг бэхжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн бодлого, зохицуулалтыг сайжруулах, хөдөлмөрийн зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх гэсэн 4 гол бүрэлдэхүүн хэсэгтэйгээр хэрэгжсэн. Тиймээс ч сая дурдсан хүрээндээ эрх зүйн орчны шинэчлэл, загвар аргачлал боловсруулалт, чадавх бэхжүүлэх арга хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр туршилт, нэвтрүүлэлт, систем хөгжүүлэлт зэрэг олон ажлуудыг хийсэн.

-Төслийн хүрэх үр дүн ерөнхий мэт боловч хэрэгжиж дууссанаар хүртэх өгөөж нь хүн нэг бүрт хамаатай санагдаж байна. Томоос жижиг хүртэл ямар өөрчлөлтүүд гарсан талаар мэдээлэл өгнө үү?

-2023, 2024 онуудад бодлого, төсвийн уялдааг хангах эрх зүйн орчин илүү тодорхой болж, хөгжлийн бодлого төлөвлөлтийг төсөвтэй уялдуулахад үр дүнд суурилсан арга барилыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд төрийн удирдлагын гүйцэтгэл, тайлагнал, хяналтын үйл ажиллагаатай уялдуулсан цогц хандлагыг нэвтрүүлсэн. Мөн төсөвт хяналт тавихад олон нийтийн оролцоог хангах  эрх зүйн орчны шинэчлэл хийгдэж, их, дээд сургууль, хэвлэл мэдээлэл, залуучуудын оролцоог хангах сайн туршлагуудыг амжилттай нэвтрүүлсэн. Үүнээс гадна, хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, үр дүнтэй туршлагуудыг нэвтрүүлсэн.

Мөн хөгжлийн бодлого, төсвийн уялдааг хангах чиглэлээр хэд хэдэн чухал ахиц дэвшил гарсаныг дурдах хэрэгтэй. Юуны өмнө, хөтөлбөрийн төсөв боловсруулах, тайлагнах үйл явцыг цахимжуулах системийг шинээр бий болгож, анхны тайлангуудыг олон нийтэд ил тод нийтэлсэн нь төсвийн ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэхэд чухал алхам боллоо. Төрийн аудитын байгууллага тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг үнэлэх аргачлалыг нутагшуулж, хөгжлийн бодлогын гүйцэтгэлийн аудитын үйл ажиллагаанд амжилттай нэвтрүүлсэн. Энэ нь бодлогын хэрэгжилтийг илүү үр дүнтэй хянах, үнэлэх боломжийг бүрдүүлж байгаа.

Түүнчлэн орон нутгийн нөхцөл байдлын судалгаанд үндэслэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийг шинэчилж, төсөвтэй уялдуулан хэрэгжүүлж эхэлсэн. Үүний хүрээнд үйлчлүүлэгч төвтэй хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний шинэ загварыг нэвтрүүлсэн нь иргэдэд илүү хүртээмжтэй, үр дүнтэй үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор гурван төрлийн мэргэжлээр сургалтын хөтөлбөр боловсруулж, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвд хэрэгжүүлж эхэллээ. Одоогоор 27 оюутан төгсөж, 46 суралцагч сургалтад хамрагдаж байгаа. 2024 онд зохион байгуулсан “Хүртээмжтэй хөдөлмөрийн өдөрлөг”-өөр 46 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөрт зуучилж, тэднээс 8 нь тогтвортой ажлын байранд орсон нь энэхүү арга хэмжээний бодит үр дүнг харуулж байна.Түүнчлэн, Баянчандмань дахь Политехник коллежид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Цахим үйлчилгээний ажилтан” мэргэжлийн ангийг 2023/2024 оны хичээлийн жилд шинээр нээж, сургалтын тоног төхөөрөмж, анги танхимыг бүрэн тохижуулсан. Энэ сургалтыг Сэргээн засах, сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран хэрэгжүүлж буй менторшип хөтөлбөрөөр дэмжиж байгаа нь суралцагчдын ур чадварыг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж байна.

Мөн энтрепренершип ба инновацын чиглэлээр чадамжид суурилсан сургалтын  хөтөлбөр боловсруулан, таван мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад нэвтрүүлсэн. Суралцагчдын дунд тэтгэлэгт хөтөлбөр зарлаж, тэдний боловсруулсан загвар бүтээлүүдийг дэмжсэн нь шинэ санаачилга, бүтээлч байдлыг дэмжихэд чухал хувь нэмэр оруулсан болов уу.

