Ираны чөлөөт бөхийн ирээдүйтэй залуу, шинэ од Амирреза Масуми иргэншлээ сольж, Армены төлөө барилдах болсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл 20 настай залуу бөхөд өөр улсаас ч урилга ирээд байгаа ажээ.
Ираны Varzesh3 сайт түүний аав Фардин Масумитай холбогдож, энэ талаар тодруулсан байна. Фардин залуудаа Ираны шигшээ багт барилдаж байсан билээ. Тэрээр хүү нь иргэншлээ солих гэж байгааг баталсан ч эцсийн шийдвэр гараагүй байгаа гэжээ.
“Одоогийн байдлаар бид тодорхой зүйл хэлж чадахгүй байна. Армениас гадна өөр хоёр улсаас маш сайн санал ирсэн байгаа. Амирреза бид хоёр бүх хувилбарыг нухацтай хэлэлцэж байж, шийдэх болно” Фардин Масуми
Зарим хэвлэлийн мэдээгээр Азербайжан улс Масумиг авах өрсөлдөөнд ороод байгаа гэнэ.

Авьяаслаг залуу, шинэ од яагаад иргэншлээ солих гээд байгаа билээ?
Өсвөр, залуучуудын түвшинд дэлхийн бараг бүх шагналыг авсан ч тэр Ираны насанд хүрэгчдийн шигшээ багт орж чадахгүй байгаа. Түүний жинд олимпын мөнгө, хүрэл медальт, дэлхийн хошой аварга Амир Хоссейн Заре бий. Заре 24 настай гэхээр энэ жиндээ удаан ноёрхох нь гарцаагүй. Харин Масуми 2028 оны олимпод оролцох мөрөөдөлтэй.
Мэдээж 2028 оны хүртэл зай байгаа тул Заретэй өрсөлдөөд, үзэлцээд байж болно. Гэвч саяхан болсон Тахти цомын тэмцээний финалд Масуми тун сэжигтэй, будилаантай шүүлтээр ялагдсаны дараа байдал хурцадсан. Амирезза Масумигийн тэсвэр алдагдсан бололтой. Бүгд Зарегийн талд ороод байх юм бол хэзээ ч олимпод орохгүй нь гэж бодоод иргэншлээ солихоор шийдсэн байх магадлал өндөр.
Тэмцээний дараа Ираны шигшээ багийн цугларалтад Масумиг дуудсан ч тэр очсонгүй. Харин Ереванд очиж, Армены бөхийн холбоотой хэлэлцээ хийж байлаа. Өөр улсын шигшээ багт барилдахын тулд түүнд Ираны бөхийн холбооны албан ёсны зөвшөөрөл хэрэгтэй. Хэрэв Ираны бөхийн холбоо татгалзвал ДБНХ-ны дүрэм ёсоор 2-3 жил барилдахгүй байж байгаад шинэ орныхоо төлөө зодоглох эрхтэй болно. 2028 оны олимпоос өмнө амжих эсэх, тэмцээн уралдаанд орохгүй, шууд олимпод орох уу гээд асуудал их. Учир нь Ираны бөхийн холбоо шинэ одоо тийм амар тавиад явуулчихгүй нь тодорхой.