Эдгээр үр дүнд хүрэхэд төрийн албан хаагчдын идэвх санаачлага, оролцоо тэргүүлэх үүрэгтэй байсан гэдгийг онцлох нь зүйтэй.

-Төсөл хэрэгжиж дууссан ч гэсэн манай улсын хувьд цаашид юуг илүү анхаарах хэрэгтэй вэ?

-Төсөл хэрэгжиж дууссан ч гэсэн манай улсын хувьд цаашид тогтвортой хөгжлийг хангах, бодлогын хэрэгжилтийг үр дүнтэй үргэлжлүүлэхийн тулд дараах чиглэлүүдэд илүү анхаарах шаардлагатай байна.

Юуны өмнө, нэгдсэн мэдээллийн системийг хөгжүүлэх нь бодлого төлөвлөлт, төсөвлөлт, гүйцэтгэлийн уялдаа холбоог хангах, шийдвэр гаргалтыг нотолгоонд суурилсан болгоход чухал ач холбогдолтой. Үүнийг дагаад бодлогын үр дүн, гүйцэтгэлийг хэмжих шалгуур үзүүлэлтийн санг бүрдүүлж, түүнийг тогтмол шинэчлэх механизмыг бий болгох нь бодлогын хэрэгжилтийг үнэлэх, сайжруулах үндэс суурь болно.

Мөн төрийн байгууллагуудын чадавхыг тасралтгүй бэхжүүлэх, хүний нөөцийн хөгжлийг дэмжих нь шинэчлэлүүдийг тогтвортой үргэлжлүүлэхэд зайлшгүй шаардлагатай. Үүнтэй уялдуулан, Засгийн газрын бүх түвшинд үр дүнд суурилсан удирдлагын тогтолцоог институциулах буюу байгууллагын соёл, бүтэц, үйл ажиллагаанд бүрэн шингээх хэрэгтэй.

Эдгээр шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд улс төрийн тууштай байдал, манлайллын дэмжлэгийг хадгалах нь чухал бөгөөд бодлогын залгамж чанарыг хангах үндэс болдог нь олон улсын туршлага сургамжид ч мөн дурдагдагсан байдаг.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Б.Баярмаа: Хэвлэл мэдээллийн эрх зүйн зохицуулалтаар хэвлэлд хэтэрхий их үүрэг, хариуцлага оноосон

Б.Баярмаа: Хэвлэл мэдээллийн эрх зүйн зохицуулалтаар хэвлэлд хэтэрхий их үүрэг, хариуцлага оноосон

Харанхуйгаар олонхыг дагах юм бол сенсац хөөсөн, төлбөртэй мэдээллийн асуудал үүснэ, харин үүнийг сэтгүүлч, редакц өөрөө нийгмийн өмнө хариуцлагатай байх замаар шийдэж болно.

Б.Болор-Эрдэнэ: Интернетгүйгээр дэлхийг төсөөлж чадахаа больсон шиг ирээдүйг хиймэл оюунгүйгээр төсөөлөх боломжгүй

Б.Болор-Эрдэнэ: Интернетгүйгээр дэлхийг төсөөлж чадахаа больсон шиг ирээдүйг хиймэл оюунгүйгээр төсөөлөх боломжгүй

Дэлхий даяар хиймэл оюуны салбар хурдацтай хөгжиж буй энэ цаг үед хамгийн эрэлттэй, сурах хэрэгтэй ур чадваруудын нэг болоод буй. Тиймээс Б.Болор-Эрдэнэ хиймэл оюуны боловсролыг хүртээмжтэй болгох зорилгоор дэлхийн шилдэг их, дээд сургуулиудыг дүүргэсэн мэргэжилтнүүдийн хамт “AI Academy Asia”-г үүсгэн байгуулаад байна.

‘’Authentic Mongolia’’ номын зохиолч Ц.Дөлгөөн: Эх орноо би хайрын линзээр хардаг

‘’Authentic Mongolia’’ номын зохиолч Ц.Дөлгөөн: Эх орноо би хайрын линзээр хардаг

Ц.Дөлгөөн эх орноо гадаад дотоодын жуулчдад таниулан танилцуулах ажлыг хийгээд 16 жил болжээ. Тэрбээр амин хайртай Монгол орныхоо эгэл сайхныг элдэв өнгө будаггүйгээр, өөрийн оюун бодол, ухаарлаа шингээсэн ‘’Жинхэнэ Монгол’’ номоо англи хэлээр бичсэн юм